Үндсэн сургалт

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна

2015-02-12 13:46
Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна

Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС), Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), Боловсролын үнэлгээний төв (БҮТ) хамтран “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамир, БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа, Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа нар оролцож, үг хэллээ.

mat 2

 

mat 1

 

Эрдэм шинжилгээний энэхүү хуралд МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, БМДИ, БҮТ, МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Боловсролын хүрээлэн, “Гурван эрдэнэ”  дээд сургууль, “Зохиомж” дээд сургууль, “Дорнод” дээд сургууль,  нийслэл болон хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн математик, байгалийн ухааны багш, судлаач 120 хүн оролцож байна.

Хурлыг нэгдсэн хуралдаан, “Математик, байгалийн ухааны багшийн тулгамдсан асуудал,  шийдэл, арга зам”, “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам”, “Математик, байгалийн ухааны боловсролын үнэлгээний тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” гэсэн гурван салбар хуралдаантайгаар  МУБИС-ийн хичээлийн 3 дугаар байранд зохион байгуулна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний дөрвөн хуралдаанаар математик,  байгалийн ухааныг судлах, суралцах, багшлахад манай орны цэцэрлэгийн багшаас их сургуулийн профессор хүртэлх бүхий л төвшний багш нарт тулгарч буй бодит асуудлыг олж дэвшүүлсэн, тэдгээрийн шийдлийн үндэслэл, хувилбарыг боловсруулсан, математик, байгалийн ухааны боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх арга замыг олохыг эрэлхийлсэн нийт 78 илтгэлийг сонгон авч хэлэлцэн, эмхтгэж олны хүртээл болгон хурлын өмнө хэвлэснээрээ онцлогтой.

mat3

 

mat4

 

Энэхүү хурлыг төлөвлөх, зохион байгуулах, мэдээлэл түгээх, илтгэл хүлээж авах, илтгэгчид эргэн мэдээлэх, урилга түгээх, урих зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулахдаа аль болох “эко, ногоон” байх үзэл хандлагыг баримталж,  цаасыг бага ашиглаж цахимыг их хэрэглэхийг эрхэмлэн ажилласан байна.  Ингэхдээ оролцогч байгууллагын сайтуудын зэрэгцээ  нийгмийн сүлжээний боломжийг өргөн ашиглаж  http://didacticsconference.blogspot.com блогийг хуралд зориулан нээж идэвхтэй ажиллуулан илтгэл постеруудыг хүлээн авсан байна.

Судалгааны үр дүн, илтгэл хэлэлцүүлэх явцад гарсан санал, зөвлөгөөг үндэслэн БСШУЯ болон холбогдох бусад байгууллагад математик, байгалийн ухааны боловсрол, дидактикийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж гарган хүргүүллээ.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019