Үндсэн сургалт

Байрны багш нар 9 сарын турш дотуур байрны хүүхдийг хамгаалж, дэмжиж, чиглүүлж ажилладаг

2014-06-13 15:49
Байрны багш нар 9 сарын турш дотуур байрны хүүхдийг хамгаалж, дэмжиж, чиглүүлж ажилладаг

Дотуур байрны  дулааны хэвийн биш нөхцөлд хүүхдүүд даарч, зутарч амьдардаг

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/ -ээс Зүүн ба төвийн бүсийн ЕБС-ийн дотуур байрны багш нарт зориулсан “Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Уг сургалт нь ЕБС-ийн дотуур байрны багшийн ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд бүрийн нас, сэтгэл зүйн онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлэх, хүүхдэд ээлтэй сургуулийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой.

Монгол улсын хэмжээнд 512 дотуур байранд 578 багш ажиллаж байна. Нийт 40 мянган хүүхэд амьдрахаар бүртгүүлсэн ч байрны хүрэлцээгүйгээс одоогийн байдлаар 36 мянган хүүхэд амьдардаг байна. Үүнээс 32 мянга нь малчин өрхийн хүүхдүүд юм. Харин үлдсэн 4000 хүүхэд танил тал, хамаатан садныдаа амьдардаг аж.

БМДИ-ийн сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багшийн сургалт хариуцсан арга зүйч Н.Болормаа хэлэхдээ, “Дотуур байрны багш нар хичээлийн бүтэн жил буюу 9 сар 260 хоногийн хугацаанд өөртөө хариуцлага хүлээж, дотуур байрны хүүхдийг хамгаалж, дэмжиж, чиглүүлж ажилладаг. Дотуур байранд хүндрэлтэй бэрхшээл нэлээд бий. Хөдөө орон нутаг, сумдын дотуур байрны орчин нөхцөл, материаллаг ахуй хангамж нийслэлтэй харьцуулахад харилцан адилгүй байдаг. Нийт дотуур байрны 30 орчим хувь нь дулааны хэвийн нөхцөлд биш, хүүхдүүд даарч бээрсэн орчинд амьдардаг. Мөн дотуур байрны хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 2315 төгрөгөөр тусгасан байдаг. Гэтэл энэ мөнгөөр өнөөдөр нэг таваг хоол авч идэж чадахгүй шүү дээ. Хөдөө орон нутагт дотуур байрны хүрэлцээ хангамж муугаас айлын хашаанд гэр барьж, дүү нараа харж, өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэж амьдардаг хүүхдүүд олон. Энэ нь хүүхдийг хараа хяналтгүй байдалд орхиход хүргэж байна” гэв.

Энэ удаагийн сургалтын агуулгад “Дотуур байрны хүүхдийн хөгжил, авьяас чадварыг нээн илрүүлэх боломж”, “Дотуур байрны орчны эрүүл ахуй”, “Дотуур байрны хүүхдийн хамгаалагдах эрх”, “Орон нутгийн сайн туршлага”, “Хүүхдийн сөрөг зан үйлийг эерэг болгох аргууд” зэрэг дотуур байрны багш нарын хэрэгцээнд нийцсэн сэдвүүд багтжээ.

Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн дотуур байрны багш  Ж. Дэнсмаа,  “Гэрээсээ хол байгаа хүүхдүүдэд ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болж 10 дахь жилдээ дотуур байрны багшаар ажиллалаа. Бүх насны хүүхэдтэй ажилладаг учраас ажлын ачаалал ихтэй. Манай сургуулийн хувьд хуучин сургууль байсан зориулалтын бус дотуур байранд 52 хүүхэд амьдардаг. Бусад багш нараасаа харилцан туршлага солилцож, санал бодлоо хуваалцсан үр дүнтэй сургалт болж байна” гэв. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн сэтгэлзүй, үйлчилгээний орчинд багш нарыг чадваржуулах, дадлагажуулах ач холбогдолтой энэхүү сургалтыг цаашид жил бүр зохион байгуулж байвал үр дүнтэйг багш нар хэлж байв.

Энэхүү сургалтаар хөдөө орон нутгийн дотуур байрны багш нарын дэвшүүлсэн саналыг нэгтгэж дээд байгууллагад уламжлах юм. Сургалтад зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий болон төвийн бүсийн Орхон, Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар хотын дотуур байрны 115 багш оролцож байна. Сургалт 06-р сарын 13-ны өдөр өндөрлөнө.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019