Үндсэн сургалт

Өөрөө өөртөө нээлт хийсэн сургалт боллоо

2014-06-12 17:53
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн орос хэлний 5, 6, 10, 11 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт 6-р сарын 03-12 хооронд болж өндөрлөлөө.

ЕБС-д 5, 6, 10, 11 дэх жилдээ ажиллаж байгаа орос хэлний багш нарын  мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 2014 оын 06 сарын 03-12-ны хооронд  Багшийн хөгжлийн ордон дээр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Улаанбаатар, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн 60 багш хамрагдсан юм. БМДИ-ээс зохион байгуулсан тус сургалтын гол зорилго нь сургалтанд хамрагдаж байгаа багшид ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах орос хэлний мэдлэг ур чадварын төвшинг ахиулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн байна.

-Би тав дахь жилдээ орос хэлний багшаар ажиллаж байна. Сургалт маш өргөн цар хүрээтэй, олон талын мэдээлэл багтаасан сайхан сургалт боллоо. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Ялангуяа ОХУ-ын Зүүн Сибирийн Улсын Боловсролын Академийн багш Ирина Владимировна Бойко, Людмила Семеновна Лапшина нарт маш их баярлаж байгаагаа нийт сургалтад хамрагдсан багш нарынхаа өмнөөс хэлмээр байна. Мөн цахим сургалтаар хэрэглээний олон программыг ашиглаж сурлаа. Мөн хичээл заах явцад хүүхдүүдэд үгийн сангаа нэмэгдүүлэх, эсвэл дүрмээ түлхүү заах уу, эсвэл эдгээрийг хэрхэн хослуулах вэ гэдэг асуудал байнга тулгардаг. Тэгвэл бид өдөр тутмын харилцаагаа ашиглаж ямар их мэдлэгийг нэмэгдүүлж болохыг ойлгож авлаа. Энэ сургалтаар бид өөрөө өөртөө нээлт хийсэн гэж хэлж болно гэсэн юм.

     Харин Дорнод аймгийн 6-р сургуулийн орос хэлний багш н.Оюунтунгалаг хэлэхдээ: “Би 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ сургалт орос хэл дээр явагдсан болохоор бидний ярианы чадвар, мөн дүрмийн мэдлэг сэргэлээ. Мөн түргэн хэллэг, хэлц үгийг хэрхэн сургалтандаа хэрэглэх гэх мэт олон зүйлийг заалаа. Үүнд бид их баяртай байна” хэмээлээ.

     Тус сургалтын онцлог бөгөөд давуу тал нь БМДИ, ОХУ-ын Зүүн Сибирийн Улсын Боловсролын Академи хоорондын гэрээний дагуу тус академийн багш нар  хүрэлцэн ирж хичээл заасан явдал юм.  Мөн сургалтын төгсгөлд өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай 220 гаруй орос хэлний багш нарт мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг амжилттай зохион байгуулсан ажлыг өндрөөр үнэлж ОХУ-ын Зүүн Сибирийн Улсын Боловсролын Академийн багш Ирина Владимировна Бойког БШУЯ-ны хүндэт жуух бичгээр шагнасан юм.

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019