ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

Тусгай хэрэгцээт боловсролын цэцэрлэг, сургуулийн туслах багш нар мэргэжлээ дээшлүүлж байна

2018-04-17 18:49

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зүгээс улсын хэмжээний тусгай хэрэгцээт боловсролын 8 байгууллагын багш, ажилтны мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарч энэ жил нийт 433 багш, ажилтныг сургалтад хамруулахаар төлөвлөсөн.

Энэхүү ажлын нэг хэсэг болох тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн туслах багш нарын сургалт энэ дөрөвдүгээр сард зохион байгуулж байна. Эхний ээлжинд тусгай сургуулийн  75 туслах багш, 4-р сарын 9-11-ны өдрүүдэд сургалтад хамрагдсан бол, хоёрдугаар ээлжийн тусгай цэцэрлэгийн  25 туслах багшийн сургалт 16-ны өдрөөс эхлээд байна. Туслах багшийн ажлын чиг үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нөхөн сэргээх, засан сайжруулах тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн ёс зүй харилцаа, мэдээллийн технологийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой мэргэжил дээшлүүлэх сургалтыг хоёр ээлжээр зохион байгуулж байна. Сургалтыг БМДИ-ийн Тусгай хэрэгцээт боловсролын сургалт хариуцсан арга зүйч Ч.Жаргал хариуцан зохион байгуулж байна. Мөн тусгай хэрэгцээт боловсролын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай бид хамтран ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн тусгай хэрэгцээт 186-р цэцэрлэгийн туслах багш Э. Номинцэцэг:

-Би тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байна. Хоёр жилийн өмнө би мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан сургалтад хамрагдаж байсан. Сургалтын гол агуулга бол тусгай хүүхэдтэй багш хүн хэрхэн ажиллах ёстой вэ, тэдний онцлог юу вэ гэдэг дээр мэргэжил арга зүйн чиглэл авч байна. Тусгай хүүхэдтэй ажиллана гэдэг өөрөө нэлээн ур чадвар шаарддаг ажил, гэтэл бидний ажлын нөхцөл, үнэлэмж ердийн хүүхэдтэй ажилладаг багш нарынхаас муу байдгийг хэлэхгүй байж болохгүй байх. Бид хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Тухайн хүүхдийн сурч боловсрох хэрэгцээг хангахаас гадна асаргаа сувилгааны ажлыг хийдэг. Манай цэцэрлэгийн хувьд нэг бүлэгт гурван багш байна. Бүлгийн багш нэг, туслах багш хоёр байна. Энэ жилээс манай цэцэрлэг БСШУСЯ-ны харьяа тусгай хэрэгцээт боловсролын байгууллага болсонтой холбоотойгоор бүлэгт  20 хүүхэд явж байна. Гэхдээ ар гэрийн асуудлууд гэр хол зөөх хүнгүй зэргээс болоод хүүхдүүд маань бүрэн хамрагдахгүй л байна. Манайхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ил гаргахгүй, нуугдмал байдлаар өсгөх хандлагатай байдаг. Гэтэл энэ нь хүүхдийн нийгэмших үйл явцад сөргөөр нөлөөлдөг.

Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүн болохоор хүний эрхийг эдлэх эрхтэй.  Харин ч төр засгаас болон нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ илүү анхаарч, тэгш хамруулан сургах ёстой. Боловсролыг нь дэмжиж өгвөл нийгэмших чадвартай хүмүүс шүү дээ.

Надад яг нарийн судалгаа байхгүй ч гэсэн тусгай хэрэгцээт боловсролд ажиллаж байгаа хүний хувьд  хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо өсч байгаа санагддаг. Нэг айлын хоёр ихэр хүүхэд харааны бэрхшээлтэй байх зэрэг тохиолдол байна.

Эцэст нь хэлэхэд, тусгай хэрэгцээт боловсролын багш нарт зориулсан энэ төрлийн сургалтын давтамжийг илүү олон болгож өгвөл бидэнд мэргэжил арга зүйн том дэмжлэг болно гэж хэлмээр байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018