Үндсэн сургалт

Увс аймгийн Ховд сумын ЕБС-ийн багш Б.Эрдэнэчулуун: Мэргэжил дээшлүүлэх сургалт улам чанаржиж байна

2018-04-12 16:56

Увс аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Б.Эрдэнэчулуунтай завсарлагааны үеэр уулзаж ярилцлаа. 

-Та мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтдаа холоос зорин иржээ. Ямар хүлээлттэй бас мэргэжил арга зүйн хувьд ямар зүйлийг сурах төлөвлөгөөтэй ирсэн бэ?

- Үндсэн сургалтдаа  хоёрдахь өдрөө сууж байна. Сургалтын өмнө онлайн сургалтад хамрагдсан. Тэнд өгөгдсөн зарим нэг даалгавруудыг дэлгэрүүлж гүнзгийрүүлж сурах зорилготой байсан. Танхимын өмнөх онлайн сургалтад бидний хичээлд маш их хэрэг болдог компьютерийн программуудтай даалгавар өгөгдсөн байсан нь сонирхол татсан.

-Өнөөдөр жишээ нь ямар ямар агуулга сэдвийн хичээлүүд орсон бэ? Сургалтын орчин нөхцөл ямар байна? Ядарч байна уу?

-Математикийн хүндэрсэн шатны бодлогуудыг бодох аргачлал, мөн багшийн хөгжлийн талаар хичээлүүд орлоо. Зохион байгуулалтын хувьд маш нийцтэй байна. Өглөө 9-д цагтаа эхлээд одоо 17.30 цагт дуусна.

-Та эхний жилдээ ажиллаж буй багш нарын сургалтад хамрагдаж байсан уу? Тэр үеийн сургалттай харьцуулахад өөрчлөлт гарч уу?

- Хамрагдаж байсан. Тэр үед арав хоногийн танхимын сургалттай байсан. Нэлээн урт санагдаж байсан. Одоо хугацаа богиноссон байна. Бас сургалт илүү чанаржсан санагдлаа.

- Дунд сургуулийн математикийн багшид хамгийн хэрэгцээтэй ямар агуулгууд хамгийн хэрэгцээтэй байдаг вэ?

-Одоо цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотой мэдээллүүд, мөн шинээр магадлан статистикийн агуулгууд миний хувьд чухал байдаг. Дөнгөж сая Пүрэвдорж багш энэ талаар маш тодорхой тайлбарлаж мэдээлэл өглөө. Магадлан статистикийн агуулгууд ахлах ангид маш их хэрэг болдог. Мөн гарын авлага харж байхад гуравдахь өдрөөс олимпиадын бодлого бодох аргачлал орох юм билээ. Олзуурхаад л сууж байна.

-Та багш хүний хувьд ажлын байран дээрээ хэрхэн өөрийгөө хөгжүүлдэг вэ?

- Хөдөө орон нутагт тэр тусмаа суманд математикийн багш цөөхөн. Тийм учраас хөгжлийн төлөөх өрсөлдөөн, зөвлөн туслах дутмаг л даа. Харин сургалтын менежер маань багш нартайгаа сайн хамтарч ажилладаг. Мөн өөрөө хичээх хэрэгтэй л дээ.

Ярилцсанд баярлалаа 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018