Оны тэргүүний багш

Оны тэргүүний багш нар тодорлоо

2015-10-05 16:05
Өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр оны тэргүүний сургууль цэцэрлэг, багш нарт хүндэтгэл үзүүлж шагнал гардууллаа. “Оны тэргүүний багш”-ийг шалгаруулах ажлыг БМДИ зохион байгуулдаг дүрэмтэй. Энэ жил улсын хэмжээнд 11 багшийн материал ирсэн бөгөөд сүүлийн шалгаруулалтад гурван багш шигшигдэн шалгарсан. Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р сургуулийн бага ангийн багш О. Мөнхгэрэл, Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань Эрдэнэ” сургуулийн химийн багш Ц. Чимэдрэгзэн , Дорноговь аймгийн 2-р сургуулийн бага ангийн багш Б. Гансайхан нар “Оны тэргүүний багш” гэсэн хүндэт шагналын эзэд боллоо.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 05-ны энэ өдөр Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна. Энэ жил “Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийн хөгжүүлье” гэсэн уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байгаа юм. 2015 оны 5-дугаар сард Инчеон хотноо зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын чуулга уулзалтын үеэр “чадвартай, сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай, идэвх санаачлагатай, сайн цалин хангамжтай, сайн засаглалын системд ажилладаг багш нар”-ын чухлыг онцолсон бөгөөд Монгол улсын төрийн бодлого, боловсролын салбарын цаашдын зорилт ч энэхүү чиг хандлагатай нийцэж байгаа билээ.

onii ter1

2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэг, ЕБС-д нийт 35,7 мянган багш 750 гаруй мянган хүүхдийн ирээдүйн хөгжлийн төлөө өөрсдийн эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж байна.

onii ter3

Өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр оны тэргүүний сургууль цэцэрлэг, багш нарт хүндэтгэл үзүүлж шагнал гардууллаа. “Оны тэргүүний багш”-ийг шалгаруулах ажлыг БМДИ зохион байгуулдаг дүрэмтэй. Энэ жил улсын хэмжээнд 11 багшийн материал ирсэн бөгөөд сүүлийн шалгаруулалтад гурван багш шигшигдэн шалгарсан. Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р сургуулийн бага ангийн багш  О. Мөнхгэрэл, Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань Эрдэнэ” сургуулийн химийн багш Ц. Чимэдрэгзэн , Дорноговь аймгийн 2-р сургуулийн бага ангийн багш Б. Гансайхан нар “Оны тэргүүний багш” гэсэн хүндэт шагналын эзэд боллоо.

 ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2 ДУГААР СУРГУУЛИЙН  БАГА АНГИЙН БАГШ БУЯНТОГТОХЫН ГАНСАЙХАН                       

Б.Гансайхан 1974 онд төрсөн. Бага ангийн багш  мэргэжилтэй, “Тэргүүлэх багш” зэрэгтэй.  Боловсролын байгууллагад  23 жил ажиллахдаа зургаан удаа нэгдүгээр анги даан ажиллаж,  сурагчдыг хугацаанд нь уншиж, бичиж сургасан төдийгүй гуравдугаар анги, тавдугаар ангийг тус бүр хоёр удаа төгсгөсөн байна. Ажиллах хугацаандаа “Анги бол бидний сурч хөгжих хоёр дахь гэр” гэсэн уриатай, “Өөртөө итгэлтэй, өөриймсөг сэтгэлтэй, өрнүүн амжилттай зөв хүн болох” зорилготой сурагч бэлтгэхийг зорин ажиллаж иржээ. 

onii ter4

Даасан ангийнхаа сурагчдын сурлагын амжилт, чанарыг ахиулахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж, хүүхэд бүрийг сурах арга барил эзэмшсэн, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөртөө итгэлтэй болгон хөгжүүлэхэд анхаарч ажилладаг багш юм. Тэрээр сурагчдыг багаас нь хамтарч суралцдаг, багаар ажиллах чадвартай болгоход анхаарч, сурагч бүрийн ярих, сонсох, унших, бичих, сэтгэн бодох, зурж дүрслэх зэрэг чадварыг хөгжүүлэн ахиц амжилт гаргахын төлөө ажиллаж, тодорхой амжилтад хүрч байна. Түүний ангийн сурагчдын сурлагын амжилт улирал тутам ахицтай байдаг төдийгүй, хичээлийн жилд 100%-ийн амжилттай, 82%-ийн чанартай суралцсан байна.

 Сурагчдын төлөвшилд анхаарч, анги хамт олноороо мөрдөх долоон дэгийг мөрдлөг болгон хэвшүүлснээр сурагчид сургуулийн үйл ажиллагаанд дэг журамтай оролцох, аюулгүй байдлаа хангах, хичээлд бүрэн бэлтгэж сурах зэрэг зөв дадал хэвшлийг төлөвшүүлсэн байна. “Ном” хөтөлбөрийн хүрээнд ангийн сурагчид нь аймгийн номын сангийн байнгын уншигч болж, сургуулиас зохион байгуулсан “Тамхины эсрэг” шүлгийн уралдаан, “Алдаагүй бичигтэн анги”, “Цэвэр бичигтэн сурагч” шалгаруулах уралдаан, “Уран жиргээ” наадамд сурагчид нь эхний байруудад удаа дараа шалгарч, ноён хутагтын намтар, уран бүтээлийг судлан, зохиол бүтээлээс нь цээжлэн, уран уншиж сурсан байна. Мөн сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд онцгой анхаарч, тэднийг урлаг, спортын дугуйлан, секцэд бүрэн хамруулснаар  сургуулийн урлагийн үзлэг, орос дууны баяр, уран уншлагын тэмцээн, дүрийн тоглолт, спартакиад зэрэг уралдаан тэмцээнд эхний хоёр байрыг тогтмол эзэлдэг болжээ.

Хүүхэд нэг бүрийг гар урлалын чиглэлээр хөгжүүлэхэд анхааран ажиллаж, ангидаа авьяас хөгжүүлэх цагаар туузан урлалын дугуйлан хичээллүүлж, сурагч нэг бүрээр бүтээл хийлгэн, өөрөөрөө бахархах, өөртөө итгэх итгэлийг төрүүлэн  ажиллаж байна. Дугуйлангийн сурагчид нь нийт 325 бүтээл хийж “Хутагтын үр сад” сургуулийн тайлант арга хэмжээнд өөрийн гараар урласан  41 шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон байна. Багш, эцэг эх, сурагчдын дунд гэрээ байгуулж, эцэг эхийн өдөрлөг зохион явуулах, сурган-хүмүүжүүлэх хичээл заах, эцэг эхийн нэрэмжит түвшин тогтоох шалгалт авах зэргээр анги, сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулж, сурагчдын сурах, хөгжих нөхцөлийг бүрэн хангаж хамтран ажиллаж байгаа нь хүүхдийн хөгжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх болсноор эцэг эхийн талархлыг ихээхэн хүлээж, орон нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөршөөрөгдсөн тэргүүний багш болжээ.

Багш Б.Гансайхан нь өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, заах арга, ур чадвараа хөгжүүлэн,  туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлж, бусдаас суралцах талаар байнга анхааран ажиллаж 2008 онд “Ангийн номын сан”- READ төслийн сургагч багшаар 2 удаа, 2009, 2010 онд “Мэдээллийн технологийн сургалт”-ын сургагч  багшаар 4 удаа, 2014 онд Бага боловсролын “Цөм” хөтөлбөрийн Монгол хэлний багтай хамтран  орон нутгийн 120 гаруй багшид  4 удаагийн сургалтыг   зохион байгуулсан байна. Аймгийн БСГ-аас зохион байгуулсан “Зочин багш” хөтөлбөрт хамрагдаж, Айраг сумын сургуульд тав хоног ажиллаж, арга зүй, туршлагаа хуваалцжээ.

ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН  12 ДУГААР СУРГУУЛИЙН

 БАГА АНГИЙН БАГШ ОЧИРБАТЫН МӨНХГЭРЭЛ

О. Мөнхгэрэл нь 1974 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Бага ангийн багш-арга зүйч мэргэжилтэй, 20 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байгаа, мэргэжлийн “Тэргүүлэх багш”  зэрэгтэй. Боловсрол судлалын магистр.

onii ter2

Багш О.Мөнхгэрэл нь боловсролын салбарт 20 жил ажиллахдаа тавдугаар ангийг хоёр  удаа  төгсгөсөн.  Даасан ангийн сурагчдыг бүх талаар нь жигд хөгжүүлэхэд анхаарч, өөрийн заах арга, багшлах ур чадвараа байнга дээшлүүлэн, санаачилгатай ажилласны үр дүнд даасан ангиа 100 хувийн амжилт, 80-аас дээш хувийн чанартай сургаж иржээ. Сүүлийн хоёр жилд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, даасан ангийнхаа сурагчдын унших, бичих, чээжлэх, ярих, асуултад хариулах чадварыг ахиулан хөгжүүлж байна. Тухайлбал, 1а ангийн сурагчдын эзэмшсэн чадварын ахиц, амжилтыг графикаар  харуулбал:

Сурагч бүрийг хичээл, үйл ажиллагааны цагаар улирлын туршид судалсан. хийсэн зүйлээр нь бүтээлийн сантай болж, эцэг, эхчүүд багш нартаа тайлагнаж хэвшсэн бөгөөд энэ  нь сурагч бүр бие даан суралцах, өөрийн бүтээлээ бусдын хийсэнтэй харьцуулан дүгнэх, бусдаасаа суралцах, тайлбарлан ярих, санаа бодлоо илэрхийлэх, бүтээлч үйлд суралцахад нь дэмжлэг үзүүлсэн  үр дүнтэй ажил болжээ. Мөн сар бүр "Бид хамтдаа"  хүмүүжлийн ажлыг эцэг эхийн оролцоотойгоор зохион явуулдаг нь сурагчдад өөртөө итгэх итгэл,  би чадаж байна гэдэг урам хайрладаг үр дүнтэй ажил болжээ.

 Бага ангийн заах аргын нэгдлийн ахлагчаар дөрвөн удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд нэгж болон ээлжит хичээл төлөвлөх, судалгаат хичээл зохион байгуулах, хүүхэд оношлон судлах зэрэг ажилд арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Тус заах аргын нэгдлийн багш нар   2014 онд “Хичээлийг самбарын бичиглэлээр хөтлөх нь“ сэдэвт илтгэл бичиж, “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014” улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нь хоёрдугаар байрт шалгарсан байна.

Багш О. Мөнхгэрэл нь сүүлийн хоёр жилд ажлаа улирал бүрээр төлөвлөн, үр дүнг тооцож ажилласнаар хөндлөнгийн магадлан баталгаажуулалтын комиссоос 9 удаа 90-94%-тайгаар “А” үнэлгээтэй үнэлэгдэж байжээ.  Мөн даасан ангийн сурагчдын эцэг эхчүүдийн сэтгэл ханамжийн үнэлгээгээр “Сурагчдын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, тэднийг сайн сонсдог, ойлгодог, хүндэтгэн харилцдаг” гэж үнэлэгдсэн нь хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг, бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй багш болохыг харуулж байна. Мөн сургуулийн магадлан баталгаажуулах комиссын гишүүнээр ажиллаж, улирал болгон ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу багш нарын ажлыг үнэлж, зөвлөгөө, дүгнэлт өгч хамтран ажилласан.

Багш О. Мөнхгэрэл нь “Тусч бүлгэм”-ийн чиглүүлэгч багшаар  ажиллаж, сурагчдыг өндөр настан, тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулж, сурагчдад энэрэнгүй, тусч үзэл хандлага төлөвшүүлэхэд анхааран ажиллаж ирсэн төдийгүй МУЗН-ийн 6 дугаар зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцсон байна.

Тэрээр “Зун”, “Агаар” сэдвээр сургалтын хөтөлбөр, “Нутгийн ёс заншил”, “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр цахим сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсний дээр  “Суралцагчдын мэдлэг, чадвар, хөгжил, төлөвшлийг үнэлж, дүгнэх  дэвтэр”,  “Ертөнцийн гурав үгэн таавар” эмхтгэл боловсруулан багш нарын хүртээл болгожээ.

О.Мөнхгэрэл багш нь 2006 онд сургуулийн “Оны шилдэг багш”, 2010 онд сургуулийн “Мэргэжлийн аварга багш”, 2012 онд “Шилдэг анги удирдагч багш”, 2013 онд сургуулийн “Судлаач багш”, 2014 онд “Амжилтаараа манлайлагч багш” цомын эзэн,  2012 онд аймгийн бага боловсролын “Мэргэжлийн аварга багш” өргөмжлөл хүртсэн.

 ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН  “ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ” СУРГУУЛИЙН ХИМИЙН БАГШ ЦЭРЭНГИЙН ЧИМЭДРЭГЗЭН

Ц.Чимэдрэгзэн нь 1999 онд МУИС-ийг химич, химийн багш мэргэжлээр төгсөн, 16 дахь жилдээ ажиллаж байгаа тэргүүлэх зэрэгтэй, боловсрол судлалын магистр. Мэргэжлийн мэдлэг, заах арга эв дүй сайтай, үргэлж шинийг санаачлан, эрэл хайлт хийдэг хөдөлмөрч, багаар ажиллах чадвартай өөрийн мэддэг чаддаг зүйлээ бусдад түгээн дэлгэрүүлж  зөвлөн тусалдаг. Ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, шинэлэг санаа, туршлагыг ажилдаа байнга нэвтрүүлэн бүтээлчээр хэрэгжүүлж ажилладаг, багшийн ёс зүй, харилцааны соёлыг эрхэмлэдэг. Япон улсад “Хичээлийн судалгааны арга зүй”–ээр мэргэжил дээшлүүлсэн, баруун бүсийн сургагч багш.

Багшийн ажлын онцлог давуу талууд

Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх шинэ арга технологид суралцан, нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах арга барилыг сайн эзэмшин, бусдад түгээн дэлгэрүүлж байна. Өөрийн аймгийн төдийгүй баруун бүсийн мэргэжлийн  багш нар түүнтэй туршлага хуваалцдаг боллоо. 

onii ter5

Ц.Чимэдрэгзэн нь багш хүн судлаач байх ёстой гэдэг зарчим баримталж, багшийн олон талт ажилдаа маш нарийн тооцоо судалгаатай  ханддаг. Суралцагчдын нас  сэтгэхүйн онцлог, өмнөх төсөөлөл, алдааны шинжилгээний судалгааг даасан анги болон хичээл заадаг ангийн хүүхэд бүрийн онцлогт тохируулан үе шаттайгаар тооцон хөтөлбөрийг боловсруулснаар сургалтын үр дүн нь жилээс жилд дээшилж, суралцагчдын хөгжил төлөвшилд тодорхой ахиц амжилт гарч байна.

Хичээлийн судалгааг багшийн хөгжлийн гол гарц болгон авч хичээлийг төлөвлөхдөө, хэрэглэгдэхүүний сонголт, самбар ашиглалт, багшийн асуултын төлөвлөлтөнд анхаарснаар хүүхэд бүрт хүрэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь болдог төдийгүй хүүхдийг эмх цэгцтэй, цагийг үр дүнтэй бүтээлчээр ашигладаг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварт сургадаг. Химийн кабинетад хийгдэх графикт сорилыг микро химийн аргаар болон цахим туршилтын сангаар дамжуулан  хийж мэдлэг бүтээх үйлийг нь сорил туршилтын аргаар чиглүүлж ажилладаг.  Анги, бүлэг, нэгж хичээлээр эзэмшсэн байх чадваруудыг илрүүлэх шалгуурын дагуу боловсруулсан даалгавар, тестийн сан  бүрдүүлэн баяжуулж хэрэглэдэг.

Химийн хичээлийн агуулгын талаарх амьдрал практикт хэрэглэгддэг ахуйн мэдлэгээс нь химийн хэлд суралцуулахын тулд анхан шатны суурь боловсролоос нь  эхлэн сурагч бүртэй тулж, хамтарч ажиллаж үр дүнд хүрдэг. Түүний бүтээлч арга барил болох хүүхэд бүрт хүрч ажиллаж чаддаг нь бусад багш нарт үлгэр дуурайлал, туршлага болдог. Ээлжит хичээл бүрээр сурагчдыг хөгжүүлэхдээ хичээлийн элементүүдээс сэдэлжүүлэх шатыг голлон анхаарч  “Химийн бодисын шинж чанарын өөрчлөлт”-ийг харуулсан туршилтын бичлэг, сорил туршилтаар ахуйд хэрэглэгддэг энгийн зүйлийн учир шалтгааныг илрүүлэх асуултаар сэдэлжүүлждэг нь хүүхдийн хүсэл эрмэлзэл,сонирхлыг татаж чаддаг багшийн өвөрмөц арга барил юм.

Даасан ангийн суралцагчдыг зөв төлөвшил хандлагатай, бие даан бүтээлчээр суралцах чадвартай, хамт олонч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, шударга энэрэнгүй занг төлөвшүүлэхэд чиглүүлдэг. Ахлах ангийн суралцагчдын хувьд ангийн эцэг эхийн зөвлөлтэй хамтарч амьдрах чадварт суралцах, мэргэжил сонгох чиглэлээр хамтран ажилладаг.

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018