Багш солилцооны хөтөлбөр

Багш солилцоо-2017 хөтөлбөр хаалтын тайлан уулзалтаа зохион байгууллаа

2017-12-04 11:23

БНСУ болон Монгол улсын хооронд харилцан багш солилцдог үйл ажиллагаа зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжиж  байна. Энэхүү хөтөлбөрийг Солонгосын талаар APCIEU буюу Ази номхон далайн ойлголцлын боловсролын төв, Монголын талаас БСШУСЯ, БМДИ хариуцан хэрэгжүүлдэг билээ.

Солонгос багш нар 9 сард ирж 12 сард буцдаг, харин монгол багш нар хавар 3-6 сард Солонгост очдог уламжлал тогтоод байна. 2017 оны хөтөлбөрт хамрагдах 15 солонгос багш манай улсад 8 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 03 хүртэл ажиллаж амьдарч, боловсрол мэдлэгээ түгээлээ.  

Багш солилцоо-2017 хөтөлбөрийн хаалтын тайлан уулзалт 12 дугаар сарын 02-ны өдөр Багшийн хөгжлийн ордноо зохион байгуулагдаж APCIEU, БСШУСЯ, БМДИ-ийн албаны хүмүүс болон 15 багш тэдгээрийг хүлээн авсан сургуулийн төлөөллүүд оролцлоо. Багш нар Дархан-Уул, Орхон, Төв аймаг мөн Улаанбаатар хотын сургуулиуд дээр томилогдон ажилласан юм. Төв аймгийн 4-р сургуульд  Жан Гён Чол багш ганцаараа томилогдсон бөгөөд тэрбээр 3 сарын хугацаанд 5 монгол дуу сурч, 5 суманд томилолтоор ажилласнаар бахархаж байв. Мөн олон соёлт гэр бүлүүдтэй танилцаж, монгол хүнийг үнэн сэтгэлээсээ ойлгох болсон, нутагтаа очоод “Сайн байна уу Монгол” нэртэй дугуйлан сургууль дээрээ байгуулж монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх болно гэсэн юм. 

Багш солилцоо хөтөлбөрт тусгай боловсролын сургуулиуд тогтмол хамрагддаг юм. Энэ удаагийн солилцоогоор 63-р тусгай сургууль дээр ажилласан багш нар хүүхдийн оюуны хөгжил болон биеийн хөгжлийг дэмжихэд анхаарч хичээлээс гадуурх дугуйлан ажиллуулсан байна. Тодруулбал, Жу сан Рэ багш кендо буюу дорнын бие хамгаалах урлагийг хүүхдүүдэд зааж тусгай боловсрол шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах талын дэмжлэг үзүүлжээ.

Мөн Дархан-Уул аймгийн 15-р сургууль дээр ажилласан биеийн тамирын багш монгол болон Солонгос бөхийг харьцуулсан судалгаа хийсэн бол түүний хамтрагч дуу хөгжмийн багш Монголд байсан 3 сарын дурсамжаа шингээн морин хуур болон төгөлдөр хуур хосолсон аялгуу зохиосон зэрэг багш нар бүгд ганзага дүүрэн буцсан юм. Монгол Солонгосын сургалтын хөтөлбөр харилцан адилгүй байдгаас гадна, энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь глобал чадамжтай багшийг төлөвшүүлж, хүмүүс хоорондын ойлголцлын боловсролыг нэмэгдүүлэхэд оршдог. Гэсэн  хэдий ч багш хүн бол дэлхийн хаана ч багш л хэвээрээ байдаг бөгөөд монгол сургууль дээр ажиллах хугацаандаа монгол хүүхдүүдийг болон багш нартай танилцан дасаж “Монголын багш нар маш хичээнгүйлэн ажилладаг” хэмээж үнэлж байсан. Мөн “Хүүхэд сурах ёстой ч тоглох эрхтэй байдаг. Бага ангийн багш нар сургалтдаа хичээл тоглоом 2-ыг нэгтгэсэн байдлаар зохион байгуулбал илүү үр дүнтэй болов уу. Би хичээл дээр хүүхдүүдээр цаасан нугалбар хийлгүүлсэн. Гар хурууны хөгжлийг нь сайжруулах шаардлагатай санагдсан” гэх мэтээр нөхөрсөг зөвлөгөө ч өгч байсан юм.

Тайлангийн үеэр 63-р сургуулийн захирал н. Эрдэнэбаатар “Тусгай сургуулийн үйл ажиллагаа энгийн сургуулиас илүү хөдөлмөр шаарддаг. Цаашид ч энэхүү хөтөлбөрт тусгай сургуулийг чухалчлан тусгаж байхыг хүсэе. Бидэнтэй 3 сарын турш ажилласан Солонгос багш нартаа талархал илэрхийлье. Та бүхэн надад болон манай хамт олонд  хөдөлмөр соёлыг үлгэрлэж байсан шүү” хэмээсэн юм.

Ийнхүү 15 Солонгос багш Монгол оронтой, монгол хүүхдүүдтэй танилцан, бидний талаар бодит, үнэн зөв , эерэг нөхөрсөг сэтгэл өвөрлөн нутаг буцлаа.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018