Багш солилцооны хөтөлбөр

“БАГШ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР-2019 ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-03-05 17:06

             “Монгол-Солонгос багш солилцоо”-ны хөтөлбөр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй 7 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн 2012-2018 оны хооронд Монгол улсаас нийт 160 багш, БНСУ-аас нийт 139 багш тус хөтөлбөрт хамрагдан, харилцан туршлага судалжээ.   

            Энэ оны  “Багш солилцоо”-ны хөтөлбөрт  БНСУ-аас АПСЕЮ байгууллагын 2 төлөөлөгч, 9 Солонгос багш оролцохоор Монгол улсад ирээд байна. Өнөөдөр тус хөтөлбөрийн нээлт Багш хөгжлийн ордонд зохиогдсон бөгөөд Солонгос зочин багш нарт Монгол соёл, ёс заншлын талаар ойлголт өгөх, хөтөлбөрийн туршид Монголд ажиллаж, амьдрахад нь шаардлагатай зөвлөмжийг олгох, мөн хамтран ажиллах сургуулиудын удирдлагууд, зөвлөн туслах багш нартай танилцуулах, орчуулагч нарт хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөх зэрэг ажлыг БМДИ-ээс зохион байгууллаа. 

Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж байгаа Солонгос багш нар ХУД-ийн 118 сургууль, Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн 18 сургууль мөн Дархан сумын “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулиудад ажиллана.

  Харин Монгол талаас Солонгос улсад ажиллах багш нар 2019 оын 4 сарын 5 -нд Солонгос улсыг зорих бөгөөд нийт 12 багш хамрагдах юм.

 Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь 2013 оноос хойш тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг БСШУСЯ болон АПСЕЮ-тай хамтран хэрэгжүүлж ажилласаар ирлээ. Дашрамд дурдахад Солонгос улс нь Монгол улсаас гадна Филиппин, Вьетнам, Тайланд, Индонез, Малайз, Камбодж зэрэг улсуудтай хамран, багш солилцооны хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.

 2019 оны эхний “Багш солилцооны хөтөлбөр”  2019 оны 3 сарын 4 - 27-ны хооронд үргэлжлэх юм. Энэхүү хөтөлбөр хоёр улсын ард түмний харилцан ойлголцол нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа талаар нээлтийн үеэр АПСЕЮ-гийн төлөөлөгч Сунг Хон  онцоллоо.

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019