Төсөл хөтөлбөр

СӨБ-ын багш, удирдах ажилтны төлөөллүүд БНСУ-д туршлага судаллаа  

2017-11-15 17:13

БМДИ-ийн арга зүйч, БСУГ-ын мэргэжилтэн, 9 аймаг /Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс/, 3 дүүргийн /Баянгол, Баянзүрх, Хан-уул/ цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл 2017 оны 11-р сарын 6-наас 14-ны өдрүүдэд  Солонгос улсын сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтад хамрагдлаа.

    Солонгос улсын Буг-ин, Мёонжи ясли, Сон-у болон Чүншин, Чуан Их сургуулиудын харьяа  цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Солонгост төрийн болон төрийн бус өмчийн ясли, цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “эрүүл чийрэг, аз жаргалтай солонгос хүүхдийг төлөвшүүлэх” гэсэн тодорхой зорилгын төлөө үйл ажиллагаа нь чиглэгддэг юм байна. Төрийн өмчийн цэцэрлэг ажлын өдөр 07.30-19.30, бямба гаригт 07.30-15.30 цаг хүртэл ажилладаг. Хувийн цэцэрлэгүүдийн ажиллах хуваарь харилцан адилгүй бөгөөд амралтын өдөр болон жилийн турш буюу 365 хоног тасралтгүй хүүхдүүдээ хүлээн авдаг цэцэрлэг ч байдаг аж.

 

Цэцэрлэг нь сургалтын хөтөлбөрийн дагуу дараах хичээлүүдийг явуулдаг.

  • Хэл яриа
  • Хөгжим
  • Биеийн тамир
  • Байгальтай танилцах
  • Математик
  • Дүрслэх урлаг

Үндсэн сургалтаас гадна нэмэлт хөтөлбөрөөр Англи хэл, үндэсний хөгжим, спортын дугуйлан хичээллүүлдэг. Мөн хүүхдийн асаргаа, зөв дадал хүмүүжилд ихээхэн анзаарагддаг нь ажиглагдаж байсан. Мөн тус улсын Эрүүл мэндийн яам болон нийгмийн халамжийн яамдын харьяалалд цэцэрлэгүүд хамрагдах нь түгээмэл юм. Мөн хүүхдийн насны онцлогийг бүтэн жилээр нь биш сар сараар нь тухайлбал 2015 оны эхний гурван сард төрсөн хүүхдүүд, сүүлийн гурван сард төрсөн хүүхдүүд хөгжилийн хувьд харилцан адилгүй байдаг тул ангилан тус тусад нь хөтөлбөр боловсруулан хүүхдээ хөгжүүлдэг нь манай багш нарын сонирхлыг татаж байсан.

 

Туршлага судлахаар явсан багш болон удирдах ажилтнууд аяны богцоо шинэ санаа, урам зоригоор дүүргэн ирсэн бөгөөд ажил дээрээ, цэцэрлэгийн орчинд мөн хүүхэд багачууддаа сурган хүмүүжүүлэхэд мэдсэн сурсанаа хэрэгжүүлнэ хэмээж байсан юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018