Судалгаа, шинжилгээ

“Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт ЭШБХ зохион байгуулагдаж байна

2017-01-16 11:52
“Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт ЭШБХ зохион байгуулагдаж байна

МУБИС, МУИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв хамтран “Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үндэсний гурав дахь удаагийн энэ хуралд манай улсын их, дээд, дунд сургуулийн нийт 17 байгууллага, гадаад орны эрдэм шинжилгээний 2 байгууллагын төлөөлөл болох нийт 100 гаруй судлаачид оролцож (63 илтгэл (судалгааны өгүүлэл-31, хэлэлцүүлэг өгүүлэл-11, хураангуй-19)-ийг 2 өдрийн турш хэлэлцэнэ.

Eshh1

Дээрх 4 байгууллага хамтран 2015,2016 онуудад тодорхой сэдвийн хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байсан бөгөөд энэхүү уламжлалт эрдэм шинжилгээний хурал нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг үе шаттайгаар шинэчлэн боловсруулж, туршин хэрэгжүүлэх ажилд чухал дэмжлэг болж байна.

Энэ удаагийн ЭШХ нь боловсролд тулгарч буй сэтгэл зүйн асуудлыг тодорхойлох, шинжлэх, шийдэх арга замыг хайх зорилтын дор зохион байгуулагдаж байна. Монголчууд “хүний сэтгэлийг хурааваас бие нь хаа холдох вэ?” “хүний сэтгэлийг үл хөдөлгөвөөс хөнгөн бийр хөшихийн учир юун” гэж эртнээс үздэг, үр хойчдоо ч энэхүү үзлийг сургаж ирсэн. Хүний бие, оюун, сэтгэлийн шүтэн барилдлага, уялдаа холбооны талаарх монгол хүний зан үйл, итгэл, ухаарал нь эдүгээ цагийн тархи судлал, оюун судлал, сэтгэл судлалын бодит судалгааны ололтоор бодит мэдлэг болох нь улам л нотлогдсоор байна.

Eshh2

“Монголчууд бидний ахуй соёл, зан үйлд нэвт шингэсэн бие, оюун, сэтгэлийн нэгсэл, шүтэн барилдлагааг онож шинжиж бариваас хүнд бүх боловсролыг олгож түүнийг бүтэн хөгжилд хүргэж болно” хэмээн МУБИС-ын захирал доктор, профессор Д.Мөнхжаргал тус хурлын илтгэлийн эмхтгэлийн өмнөх үгэндээ бичжээ.

Үнэхээр ч боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал нь багш бүрийн өдөр тутмын багшлахуйн үйлд тулгарч байдаг асуудлууд юм. Хурлын хөтөлбөрт “Багшийн ажлын туршлагаас сурагчийн амжилт хамаарах нь”, “Бүх нийтийг хамарсан, чанартай боловсролын үзэл санааг хичээл дээр хэрэгжүүлэх сэтгэл зүйн үндэс” “Сошиэл харилцаагаар оюутныг сэдэлжүүлэх нь” гэх мэт сонирхолтой илтгэлүүд тавигдсан бөгөөд зохион байгуулагч байгууллага бүр гадны судлаачийг урьж оролцуулж байгаа нь мөн сонирхол татахуйц байна.

Eshh3

Боловсролын сэтгэлзүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам сэдэвт эрдэм шинжилгээний энэ хурал дэвшүүлж буй асуудлыг хэлэлцэж, үндэсний түвшинд хэрэглэгдэхүйц, олон улстай хуваалцахуйц шийдлийн хувилбарыг гаргаж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно гэдэгт хурал зохион байгуулагчид итгэлтэй байна.

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018