Судалгаа, шинжилгээ

PISA гэж юу вэ?

2018-06-11 17:34

Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр /PISA/

Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр буюу /PISA/ нь Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага OECD-гийн гишүүн орнуудын сурагчдын суурь боловсрол эзэмших чадварыг гурван жилд нэг удаа үнэлдэг систем юм.

Ерөнхий боловсрол буюу албан боловсролын төгсөлтийн үед авдаг PISA нь хүүхдүүдийн 15 нас хүртэл олж авсан мэдлэг, чадвар нь орчин үеийн нийгмийн амьдралын оролцоонд ямар ач холбогдолтой болох талаарх судалгаа юм.

Яагаад PISA шалгалтад орох ёстой вэ?

-       Иргэнд олгож байгаа боловсрол тухайн улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн гол түлхүүр байж чадаж байгаа эсэхийг тодорхойлох

-       Засгийн газар ба Боловсролын яам системийнхээ бүрэн оношлогоог хийж, салбарынхаа үр дүнтэй бодлого боловсруулах, системийг хэрхэн хурдацтайгаар хөгжүүлж болох гарцыг харах боломж олгодог.

-       PISA шалгалт өгснөөр Боловсролын салбарт хөрөнгө оруулалт болоод гарч буй үр дүн хаана явж байгааг, олон улсад ямар, мэдлэг, чадварыг чухалчилж байгаа зэргийг мэдэхэд бидэнд хэрэгтэй.

Эцэст нь бид “Монгол улсад олгож буй боловсрол дэлхийд хаана явж байна вэ” гэдгээ харах үүн дээр үндэслээд дараа дараагийн бодлого хэрэгжилтдээ анхаарах том боломжийг олж авах юм.

PISA юу юуг шалгадаг вэ?

-          Хүүхдүүдэд олгож буй мэдлэг чадвар орчин үеийн нийгмийн оролцоонд чухал зайлшгүй чухал хэрэгцээт чадварыг бий болгож буй эсэх

-          Тухайн орны түүх, соёл, уламжлалын залгамж байдлыг хангаж байгаа эсэх

-          Хүүхдүүд мэдлэгийг эргэн санахдаа гол биш амьдралын янз бүрийн нөхцөл байдалд асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд мэдлэг чадвараа шилжүүлэн ашиглах

-          Эдийн засагт мэдлэгийг эргэлтэд оруулах өөрөөр хэлбэл хүн сурч мэдсэнээ мэдэх биш хийх, амьдралд хэрэглэх чадварыг шалгадаг байна.

PISA-гийн үүсэл

Анх PISA-гийн судалгаа 1990-ээд оны үед боловсруулагдаж, дэлхий даяар 5 удаа судалгаа явуулсан байдаг. Хамгийн сүүлд 2015 онд судалгаа хийгдэж, 2016 онд дүнг нийтэлжээ. Судалгааг тодорхой хүрээнд хийдэг учраас суурь боловсролын түвшин, дүнг бүрэн илэрхийлэх боломжгүй. PISA-гийн судалгааг “Австралийн боловсролын судалгааны зөвлөл” боловсруулж хийдэг байна. 

PISA-гийн үр дүн

Финланд улс боловсролын салбар өндөр хөгжсөн гэдгээрээ 2000 оноос хойш PISA шалгалтын дүнгээр тэргүүлэх байруудыг эзэлдэг. Финландад хүүхдүүд 7 настайдаа сургуульд элсэн орж богино цагаар хичээллэдэг бөгөөд тэдэнд гэрийн даалгавар бага өгдөг, шалгалт цөөн  авдаг хэдий ч сургалтын чансаагаар дэлхийд дээгүүр ордог.

Финландын улсын сургуулиуд багш нарыг маш өндөр шалгуураар авч өөрийн арга барилаар хичээлээ заахыг зөвшөөрдөг бөгөөд шилдэг соён гэгээрүүлэгчтэй орон гэж тооцогдон тус улсын сургуулиуд жуулчид хамгийн ихээр очдог газрын нэг болжээ.

Харин Эдийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2015 онд явуулсан PISA –гийн шалгалтаар Сингапур улсын сурагчид математик, байгалийн ухаан, уншлагын чадвараараа дэлхийд тэргүүлсэн юм.

2015 оны PISA-гийн шалгалтад OECD-ийн гишүүн 35, гишүүн бус 37 нийт 72 орны сурагчид хамрагдсан байна. Чансааны жагсаалтыг доорх хүснэгтээс харна уу.

“Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, боловсролын салбарын захирал Andreas Schleicher “Сурагчдын хамтран асуудлыг шийдвэрлэх чадварыг олон улсын түвшинд анх удаа тогтоосон явдал боллоо. Сингапурын сурагчид ирээдүйд тулгарах аливаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, багаар болон ганцаарчилж ажиллах чадвар сайтай” хэмээн дүгнэсэн байдаг. Тэрбээр цааш хэлэхдээ “Судалгаанаас харахад тэд бие биенийхээ сонирхол, үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг, бусдыг сонсох чадвартай, нэгнийхээ амжилтад баярладаг, ганцаарчилж ажиллахаас илүүтэйгээр багаар ажиллах хүсэлтэй байдаг” гэжээ.

Сингапур улсын сургалтын хөтөлбөр нь мэтгэлцээн, хэлэлцүүлэг зэрэг харилцаанд суурилдаг бөгөөд энэ нь сурагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийгөө бусдад ойлгуулах, багаар ажиллах чадварыг сайжруулахад эерэгээр нөлөөлдөг гэж Сингапур улсын Боловсролын яамнаас мэдээлсэн юм.

Түүнчлэн хүүхдийн боловсролын хөгжилд эцэг, эхчүүд ихээр нөлөөлдөг бөгөөд хүүхдийнхээ үзэл бодлыг сонсож, харилцан ярилцдаг болгох зорилгоор сургуулийн захиргаа, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах нь маш чухал гэжээ.

Эцэст нь хэлэхэд Шалгалт бол шалгалт. Монгол улс PISA хэмээх энэ шалгалтыг 2021 онд өгснөөр дэлхий нийтэд өөрсдийгөө харуулах бас нэг боломж юм. Бид энэ үнэлгээний жагсаалтад ямар байдлаар бичигдэхээс шалтгаалан цаашдын улс орны боловсролын болоод хөгжлийн бодлогын асуудлууд яригдана. Бид хэрэгтэй зүйлээ авч, бодлого болон хэрэгжүүлэлтдээ ашиглах нь гол юм.

Хамгийн гол нь бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд маань дэлхий дахинд өрсөлдөх чадвартай хүн болохын тулд надад ямар мэдлэг чадвар хандлага хэрэгтэй юм бэ гэдгийг энэхүү шалгалтаас олж харах болно.

Эцэст нь, олон улсын хөдөлмөрийн зах зээл цэцэглэн хөгжиж глобальчлагдаж буй энэ цаг үед бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын чанар ямар байна вэ гэдгийг танин мэдэх нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцлох нь зүйтэй.

Ашигласан материал: OECD 2015 оны PISA шалгалтын үр дүнгийн тайлан

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018