Мэргэжлийн зэрэг олгох

Зөвлөх багш нар зөвлөлдлөө

2016-02-01 09:31

БСШУ-ны сайдын А/506 тоот тушаалаар 2015-2016 оны зөвлөх багш нарыг тодруулсан. Зөвлөх багш шалгаруулах ажлын хэсэг улсын хэмжээнд нийт 83 материал хүлээн авч үүний 50 нь шалгарсан. 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр “Зөвлөх багш нарын зөвлөлдөх уулзалт”-ыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгууллаа.

Уулзалтын гол зорилго нь Зөвлөх багш нарын цаашдын зорилгыг тодорхойлох, аймаг орон нутагт сургууль дээрээ хэрхэн туршлага арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн байгууллагууд тэр дундаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хэрхэн хамтран ажиллаж өөрсдийн арга зүй тэргүүн туршлагаа хуваалцах вэ гэдгээ ярилцсан юм.

“Зөвлөх багш гэдэг маань дан ганц шагнал урамшуулал биш мөн үүрэг хариуцлага, нэр төр юм” гэдгийг БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа онцлон хэлж байсан. Энэ үеэр зөвлөх багш нарын төлөөлөл ингэж ярилаа.  

Дархан уул аймаг “Дархан хүрд” баг Ц. Оюунболор

Зөвлөх багш зэргийг авсандаа баярлахын зэрэгцээ өндөр үүрэг хариуцлага өөр дээр минь ирж байна гэж ойлгож байна. БМДИ-ээс зохион байгуулж буй зөвлөх багш нарын энэ улсын зөвлөгөөнөөр бид цаашид юу хийх үү, энэ нэр төрөө ажил үйлсээрээ хэрхэн хамгаалах вэ гэдэг ойлголттой боллоо. Миний хувьд бага боловсролын багш. Хоёрдугаар ангид үржүүлэх хүрдийг заахад хүндрэл бэрхшээл гарч ирдэг. Ардын уламжлалт шагайн наадгайг ашиглаж тоо тоолол болон багцлах аргыг ашиглаж хүүхдэд хэрхэн амар хялбар аргаар тоглонгоо суралцах аргыг боловсруулан сургалтдаа хэрэглэж байна. Дархан –Уул аймгийн “Дархан-Хүрд” багийнхантайгаа хамтран энэ арга зүйгээ улсын хэмжээнд боловсруулж хэрэглээ болгоно гэж төлөвлөж байна. манай багийнхан энэ арга зүй дээрээ өөрийн гэсэн дидактик аргыг нь боловсруулж зохиогчийн эрхийг авсан. Мөн БСШУЯ, БМДИБХ-ээс хэрэгжүүлж буй цөм хөтөлбөр, хөтөлбөрийн сурах бичигт манай энэ арга зүйн суурь эхлэл мөн тусгагдсан. Бүлэг сэдвийнхээ, нэгж хичээлийн хөтөлбөр болгон оруулахаар бэлтгэж байна. Мөн би өөрийнхөө араас олон залуу багш нарыг сургаж хүмүүжүүлэн тусалж дэмжих болно.

Ховд аймгийн Цаст Алтай цогцолбор сургуулийн бага ангийн багш А.Даваажаргал

Зөвлөх багш зэрэг авсандаа баяртай байна. Энэ бол ганц миний биш,  сургууль хамт олны маань амжилт, хамтын ажил гэдгийг хэлмээр байна. цаашдын ажлын зорилго маань сургуулийнхаа хэмжээнд мөн аймгийн БСГБМДИ-тэй нягт хамтран ажиллаж өөрийн арга туршлагаа түгээн дэлгэрүүлнэ.

Зөвлөх багш болсон гол ажил маань гэвэл багаар хамтран ажилласан. Дөрвөн багштайгаа нийлээд, сурагчдын бүтээлээр дамжуулан хэрхэн хэл яриа, сэтгэн бодох төсөөлөх, өөрийгөө илэрхийлэх  чадваруудыг хөгжүүлэх аргачлалыг боловсруулсан.

Дархан уул аймаг. Л.Зоригтжаргал

Өнөөдрийн бидний зөвлөлдөх уулзалтын гол зорилго бол энэ зөвлөх багш нар цаашид хэрхэн, хэнтэй хамтран ажиллах ёстой юм бэ, энэ зэргийнхээ ач холбогдлыг хэрхэн үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ёстой вэ гэдгээ ярилцах байлаа. Тэгэхлээр зөвлөх багш нар маань аймаг, сургууль дээрээ арга туршлагаа дэлгэрүүлэхээс гадна хоорондоо болон мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах ёстой юм.

Миний арга зүй бол сурагчдыг хэрхэн яаж үнэлэх вэ гэдэг дээр ажиллаж, хүүхдийг хүүхдээр нь хэрхэн үнэлүүлэх вэ, үнэлгээний арга зүйгээ сайжруулсан.

Зөвлөх багш нарын материалуудыг БМДИ-ийн зүгээс товхимол хэлбэрээр хэвлэн гаргасан бөгөөд мөн багшийн хөгжлийн www.teacher.sur.mn сайтад бүрэн эхээр нь байршуулсан. 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018