Мэргэжлийн зэрэг олгох

72 багш зөвлөх зэргийн үнэмлэхээ авлаа

2018-02-01 15:43

“Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа өнөөдөр Багш хөгжлийн ордноо зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм, БСШУ-ны сайдын А/305 тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2012 оноос хойш  тус институт зохион байгуулж байна. 

БМДИ-ийн захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар хүсэлт гаргасан багш ажилтны материалд дүгнэлт гаргаж улмаар БСШУС-ын сайдын тушаалаар жилд нэг удаа олгодог юм.

“Зөвлөх багш” нь журмын дагуу нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан байх шаардлагатай.  Үүнд, СӨБ, ЕБС-д багшаар 15 болон түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх, суралцагч бүрийг хөгжүүлэх гурваас доошгүй арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж, боловсролын технологийн  хөгжлийн үндэсний санд бүртгүүлэн, туршлагаа дөрвөөс доошгүй сургуульд түгээн дэлгэрүүлж, зөвлөн тусалж, үр дүнд хүрсэн байх, суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамтын судалгаа хийж, дөрвөөс доошгүй сургуульд зөвлөн тусалсан байх гэж заажээ.

Энэ жил “Зөвлөх” зэргийн шалгуурыг 72 багш хангасан ба тэдэнд БСШУС-ын сайдын А/032 тоот тушаалаар “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгож үнэмлэхийг гардууллаа. Мөн эдгээр багш нарын туршлага арга зүй, манлайллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Зөвлөх багш нарын зөвлөлдөх уулзалт” боллоо.

Үндэсний хэмжээнд данстай болж буй зөвлөх зэрэгтэй багш нарын, багшийн хөгжил болон боловсролын салбарт үзүүлэх хамгийн гол үүрэг, хариуцлага бол “бусад багш нарт мэргэжил арга зүйн хувьд эерэгээр нөлөөлөх, хөгжүүлэх, дагуулан сургах явдал” хэмээн мэргэжлийн байгууллагууд үзэж байна.Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 289 зөвлөх багш ажиллаж байгаа бөгөөд зөвлөх багш мэргэжлийн зэрэг нь 10 жилийн хугацаанд хүчинтэй байна.  

Дээрх уулзалтын үеэр “зөвлөх зэргийн журамд өөрчлөлт оруулах”, “зөвлөх багш зэргийн шалгуур үзүүлэлт”-ийн талаар шинэхэн зөвлөхүүд саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Зарим саналаас дурдвал, зэргийг хугацаагүй болгож, шалгуур үзүүлэлтийг өндөр тавих, зэргийн нэмэгдлийг 30 хувь болгох, орон нутгийн болон үндэсний хэмжээний байгууллага зэргийг олгодог байх зэрэг саналыг гаргаж байсан юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018