БАГШИЙН ХӨГЖИЛ

Багш нар АНУ-д мэргэжил дээшлүүлэх боломжтой

2018-12-27 17:49

ЕБС-ийн багш нар гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж нэлээд байдаг. Харин багш нарт маань төдийлөн мэдээлэл нь хүрдэггүй тул энэхүү булангаар дамжуулан гадаад улс орнуудад мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлж байх болно.

Америк-Монголын боловсрол, соёлын харилцааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам нь боловсрол, соёлын солилцооны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүнд Их дээд сургууль, ЕБС-ын багш нар, удирдлагын ажилтнуудад зориулсан академийн болон мэргэжил дээшлүүлэх чиглэлээр Фулбрайтын Монгол хэлний туслах багшийн хөтөлбөр (Fulbright Foreign Language Teaching Assistant Program) болон Дунд сургуулийн багшийн ТЕА хөтөлбөр (Fulbright Teaching Excellence and Achievement Program), Хюберт Хамфригийн хөтөлбөр (Hubert H. Humphrey Fellowship), Багш судлаачдын SUSI хөтөлбөр (SUSI for scholars) зэрэг олон хөтөлбөрүүд байдаг.

Энэ удаа Фулбрайтын Дунд сургуулийн багшийн ТЕА хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хүргэе. Та бүхэн АНУ-ын Элчин сайдын сайдын яамны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авч мэргэжлээ дээшлүүлэх, туршлага судлах боломжийг ашиглаарай.

Фулбрайтын Дунд сургуулийн багшийн хөтөлбөр нь дунд сургуулийн Англи хэл, Нийгмийн ухаан, Математик болон бусад шинжлэх ухааны багш нарт зориулсан 5-6 долоо хоногийн академик сургалтын хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь багш нарт АНУ-д мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох боломжийг олгодог.

Хөтөлбөрт хамрагдсан багш нар АНУ-ын их дээд сургууль дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багш нарын хамтаар 6 долоо хоногийн заах арга зүй, хичээлийн төлөвлөгөө, сургалтын стратеги, багш нарын манлайлал, сургалтын технологи зэрэг сэдвүүдээр эрчимжүүлсэн сургалт авч, Америк багш, оюутнуудтай ажиллаж туршлага судлах боломжийг мөн олгоно.

Фулбрайтын ТЕА хөтөлбөр нь хавар, намрын семестрт буюу жил хоёр удаа хэрэгждэг ч сонгон шалгаруулалтыг нэг удаа явуулж жилд 3-4 багш хамрагддаг. Бүртгэл нь 1-2 сард явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/tea-mn/

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019