Хэвлэлийн мэдээ

НүүдэлШийдэл: Хүүхэд зодуулсан гэдгээ л ҮҮРД санана

2017-05-31 10:48
НүүдэлШийдэл: Хүүхэд зодуулсан гэдгээ л ҮҮРД санана

Оролцогчдын онцлох ишлэлүүдийг хүлээн авна уу:

Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгэлзүйч П.Энхчимэг

  • Зодож шийтгэхээр хүүхэд чинь үгэнд орж байна уу. Одоохондоо, богино  хугацаандаа бол тийм байж магадгүй. Гэвч, алсуур нь харвал хүүхэд “зүрхээ хаадаг”. Ярихаа больж, мэдрэмжээ тантай хуваалцахгүй.
  • Хүүхдээ зодож шийтгээд асуудлаа дор бүр нь хаагаад явах юм уу, эсвэл ярилцаад ойлголцдог болох юм уу?
  • Та хүүхдээ төрүүлсэн нь үнэн ч хувь хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
  • Ярилцаад ойлголцохгүй хүүхэд гэж байхгүй. Харин ямар хугацаа зарцуулах вэ, гэдэг асуудал л бий.
  • Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хүмүүжлийг ижилхэн анхаарах ёстой. Хүү болохоор нь гар хүрээд, охин болохоор нь хайрлах хэрэг үү? Нүдний цөцгий мэт хайрласан охин чинь хатуу гараар өссөн “хүү”-тэй ханилбал яах вэ.
  • Хүүхэд юу буруу хийгээд зодуулсан бэ, гэдгээ хэзээ ч бодохгүй. Зодуулсан гэдгээ л үүрд санана.

Хүүхдийг ивээх сангийн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд

  • Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя.    
  • Түүвэр судалгаанаас харахад 4-14 насны хүүхдүүдийн 46 хувь нь ямар нэг байдлаар зодож шийтгүүлсэн байна.
  • Хүүхдийг зодож шийтгэхгүйгээр хүмүүжүүлж болно. Гэтэл яагаад заавал хүүхдэд гар хүрэх ёстой юм бэ.
  • Цохиулж зодуулаад муудсан зүйлгүй, сайн хүн болсон гэдэг. Гэвч, та цохиулж, зодуулаагүй байсан бол ямар хүн байхаа мэдэх байсан гэж үү?
  • Нийгмийн стресс их байна. Хэдийгээр судлагдаагүй ч, манайх шиг ийм “стресстэй” улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарах нь их байдаг.
  • Швед улс хүүхдийг хамгаалах талаар дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ тэд үр шимээ 50-60 жилийн дараа хүртэж байгаа нь энэ.

ХЭҮК-ын хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн дарга Ц.Адъяахишиг

  • Хүүхэд төрийн хамгаалалтад байдаг. Ингэснээрээ хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг Монгол Улс шууд хориглосон байдаг.
  • Хүүхдийг хүмүүжүүлэх маш олон арга байдаг. Гэхдээ эцэг, эх та хүүхэдтэйгээ найз шиг нь байж, тэднийг сонсох ёстой.
  • Хүүхдэд итгэл үнэмшил, үзэл бодол байгаа гэдгийг хүлээн зөвшөөр.
  • Хүүхдийн хүмүүжлээс гадна эцэг эхэд хүүхдээ хүмүүжүүлэх цаг зав, боломж гаргаж өгөх асуудлыг ч ярих цаг нь болсон.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хөгжил хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа

  • Нийт хүн амын 34.8 хувь буюу 1079730 нь хүүхэд.
  • Хүүхэд боловсрол эзэмшиж, сургуульд сурч байгаа нь хүмүүжил олгож байгаа явдал биш.
  • Бүх хүүхдийг шилдэг гэсэн нэг л аргаар хүмүүжүүлнэ гэж байдаггүй. Нас, насны онцлог гэж байдаг тул эцэг, эх энэ талын мэдээллийг судлах хэрэгтэй.
  • Хүүхдийн нас, насны онцлогт тохирсон хүмүүжлийн эерэг аргуудыг багтаасан гар утасны аппликэйшн гаргах гэж байна. Үүнийг татаж аваад ашиглахыг зөвлөе.  

Д.Инжинаш Хуульч

 
 
  • Хүмүүжүүлэх гэдэг үгэнд би бага байхдаа л дургүй байсан. Хэн нэгэн нь яагаад төлөвшил гэдэг үгийг хэрэглэдэггүй юм бэ?
  • Хүмүүжил гэхээс илүү төлөвшил, хайр халамж байгаа тохиолдолд хуулийн асуудал руу орох ямар ч шаардлагагүй.
  • Компаниуд ажлын байран дэрээ ажилчдадаа зориулан хүүхдийн төлөвшилтийн талаар хичээл зааж болно.
  • Гэр бүлдээ анхаарал, халамж тавих нь энгийн мөртлөө хамгийн зөв арга.

Монгол улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс

  • Монголчууд хүүхдийг хатуу гараар хүмүүжүүлэх нь бүү хэл малтайгаа хүртэл зөөлөн харьцаж байсан ард түмэн.
  • Монголчууд хүүхдийг зодож хүмүүжүүлж байсан юм шиг ойлголт түгээмэл байна.  Үүн шиг худал ойлголт байхгүй.
  • Хүүхдийг өөрийнх нь зоргоор, эвээр өсгөж байсан ард түмэн бол Монголчууд.
  • Аав, ээж нар үгээр, үлгэр дууриаллаар, үзэл санаагаараа хүүхдийнхээ толь болдог.
  • Хүүхдийг сайн хүн болгоно, хүмүүжүүлнэ гэж хэлдэг болж. Гэвч, хүүхэд өөрөө идэвхгүй биет биш шүү дээ. Хүүхэд өөрөө нийгмийн харилцаанд орж үзэл, бодолтой болдог.
  • Өрх гэр үнэт зүйлтэй, ёс зүйтэй бол хуульд хүрч, хүүхдийг хамгаалах шаардлага байна гэж үү?


 
 


 
 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019