Хэвлэлийн мэдээ

Бага ангийн багш болж чадах уу? гэж ээж минь надаас асууж байлаа

2014-04-13 14:23
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт энэ сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод эхэлсэн. Сургалтанд 21 аймаг, Улаанбаатар хотын арав гаруй мэргэжлийн 889 багш хамрагдаж байгаа юм. Шинэхэн багш нарын эгнээнд нэгдэн Монголын ирээдүй болсон бяцхан сурагчдынхаа төлөө, ажиллах эрч хүч, урам зоригоор дүүрэн яваа Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн бага ангийн багш Ганхуягийн Мөнхсайхантай ярилцлаа.

Бага ангийн багш болж чадах уу? гэж ээж минь надаас асууж байлаа

 

Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт энэ сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод эхэлсэн. Сургалтанд 21 аймаг, Улаанбаатар хотын арав гаруй мэргэжлийн 889 багш хамрагдаж байгаа юм. Шинэхэн багш нарын эгнээнд нэгдэн Монголын ирээдүй болсон бяцхан сурагчдынхаа төлөө, ажиллах эрч хүч, урам зоригоор дүүрэн яваа Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн бага ангийн багш Ганхуягийн Мөнхсайхантай ярилцлаа.

-Аливаад хүн чинь сэтгэлээсээ хандана гэдэг маш чухал. Тэр тусмаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байх нь амжилт гаргах эх үндэс болдог гэж олон хүн хэлдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрж өссөн. Арван жилд байхдаа Математикийн багш болно гэж боддог байсан. Гэхдээ би бага ангийн багш болохоор шийдсэн. Энэ тухайгаа ээждээ хэлтэл, ээж минь надаас “Чи бага ангийн багш болж чадах уу? Бага ангийн багш байх тийм ч амар биш шүү” гэж хэлж байлаа. Харин одоо бол би бага ангийн багш болчихоод анхны ангиа дааж аваад ажиллаж явна. Манай ангийнхан бүгд уншиж, бичиж, бодож сурч байна. Би сургууль дээрээ очоод ангийхныхаа дунд орчихоор, нэг л мэдэхэд хичээлийн цаг өнгөрчихсөн байдаг. Тэр хугацаанд би хичээлээс бусад бүх зүйлийг мартдаг. Бага ангийн багш байхын хамгийн сайхан нь ямар ч сэвгүй сайхан энергитэй хүүхдүүдийн дунд орж ажиллах. Хүүхдүүдтэйгээ хамт байхаар би яг л тэд нартай адил сайхан эерэг энергээр цэнэглэгддэг. Би өмнө нь жаахан юманд л уурлачихдаг байсан. Харин одоо бол өөр болсон. Ер нь бол хэр барагтаа уурлаад байхгүй шүү. Тийм болохоор би бүх багш нарыг хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрлаасай гэж хүсдэг. Тэгж л байж нэг ч хүүхэд үлдээлгүй хөгжүүлж, зөв хүн болгож чадна гэж боддог.

-Яагаад заавал нэг дүгээр анги дааж авсан юм бэ? Дөнгөж төгсөж ирээд зургаан настай хүүхдүүдтэй ажиллах ямар байсан бэ?

-Мэдээж эхлээд амар байгаагүй ээ. Яахаа ч мэдэхгүй байх үе зөндөө л байсан. Гэхдээ л би анхнаасаа л нэгдүгээр анги дааж аваад зааж, сургая гэж бодсон. Би сургууль дээрээ, сурагчидтайгаа байхдаа л хамгийн аз жаргалтай байдаг. Хүүхдүүд маань гэсэн тийм байгаасай л гэж боддог. Манай ангийн нэг охин орой аавыгаа ажилаа тараад ирж авахдаа эрт авах гэж битгий яараарай гэж хэлсэн байна лээ. Тэр охин аавыгаа иртэл ангидаа хичээлээ хийгээд, барбигаараа тоглоод байж байдаг. Бүр болоогүй намайг хамт тоглоё гэдэг.  

- Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалтын талаар ямар бодолтой байна?

-Энэ сургалтаар олон зүйлийг мэдэж авлаа. Өмнө нь явцын үнэлгээний сургалтад сууж байсан. Гэхдээ л дахиад суусан чинь улам сайн ойлгосон. Мөн цахим сургалт үнэхээр их таалагдаж байна. Багш нарт хэрэгтэй олон сайтууд байна. Түүнийг хэрхэн ашиглах гээд энэ сургалтаас их зүйлийг мэдэж авлаа.

Бэлтгэсэн: А.Дүүриймаа

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019