Хэвлэлийн мэдээ

Манай хамт олон эргэх холбоотой ажиллахыг хичээдэг

Ж.БАЯРСАЙХАН Нийслэл таймс сонин 

  2015 оны гуравдугаар сарын 26. Пүрэв

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн гүйцэтгэх захирал О.Оюунтунгалагтай ярилцлаа.

 

-Багшийн мэргэжил дээш­лүүлэх институт сүү­лийн үед ямар зүйлд голлон анхаарч байна вэ?

-Анх 2012 онд Засгийн газ­рын тогтоолоор байгуулагд­сан. Одоогоор мэргэжлийн 40 гаруй арга зүйчтэй үйл ажил­лагаагаа явуулж байна. Он гарснаар бид одоогоор үндсэн болон төрөлжсөн сургалтуудаа хийж байна. Манай үйл ажиллагаа Засгийн газраас тогтоож өгсөн дүрмийн дагуу зохицуулагддаг. Түүнд дөрвөн чиг үүрэг гүйцэтгэнэ гээд заачихсан байгаа. Сур­галт явуулах, судалгаа хийх, арга зүйн талаар зөвлөн туслах, багш нарын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зо­хион байгуулах зэрэг юм. .

Энэ хүрээнд он гарснаас хойш үндсэн сургалтын ажил­лагаагаараа нэлээд олон хүнд хүрч ажиллалаа. Үнд­сэн сургалтад сайдын 287 дугаар тушаалаар батлагдсан сур­гуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын нэг, тав, 10 жилийн үндсэн сур­галтыг зохион байгуулж байна. Одоогоор бид таван жил ажилласан багш нарын сур­галтыг хийж байгаа. Үүнд 1642 багшийг сургалтад хам­руулсан.

Удахгүй бо­лох сурагчдын улирлын амралтаар бид Ерөнхий боловсролын сургуульд арван жил ажиллаж байгаа багш нарын сургалтыг хийхээр төлөвлөсөн. Тэр сургалтад хамрагдах 1310 хүн бий. Эхний жил ажиллаж байгаа багш нар 2000 орчим гэвэл жилдээ бид 5-6 мянган багш нарын мэргэжлийг дээшлүүлдэг.

 

-Багш нараас гадна боловсро­лын байгууллагын удирдлагуудад сургалт хийдэг юм билээ?

-Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж бай­гаа захирал, менежер, цэцэр­лэгийн эрхлэгч, арга зүйч на­рын удирдах ажилтнуудын мэр­­гэжлийг дээшлүүлдэг. Он га­раад таван жил ажиллаж байгаа эрхлэгч, за­хирал бо­лон анхны жилдээ ажил­лаж байгаа менежерүүдийн сур­галтыг зохион байгуулсан. Мөн сая цэцэрлэгийн эрхлэгч на­рын дунд хөдөлмөр эрхзүйн ман­лайллын чиглэлээр БСШУЯ болон Удирдлагын академитай хамтран тухайн байгууллагыг удирдаж байгаа хүний манлайлал, ёс зүй, ер нь хөдөлмөрийн харилцааг хэр­хэн яаж зохицуулдаг зэрэг чиг­лэлээр сургалтуудыг өгсөн.  Сур­галтуудынхаа хажуугаар судалгааны аж­лын хүрээнд сургалтын дараах судалгаа болон багшийн хөгжих хэрэг­цээний судалгааг жил бүр авдаг. Боловсролын хүрээлэн болон хамтран ажилладаг бай­гуул­лагуудтай хамтран су­дал­гаагаа эхлүүлээд байна.

-Захиалгаар мөн сургалт хийдэг байх аа?

-Тийм ээ. Төрөлжсөн сур­галтын хү­рээнд захиалгат сургалтуудыг хийж байна. Ялангуяа орон нутгуудын Боловсролын газар, сур­гуу­лиудын захиалгаар хүрч очиж хүргэдэг сургалтыг бид захиалгат сургалт гэж нэрлэдэг. Зарим нь хүрч ирж авдаг. Тодорхой нэг ур чад­варыг товлосон хугацаанд эзэм­шүүлэх зорилготой хоё­роос гурав хоногийн сур­галтууд юм. Тухайлбал, баг­шид хүүхдийг бүтээлчээр хэр­хэн уншуулж бичиж сур­гах вэ. Түүхийн багшийн хувьд шинэчлэн судлах арга бари­лаар яаж хичээлээ зохион байгуулах вэ гэх мэт тодорхой нэг ур чадвар шаардсан төр­лийн сургалтуудыг зохион байгуулдаг.

-Ирэх дөрөвдүгээр сард Ерөн­хий боловсролын сургуулийн удирд­лагуудыг орол­цуулсан арга хэм­жээ зо­хион байгуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Боловсролын чанарын шинэч­лэ­лийн бодлого гээд маш том бод­лого шаттай хэ­рэгжиж байгаа. 2012-2013 онд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр өөрчлөг­дөөд 40 лаборатори сургууль дээр туршигдаад нийт Монгол Ул­сын 756 сургуульд өнгөрсөн хи­чээлийн жилээс хэрэгжээд явж байна л даа. Одоо хийх гэж байгаа сургалт бол дараагийн үе шат юм. Суурь боловсролын сургалтын шинэчилсэн хө­төлбөр шинэчлэгдээд 40 лаборатори сургуульд тур­шигдаж байгаа. Ирэх хи­чээлийн жилээс нийт сур­гуулиудад орно. Ирэх дө­рөв­дүгээр сарын 8-11 хоо­ронд суурь боловсролын шинэ­чилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй техно­логийг танилцуулах юм. Үүнд аймгийн Боловс­ролын газрын дар­га, арга зүйч, нийслэл, дүүргийн Боловсролын газар гээд 200 орчим хүнд сургалт хийх гэж байна.

Уг танилцуулгын эхний нэг өдөр яам төр засгаас ямар бодлого баримталж байгааг танилцуулсан, эргэ­цүүлсэн, эргэж ярьсан, үзэл баримтлалаа ярьж суурь бо­ловс­­­ролын хөтөлбөр яагаад шинэчлэгдэх болсон юм гэдэг талаар хэлэлцэх юм. Дараагийн өдрүүдэд 40 лаборатори сургууль дээр хэрхэн хэрэгжиж бай­гаатай танилцаж очиж хи­чээлд нь сууна. Сүүлийн өдөр Багшийн мэргэжил дээш­лүүлэх институт дээрээ авчраад суурь боловсролын хө­төлбөртэй танилцуулаад, хөтөл­бөр сурах бичгийн уялдаа холбооны талаар сургалт хийх ажил зохион байгуулна.

-Гадаадад харилцааны талаар ямар ажлууд хийх вэ. Өмнө нь явж байсан багш солилцооны хөтөлбөр үргэлжлэх үү?

-Бид багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зо­хион байгуулах ёс­тойг эхэнд ярьсан. Багшийн хөгж­лийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд багш солилцооны хөтөлбөр томоохон байр суурь эзэлдэг. Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд БНСУ, Монгол Улсын Засгийн газрын гэрээний үр дүнд хоёр жил үр дүнтэй хэрэгжсэн багш солилцооны хөтөлбөр бий. Солонгос уруу манай 95 орчим багш явсан статистик байна. Мөн Солонгосын талаас тэр  орчим багш ирж 2-3 сарын хугацаанд ажиллажээ.

Манай багш нар явж бай­гаа шалтгаан нь өндөр хөгжилтэй орны сургалтын арга барилаас судалж байгаа юм. Ирээд орон нутгийн хөр­сөнд суулгах зорилготой. Солонгосын талын хувьд эхний ээлжид дандаа залуу багш нар ирдэг байсан. Тэдний Засгийн газраас залуу багш нарт тодорхой хэмжээгээр хөгжиж байгаа оронд очиж ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Тэр хүрээнд ажиллаж бай­сан. Харин одоо Солонгос манайхтай адил аль чадалтай туршлагатай багшаа явуулдаг болсон. Тэгэхээр энэ хөтөл­бөр улам сайжирч байна гэ­сэн үг. Хөтөлбөрийн үр дүнд сургууль хоорондын харилцаа өргөжихөөс гадна багш нарын арга зүй өөрчлөгдөж байна. Мөн эцэг, эх олон нийтийг сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулж байна. Үүнээс гадна ОХУ-ын Эрхүү хо­тын Багшийн их сургуультай багш солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлээд байна. Энэ хүрээнд ЕБС-д яг орос хэл заадаг 120 орчим хүнийг хам­руулсан. Яг танхимын сур­галтад 282 багшийг хамруулжээ.

-Яагаад орос хэлний багш нарыг онцолж байгаа хэрэг вэ?

-Манай гадаад хэлний багш нар гадаад багш нарын ажигласнаар ярианы чадвар сул юм. Дүрмээ мэ­дээд, сон­сож ойлгоод, уншаад байх. Тэгсэн мөртлөө ярианы чад­вар нь сул байгаа учраас харилцаанд оруу­лах үүднээс гадаад багш нарыг урьж авчирч сургалт хийж байгаа. Санхүүжилтийн хувьд Со­лон­госын Засгийн газар 100 хувь санхүүжүүлдэг. Мон­гол, ОХУ-ын солилцооны хувьд манайх 50 ху­вийг нь хариуцдаг. Эндээс явж бай­гаа багш нарын замын зардлаа хариуцдаг. Очоод байр, хоол, сургалтын зардлыг ОХУ-ын тал хариуцдаг. 

Японтой манайх багшлах арга зүйн хүрээнд багш нараа явуулж сургаж авчирч байгаа. 7-10 хоногийн танхимын сургалтад хамруулаад ЕБС-ийн хичээл дээр нь очиж хичээлийн судалгаа, хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ зэргийг хардаг. Энэ боловсролын өөрчлөлт бол хүүхэд мэдэхээсээ илүү яаж сурах вэ гэдэг сурах арга барилыг эзэмшүүлэх гээд байгаа юм. Япон тэр тал дээр туршлагатай орнуудын тоонд орж байгаа учраас бид багш нарыг явуулж байгаа. Давхардсан тоогоор 30 гаруй арга зүйч яваад сургалтад хамрагдсан байна.

-Танайх багшаар ажил­лах эрхийн шалгалт авдаг бол­сон. Дөрөв дэх удаагаа болж өнгөрлөө. Эхэн­дээ нэ­лээд хэл ам гарч бай­гаад чи­­­мээгүй боллоо. Энэ шал­гал­тад багш нар оролцох турш­­лагатай болж байна уу?

-Багшаар ажиллах шал­галтыг жилдээ хоёр удаа зохион байгуулдаг. Анх зохион байгуулахад хүмүүс шалгуулж сураагүй эсвэл бэлдээгүй байснаас уу нэлээд унасан. 10 хувь нь л тэнцэж байсан шүү дээ. Шалгалтын тестийг мэргэжлийн эрдэмтэн багш нараар боловсруулж авсан юм. Бид ямар ч судал­гаа­гүй хийгээгүй л дээ. Багш мэр­­гэжлээр төгссөн хүн ямар суурь мэдлэгтэй байх ёстой юм бэ гэдэг дээр тест боловсруулагдсан юм.

Хоёр дахь шалгалтаасаа эхлээд нам жимд болсон. Оролцогчид бэлт­гэдэг болсон байх. Мөн багш бэлтгэж бай­гаа сургуулиудын хариуцлага дав­хар нэмэгдэж байна уу даа гэж бодож байна. Баг­шийн мэргэжил бол хүнээр хүн хийдэг хариуцлагатай мэргэжил юм. Тийм болохоор эхний жилийн багш, гурван жил ажиллаагүй багш на­раас шалгалт авч байгаа. Баг­шаар ажиллах эрхийн үнэмлэхийг хүмүүс ногоон үнэмлэх гэдэг болсон байна. Тухайн хүн шалгалтад ороод тэнцвэл нэг жи­лийн хуга­цаатай үнэмлэх авна. Тэр нь ажилд орох хүртэл нь нэг жи­лийн хугацаанд хүчинтэй. Ажилд ороод сургалтад сууж хураагдаад багш­лах эрхийн үнэмлэх буюу таван жилийн үнэмлэхээр солигддог байгаа. Багшаар ажиллах эрхийг олгох шалгалт хэдэн өдрийн өм­нө дөрөв дэх удаагаа зохион байгуу­лагдлаа. Сүүлийн шалгалт дээр оролцогчдын 35-40 орчим хувь нь тэнцэж байна.

-Шалгалтад бүртгүүлсэн ч ямар­­ваа нэгэн шалтгаанаар хоцор­сон тохиолдолд дахиж шалгалт авах уу?

-Багшаар ажиллах эрхийн шал­­гал­тад мөнгөө төлчхөөд ха­риуцлагагүй байдлаар юм уу, хүндэт­гэх шалтгаанаар хоцорсон тохиолдолд өөрөө хүсвэл тушаасан мөнгөө дараагийн шалгалт хүртэл хадгалуулж болно. Эсвэл журманд зааснаар буцаан олголт хийлгэж болно. Дахиж тусад нь авна гэж байхгүй. Тухайн өдрөө нэгдүгээр группдээ хоцорсон хүнийг хоёрдугаар группд оруулдаг юм. Тэр өдрөө ирээгүй хүнд зориулж дахин шалгалт зохион байгуулахгүй гэсэн үг. Саяны шалгалт дээр малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Ховд аймгийн Булган, Үенч сумын зам хаагдсан. Тэгэхэд бид хуралдаад үндэсний зөвлөлийн шийдвэрээр орон нутагт нь авсан. Энэ шалгалтыг Үенч сум маш амжилттай зохион байгуулсан. Булган суманд шалгалтын урд шөнө шуурга болоод антен нь уначихсан учраас интернет тасар­сан. Тэгээд тэнд шал­галт өгөх ёстой байсан 20 хүний хувьд байгалийн даваг­дашгүй хүчин зүйл гэсэн хүн­дэтгэх шалтгаантай учраас тусгайлан зохион байгуулж авах гэж байгаа.

-Монгол Улсын зөвлөх багш гэсэн зэргийг танай­хаас өгдөг. Энэ талаар ярихгүй юу?

-Багшийн хөгжлийн үйл ажил­ла­гааг дэмжих үйл ажил­лагаанд багшийн зэ­рэг цол олгох асуудал бай­даг. Энэ хүрээнд манайх бай­гуулагдсанаасаа хойш гурав дахь жилдээ багшид зөвлөх зэрэг олгох ажлыг зохион байгуулж байна. Мэр­гэжлийн зэрэг өөрөө төвшин төвшиндээ өөр олгогддог. Сургууль мэдэж багшид заах аргач гэсэн зэр­гийг олгодог. Орон нутгийн Бо­ловс­ролын газар багшид тэргүүлэх гэсэн зэрэг олгодог. Харин манайх зөвлөх зэргийг олгодог юм. Зөвлөх зэргийг олгохдоо 305 дугаар тушаалд зааснаар гурван үндсэн зүйлийг төвшин төвшиндээ хангасан байх ёстой. Энэ жил манайд зөвлөх зэрэг авахаар 66 багшийн материал ирсэн. Үүнээс 33 нь зөвлөх зэргийн шаардлага хангаж зөвлөх зэргээ авчхаад байгаа. Манайх магадалж дүгнэлт хийж өгдөг байгууллага.

-Гурван шаардлага нь юу вэ?

-305 дугаар тушаалд зааснаар Хүүхэд хөгжүүлэх арга зүй техноло­гийг эзэмшсэн байх ёстой. Энэ ар­га зүй технологио үндэсний хэм­жээнд хоёроос гурван багш буюу дор хаяж хоёроос гурван сургуульд түгээн дэлгэрүүлж үр дүнгээ тооцсон байх юм. Түүнчлэн хүүхэд хөгжүүлж байгаа арга зүй технологио хамтын судалгаагаар баталгаажуулсан үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх ёстой л доо. Тэгэхээр хүүхэд хөгжүүлэх арга зүйг сурсан, дэлгэрүүлсэн, судалгаагаа хийсэн байх учиртай гэсэн үг. Энэ үндсэн шалгууруудыг тус­гай үзүүлэлтүүдээр шалгаад үнэл­гээ хийнэ. Уг үнэлгээг ганцхан манайхаас хийдэггүй. Хамтран оролцогч талуудын оролцоотойгоор ажлын хэсэг гараад ажлын хэсгийн дүгнэлт гардаг. Нэг хүний материалыг маш олон дамжлагаар үзэж анализ хийнэ. Бид өмнө нь зөвлөх зэрэг өгөөд үнэмлэх өгдөг байсан бол энэ жил бид зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөнөөр юу хийгээд та 33 зөвлөх зэрэг авав бие биедээ танилцуулна уу гэсэн. Онцлог брэнд юмнуудыг нь олон нийтэд танилцуулсан ажил хийсэн гэж болно. Ноднин 28, түүний урд жил 30 орчим багшид зөвлөх зэрэг өгсөн гэхээр нийтдээ 90 орчим багш Монгол Улсын зөвлөх багш зэрэгтэй болоод байна. Энэ хүмүүс багш нарыг тасралтгүй хөгжихөд хувь нэмрээ оруулж байх хүмүүс юм. Эдгээр хүмүүсийнхээ туршлагыг хэрэгжүүлэх, бусдыг хөгжихөд дэмжлэг үзүүлэх талаар ажиллах гэж байна. Зөвлөх багш нараас хоёр жил тутамд тайлан нь авна. Шинэ журмын дагуу зөвлөх зэргийг арван жилийн хугацаатай авдаг болсон. Арван жилийн хугацаанд тэр хүн зөвлөх зэрэг аваад ханаад, мартаад, цалгардах биш. Харин ч маш их үүрэг хариуцлага хүлээж авч байгаа юм. Тэр хүн хоёр жил тутамд багшаа, орон нутгаа хөгжүүлсэн талаараа тайлагнана. Ийм эргэх холбоотой болгож ажлуудаа амьд болгохоор зүтгэж байна даа манай хамт олон.

 2015 оны гуравдугаар сарын 26. Пүрэв

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3273
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3273
  • Энэ сард 77143
  • Нийт 77143

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019