Хэвлэлийн мэдээ

Багшаар ажиллах эрхийн шалгалтыг ирэх сарын 03-нд авна

2014-10-23 15:49

Өнөө жилээс эхлэн Багшаар ажиллах эрхийн шалгалт авдаг болсон. Үүнд өнгөрсөн хавар багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид болон гурван жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй шалтгаанаар багшлах эрх нь цуцлагдсан хүмүүс хамрагдах юм. Өнгөрсөн наймдугаар сард Багшлаар ажиллах эрхийн шалгалтыг 10 хоногийн зайтай хоёр удаа аваад байсан. Харин бүртгэлээс хоцорсон хүмүүс санал тавьсан тул ирэх сарын 3-нд дахин нэг удаа шалгалт авахаар болжээ. Ингээд Багшаар ажиллах эрхийн шалгалтын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаатай ярилцсанаа хүргэе.

 -Багшаар ажиллах эрхийн шалгалтыг өнгөрсөн наймдугаар сард авч байсан. Дахиад ийм шалгалт авч байгаа шалтгаан нь юу вэ?

 -Шинэ журмаар цэцэрлэг, сургуульд багшаар ажилд орох гэж байгаа бол Багшаар ажиллах эрхийн шалгалтад тэнцсэн байх шалгууртай болсон. Одоо авах шалгалт энэ жилийн хувьд гуравдахь удаагийнх нь болчхож байгаа юм. Журмаараа бол жилд хоёр удаа шалгалт авах ёстой. Гэвч өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан шалгалтууд зуны амралтын үетэй давхацсан болохоор оролцож чадаагүй гэсэн шалтгааныг олон хүн манай институтэд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын дэргэдэх зөвлөлд хандаж хэлж байгаа. Тиймээс ийм хүсэлт их байгаа болохоор Багшаар ажиллах эрхийн шалгалтыг дахиад нэгдүгээр улирлын хичээлийн амралтаар зохион байгуулья гэдэг чиг үүргийг бидэнд өгсөн. Түүний дагуу онлайнаар бүртгэж байна. Энэ сарын 25-ны өдөр онлайн бүртгэл дуусна. Харин арван нэгдүгээр сарын 03-ны өдөр шалгалт болох юм.

 -Шалгалтыг хаана авах бол?

  -Наймдугаар сард нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулсан л даа. Бүх аймаг, дүүргийг хамарч шалгалт авах байруудыг тогтоож байсан. Энэ удаад оролцогчид харьцангуй цөөн байна. Магадгүй онлайн бүртгэл хаах дөхөхөөр шалгуулагчдийн тоо нэлээд өсч болох юм. Бүсчилж авах уу, зөвхөн Улаанбаатарт шалгалт хийх үү гэдэг нь бүртгүүлэгчдийн тооноос хамаарна.

-Өмнөх хоёр шалгалтад орсон боловч тэнцээгүй хүмүүс энэ удаад дахин оролцож болох уу. Эсвэл зөвхөн хоцорсон хүмүүс хамрагдах ёстой юу?

  -Энэ удаад бол өнгөрсөн шалгалтуудад тэнцээгүй хүмүүс орохыг хааж хориглохгүй байгаа. Бүртгэлээс хоцорсон хүмүүс оролцоход мэдээж нээлттэй. Ер нь дараагийн удаа буюу ирэх жил журмандаа өөрчлөлт оруулах байх. Мэргэжлийн шалгалтыг авахдаа эхний удаа тэнцээгүй бол зургаан сар хүлээгээд дахиж ордог олон улсын жишиг байдаг юм билээ.

-Багшаар ажиллах эрхийн шалгалтыг эхлээд авахад эсэргүүцэх явдал мэр сэр байсан?

 -Эхний удаа шалгалт авахад оролцогчид нэлээд бухимдалтай байсан ш дээ. “Та нар дөрвөн жил сураад, багш мэргэжлээр төгсөж гараад, дипломоо өвөртлөөд ирж байхад яахаараа дахиж шалгалт авдаг юм” гэдэг асуудал ширүүн босч ирсэн. Энэ нь нэг талаасаа зөв юм шиг боловч нөгөө талаар нийгэмд эцэг, эхчүүд ямар багшид хүүхдээ аваачиж өгөх вэ гэдэг асуудал байна. Үнэхээр сайн багшид хүүхдээ итгэж өгсөн болов уу гэдэг толгойны өвчин цэцэрлэг, сургуульд хүүхдээ өгсөн эцэг, эхчүүдэд байна шүү дээ. Сайн багш гэдэг шалгуурыг хангахын тулд тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийг заавал хангах хэрэгтэй. Бидний авч байгаа шалгалт нь багшид байх хамгийн доод хэмжээний шалгуур үзүүлэлт гэсэн үг шүү дээ. Үүнийг бүх төгсөгчид маань хангаад байхад таван жилийн дараа гэхэд үнэхээр сайн багш нартай болно.

-Шалгалтад ороод тэнцээгүй хүн зургаан сар хүлээдэг болж магадгүй юм байна. Тэгвэл энэ хугацаанд сургалт ч байдаг юм уу, ямар нэгэн зүйл хийж хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө бий юу?

 -Багшаар ажиллах эрхийн шалгалтад тэнцээгүй хүмүүсийг сургалтад хамруулахгүй. Ямар нэгэн юм хийхээр заавал төр рүү ханддаг. Тэгээд төрийн институт нь ачааллаа даахгүй байж хийхгээд байж болохгүй. Манайх 40 гаруй л арга зүйчтэй шүү дээ. Үндэсний хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн багш нарын 1,5,10 жил тутмын сургалтыг эрхэлж байна. Мөн багшаар ажиллах эрхтэй холбоотой болон эрхийг сунгах шалгалт гээд бүгдийг нь зохион байгуулж байгаа. Түүний дээр дахиад сургалт хийнэ гэвэл ачааллаа даахгүй шүү дээ. Тэгэхээр төрийн бус байгууллагын үүрэг оролцоо үүн дээр гарч ирэх ёстой. Тестэд нь тэнцэхэд нь туслах, шалгалтын талаар лекц унших зэрэг ажилд төрийн бус байгууллагуудыг оролцоосой гэж хүсч байгаа. Ер нь бэлтгэсэн хүмүүс шалгалтад сайн үнэлгээ авдаг. Хоёрдахь удаагийн шалгалтад оролцогчдынн эсээ бичлэгийг уншихад тэр хүмүүсийн хандлага огт өөр төвшинд очсон байсан. Ер нь бол “XXI зууны багшийг юу гэж үзэж байна, багш хүн ямар байх ёстой вэ, багшийн хандлагыг юу гэж ойлгож байна, багшийн ёс зүй гэдгийг өөрийнхөө юу гэж ойлгож байгаагаа бич гэсэн. Түүн дээр нь алдаа, найруулга зүй нь зөв хийгдэж үү гэдэг нь харагдаж байгаа.

-Та эсээнүүдээс нь харсан уу?

 -Манай экспертүүд нэг эсээг надад уншуулсан л даа. Нууц кодтой болохоор хэн гэдэг нь мэдэгдэхгүй. Тэр хүн “Би эхний удаагийн шалгалтыг маш их эсэргүүцэж байсан. Яахаараа миний дипломыг зөвшөөрдөггүй юм. Үнэнийг хэлэхэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хамгийн их дургүйцэж байлаа. Багшаар ажиллах эрхийн шалгалтын эсрэг блог, фэйсбүүк хуудас дээр би хамгийн идэвхитэй жиргэгч байсан. Дахиад хоёрдахь удаагийн шалгалтад орох болоход хэрвээ би эсээ бичвэл ямар сэдвээр бичих вэ гээд бэлдэхэд би сэтгэлзүйн хувьд багш болоогүй байснаа мэдэрсэн. Тийм учраас энэ шалгалт зайлшгүй байх ёстой юм байна. Ёс зүйгүй авир гаргаж байсандаа гутарч байна. XXI зууны багш гэдэг бол хамгийн эхэнд ёс зүйтэй байх ёстой. Өөрийгөө зөв илэрхийлэх ёстой юм байна. Уурлаж ундууцахын оронд өөртэйгөө л ажиллаж, өөрийгөө л бэлтгэх ёстой байж” гэж бичсэн байсан шүү.

-Багшаар ажиллах эрхийн шалгалтыг багш хүн ийм байна гэсэн хамгийн доод шалгуур гэлээ. Гэтэл их, дээд сургуулиуд өөрсдөө шалгалт авдаг. Төгсөхдөө ч улсын шалгалтаар ордог шүү дээ. Гэтэл яагаад танай шалгалтад олноороо тэнцэхгүй байна вэ?

 -Үүнээс олон юм харагдаж байгаа биз. Тэгэхээр их, дээд сургуулиудын хөтөлбөр ч өөр болох ёстой болж таарч байна. Хүнд хэрэгтэй, багшид хэрэгтэй сургалтын хөтөлбөртэй болох ёстой юм байна шүү. Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалтыг бид зохион байгуулдаг л даа. Тэгэхэд багш нар “Бидэнд яагаад сургалтын хөтөлбөрийг ингэж боловсруулдаг юм гэсэн хичээлийг ордоггүй байсан юм бэ”, “Амьдрал дээр багш болоод гарахад ийм юм хүлээж байгаа шүү. Боловсролын тухай хуулинд ийм заалт байдаг. Ийм давтамжтайгаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн сургалтад суугаад багшаар ажиллах эрхээ сунгана шүү гэдгийг яагаад хэлдэггүй юм бэ” гэдэг байсан. Одоо цоо шинэ хөтөлбөрийг МУБИС сургалтдаа ашиглаад багш мэргэжлээр сургадаггүй олон салбар сургууль байснаа харьяа харьяанд нь өгөөд яг л багш мэргэжлээр сургадаг чиглэлээ барьж байна. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд МУБИС дээр маш их ажил хийгдэж байгаа.

-МУБИС-ийн түргэвчилсэн сургалтаар магистр зэрэгтэй төгсч байгаа болон өндөр голчтой төгсөгчдийг багшаар ажиллах эрхийн шалгалтад оруулахгүй гэсэн яриа байсан. Энэ үнэн үү?

 -Тийм зүйл байхгүй. Ямарч тохиолдолд шинээр багш мэргэжлээр төгссөн хүн бүрээс багшаар эрхийн шалгалтыг авна. Энэ бол Боловсрол, шинжлэх ухаан болон Хууль зүйн сайдын шийдвэрээр батлагдсан журам юм. Түүнээс давсан шийдвэрийг их, дээд сургуулиуд гаргахгүй. Магадгүй багшаар ажиллах эрхийн шалгалтыг төгсөгч нарт нь очиж авах тиймэрхүү зүйл байхыг үгүйсгэхгүй. Тэр битгий хэл доктор зэрэгтэй байж байгаад гурван жил багш мэргэжлээр ажиллахгүй байхад багшаар ажиллах эрх нь цуцлагдана. Тэр тохиолдолд ч багшаар ажиллах эрхийн шалгалт өгнө. Шинээр төгсөгчид болон гурван ажил ажиллаагүй багшлах эрх нь цуцлагдсан сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нар заавал шалгалт өгөх ёстой.

-Ер нь өнгөрсөн наймдугаар сард болсон хоёр удаагийн шалгалтад хэчнээн хүн оролцсон бэ. Олон хүн тэнцээгүй гээд байсан?

-Хоёр удаагийн шалгалтын нийлбэр дүнгээр 5100 орчим хүн бүртгүүлж оролцсон. Тэднээс 34 орчим хувь нь тэнцсэн. Багш бэлтгэж байгаа сургуулиудын чанарын асуудал байна. Үүнээс төгсөгчид олон биш чанартай байх ёстойг сургуулиуд ойлгосон байх. Тэдний бэлтгэсэн багш нар Монголын ирээдүйг бэлтгэнэ, бий болгоно гэдгийг сайн бодолцох ёстой. Энэ чинь ерөөсөө л багш дээр тавигдаж байгаа том шаардлага.

-Ирэх жил бол журмынхаа дагуу хоёр удаа л шалгалт авах уу?

  -Журам өөрчлөгдөж улиралд нэг удаа шалгалт авагддаг болж магадгүй. Энэ шалгалтад тэнцвэл тухайн хүн ажилд ортол гурван жил хүчинтэй байна. Тэгээд ажилд орохдоо тухайн сургууль дээрээ мэргэжлийн шалгалт өгнө. Сургууль дээрээ бас сонгон шалгаруулалтад орж байж багшилна гэсэн үг. Тэгээд нэг жил ажиллаж байгаад манай дээр нэг жил ажилласан багш нарын сургалтад сууна. Тэгэж байж жинхэнэ багшаар ажиллах эрхээ авна. Таван жилийн дараа дахин сургалтад сууж сунгуулна. Ирэх таван жилд ажиллах эрхээ сунгуулна гэсэн үг. Аравдахь жил дээрээ бас эрхээ сунгуулна. Эхний жилээс хойш таван жил тутамд тэр багшийг хөгжүүлээд шалгуураа хангуулна. Тэгж байж хүүхэд бүрээ хөгжүүлдэг эрдэмтэй сайн багш нарын тухай ярихгүй бол бүгдийг нь сайн багш байна гээд бужигнаан дунд яваад байж болохгүй. Сургалтын ач холбогдол нь багш мэргэжлийнхээ хувьд сайн байхаас гадна “сайн багш” байхыг шахна. Багш хүн харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй байна. Тэгж байж сурагчдадаа үлгэрлэнэ. Сайн иргэдийг бэлтгэнэ шүү дээ.

-Ер нь сонирхоод асуухад ямар хичээлийн багш нарын эрэлт хэрэгцээ сургуулиудад илүү байдаг вэ?

  -Бид аймгуудад бүсчлээд сургалт зохион байгуулж байна. Аймгуудын боловсролын хэлтсийн дарга нар, судалгаа хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж байхад хамгийн их хэрэгцээтэй мэргэжлийг технологийн багш, дуу хөгжмийн багш гэж байгаа. Хэдийгээр хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургуулиуд мэргэжилтэн бэлтгэж байгаа ч багш мэргэжлээр төгсгөдөггүй юм байна. Хөгжимчин, дуучин, жүжигчин, бүжигчин, зураач гээд төгсгөчихдөг. Түүнээс хөгжмийн багш, зургийн багш, бүжгийн багш гэж байдаггүй. Уран бүтээлч гэсэн байдлаар төгсгөчихдөг юм билээ. МУБИС технологийн багш гээд нийтлэг ерөнхий боловсролын сургуульд хичээл ордог багш төгсгөдөг. Тиймээс энэ дээр МУБИС ирэх жилийн элсэлтдээ анхаарах байх. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд элсэлтийн шалгалт дээрээ 650-иас дээш оноотой хүүхэд багш мэргэжлийг сонговол төрөөс сургалтын төлбөрийн 70 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. 750-иас дээш оноотой МУБИС-д элсэж байгаа оюутнуудын тэтгэлгийг төр даахаар болж байгаа. Одоо МУБИС-д 2000 гаруй өндөр оноотой багш нар бэлтгэгдэж байна. Одоо тэд сайн багш нар л болно шүү дээ. Тэднийг дагаад өчнөөн олон оюутан сайн болохыг үгүйсгэхгүй. Энэ мэтээрээ таван жилийн дараа нийт багш нарын дөрөвний нэг нь сайн багшаар солигдоно шүү.

-Багшаар ажиллах эрхийн шалгалтад тэнцээгүй ч, багш шаардлагатай алслагдсан сум орнуудад очиж ажилласан бол ямар хариуцлага хүлээх вэ. Муугаар ярих юм бол танил талаа ажилд авчихсан сургуулийн захирлуудад ямар арга хэмжээ авах бол?

 -Ёстой жинхэнэ хяналтын байгууллагууд нь хуулиа бариад та энэ хүнийг ажлаас гарга эсвэл таниас арга хэмжээ авна гээд явна шүү дээ. Та ийм ийм журмыг зөрчсөн байна гэдэг асуудал тавина. Орон нутгийн сургуулийн захирлууд, боловсролын газрынхан “Энэ шалгалт үнэхээр зөв юм боллоо. Манай танил тал найз нөхөд ч юм уу, эсвэл олон жил ажиллаад тэтгэвэртээ гарсан багш нар миний хүүхдийг ажилд ав би боловсролын салбарт олон жил ажилласан гэж ярих тал бий. Тухайн хүүхдийн ямрыг мэдэхгүй үнэхээр хэцүү байдалтай байдаг байсан” гэж ярьж байсан. Сургуулийн захирлууд одоо “Бид ийм журамтай болсон. Та хүүхдээ шалгалтад оруулаа гээд сууж байдаг болсон” гэж байгаа.  

-Онлайнаар бүртгэл, шалгалтыг явуулж байгаа. Энэ үйл явцын хяналт нь ямар байдаг юм бол?

 -Онлайнаар бүртгэж байгаа. Шалгуулагчдыг тусгай кодоор дугаарлаж шалгалт авдаг болохоор хэн, хаана, яаж бөглөж байгаа нь хамгийн сүүлийн шатанд гарч ирдэг. Шалгалтын төв комиссын ахлагч оролцогчдыг мэдэх боломж байж болно. Гэхдээ хэдэн мянган хүнд ямар код өгснийг тэр хүн мэдэх боломжгүй. Мэргэжлийн хяналтын газар, Багш нарын үйлдвэрчний холбоо, Боловсролын үнэлгээний төвийн хяналт дор шалгалтын төв комиссын ахлагч ажилладаг. Мөн шалгуулагчид ч шалгалтаас өмнө өөрийгөө ямар кодтой байхыг мэдэхгүй. Өндөр хяналттайгаар шалгалт авч байгаа.

      Эх сурвалж: Нийслэл таймс сонин, сурвалжлагч Ж.Баярсайхан

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 566
  • Өчигдөр 6266
  • Сүүлийн 7 хоног 29173
  • Энэ сард 65324
  • Нийт 65324

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019