Хэвлэлийн мэдээ

Ч.ХИШИГМАА: БАГА БОЛОВСРОЛЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨР ҮНЭХЭЭР САЙН БОЛЖЭЭ

2014-08-28 08:49
Ч.ХИШИГМАА: БАГА БОЛОВСРОЛЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨР ҮНЭХЭЭР САЙН БОЛЖЭЭ
20140819_105942
Бовсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чанарын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил бага боловсролын хөтөлбөрийг шинэчилж, үндэсний 40 сургуульд туршсан. 
 
Туршилтын үр дүн амжилттай гарсан тул "Бага боловсролын цөм хөтөлбөр"-ийг баталж, энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр бэлэн болоод байгаа юм. Багшийн заах арга, хичээлийн явц, хүүхдийг дүгнэх үнэлгээ, багшийн үнэлгээ, сурах бичиг гээд цогцоороо шинэчлэгдсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн жил улсын хэмжээнд 30,000 гаруй багшид заах арга зүйн сургалт явуулсан билээ. Харин өнөөдөр бүх л ЕБС-ийн захирлууд, бага ангийн сургалтын менежерүүдийг цуглуулж, шинэ хөтөлбөрөө танилцуулан, сургалт зохион байгуулсан юм. Энэ үеэр бид 65-р сургуулийн захирал Ч.Хишигмаатай уулзаж, шинэчилсэн хөтөлбөрийн талаар цөөн асуултад хариу авлаа.    
 
-       Бага боловсролын хөтөлбөр шинэчлэгдээд энэ жил орон даяар хэрэгжих гэж байна. Та энэ шинэчилсэн хөтөлбөрийн талаар юу гэж бодож байна вэ?
 
-       Энэ хөтөлбөр бол өмнөх сургалтын хөтөлбөрөөсөө эрс ялгаатай. Нэгдүгээрт эрх зүйн бичиг баримтууд хуучныгаа бодвол их тодорхой болсон байна. Хоёрдугаарт, сургуулийн удирдалага, багш, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг их тодорхой болгож өгсөн. Гуравдугаарт, бид ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ урьдчилан харах боломж бүрдсэн байна. Шинээр баталсан Бага боловсролын цөм хөтөлбөр урьд урдынхаасаа хамаагүй сайн болсон байна. 
 
-       Хөтөлбөр шинэчилсэнээр яг хичээлийн танхимд ямар өөрчлөлт гарах вэ? 
 
-       Өмнө нь бол багш нар маань самбар шохойгоо ашиглаад л хичээлээ ордог байсан. Энэ шинэ хөтөлбөрийн дагуу бол багшаас заах аргын чадварыг маш их шаардаж байна. Мөн багаар ажиллах чадварт маш их анхаарал тавьж байна. Багш нар маань хичээл зүтгэл гаргаад ажиллах юм бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж өмнөхөөсөө бүр илүү нээгдэж байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нэг ангийн 30 хүүхдийг жагсааж суулгаад хуулан бичүүлээд түүнийгээ асууж дүн тавьдаг байдал одоо үүгээр арилж байна гэж ойлгож болно. Хүүхдийн өөрийн дур сонирхол дээр тулгуурласан, тэднийхээ үзэл бодлыг илүү тусгаж хичээлээ явуулах учраас хүүхдэд сонирхолтой, дээр нь маш үр дүнтэй болно. 
 
-       Бага ангийн багш нар хэр бэлтгэлтэй байгаа бол?
 
-       Бэлтгэл сайтай байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс бага ангийн багш нарт заах арга зүйн сургалтуудыг маш их зохион байгуулсан. Үр дүнд нь манай багш нар хүссэнээрээ хичээлээ орж, хүүхдүүдээ хүссэнээрээ хөгжүүлж чадах хэмжээнд хүрсэн. Одоо бага боловсролын цөм хөтөлбөр гар дээр нь оччихсон. Багш нар маань шинэ хэв маягаар хичээллэхэд бэлэн байгаа. Ер нь өмнө нь ямар нэг шинэчлэл хийхдээ ингэж, сургалтын менежер захирлуудад сургалт зохиож байгаагүй. Багш нарын төлөөлөл хэдэн хүн суугаад л ирээд ийм зарчмаар явах юм байна шүү гэж хэлээд л өнгөрдөг байсан. Энэ удаад бүгдэд нь нэг бүрчлэн сургалт явуулж байгаа нь маш зөв, сайхан санагдаж байна. Ялангуяа энэ сургуулийн сургалтын ажлыг гардан зохион байгуулдаг хүмүүс бол сургуулийн захирал, сургалтын менежерүүд. Тэгэхээр энэ бол маш зөв цагаа олсон арга хэмжээ боллоо 
 
-       Нэгээс тавдугаар ангийн сурах бичгүүд мөн шинэчлэгдсэн байна. Шинэ сурах бичигтэйгээ танилцав уу? Өмнөхөөсөө дээрдсэн зүйл нь юу байна вэ?
 
-       Шинэ сурах бичиг хийхдээ энэ жил анх удаа багш, сурагчдаас санал авч хийсэн. Агуулгын хувьд хүүхдээр өөрөөр нь илүү бодуулах, яриулах, хийлгэх дасгалууд орж ирсэн. Яг л сургалтын шинэ хөтөлбөрийнхөө дагуу зохиогдсон байна. Багш аливааг шууд ийм, тийм гэж заахаасаа илүү хүүхдийн санаа бодлыг сонсч, өөрсдөөр хийлгэж ойлгуулах тал руугаа анхаарсан дасгалуудтай. Үг, өгүүлбэр, утга агуулга гээд чанарын хувьд сайн болсон байна. Явцын үед хэвлэлтийн зарим нэг алдаа гарсан байх вий гэдгээс бусдаар санаа зовох зүйлгүй болжээ 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019