Хэвлэлийн мэдээ

"Даяаршиж буй ертөнцөд Монголоо өмөөрдөг шинэ үе үлдээе"

2014-06-18 12:17
"Даяаршиж буй ертөнцөд Монголоо өмөөрдөг шинэ үе үлдээе"
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй тэргүүлж буй салбарынх нь шинэчлэл, ахиц амжилт хийгээд ирээдүйн төсөөллийн талаар ярилцлаа.
 
-Уламжлалт боловсролын агуулга, чанар өөрчлөгдсөн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Хоёр жилийн хугацаанд шинэчлэл хэрхэн өрнөв?
-Уламжлалт боловсрол гэдэг ганц манай асуудал биш. Мэдээллийн технологигүй, мэдлэгийн үйлдвэрлэл хөгжөөгүй өмнөх үеийн боловсролын тогтолцоог өөрчлөхөөр дэлхий даяараа зүтгэж байна. Энэ шинэчлэлд дөрвөн сорилт, даалгавар тулгарсан. Өнөөдөр хүүхдүүд төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл авч байна. Тэгэхээр боловсролын мэдээллээ түүнээс илүү сонирхолтой болгох шаардлага гарсан.
Хоёрт, хүүхдүүд цагаа өнгөрөөдөг өөр, шинэ ертөнцтэй болчихлоо. Бидний үед фэйсбүүк, твиттер, телевизийн сувгууд, сонирхолтой нэвтрүүлэг байгаагүй. Харин одоо хүүхдийн анхаарал татах маш олон ертөнц байна.
Тиймээс хичээл, ном сурагчийн сонирхол татахгүй байгаа юм. Гуравт, амьдрал их хялбар болж, хялбар амьдрал хүсдэг бүтэн үе төрж байгаа. Сонгодог жишээ Японы ард түмэн үеийн үед маш хөдөлмөрч, ажилсаг түүхтэй. Гэтэл өнөөдөр хялбар амьдралын шинэ үед хөл тавьсан. Улмаар амьдралд тэмцэх, өрсөлдөх чадвараа алдаж байгаа хэрэг. Ийм ард түмнийг идэвхжүүлж, тэмцэх чадвартай болгохын төлөө боловсрол шинэчлэгдэх ёстой.
Ийм дөрвөн сорилт руу дэлхий тэр чигтээ яваад орсны дунд Монгол багтана. Энэ асуудлууд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар гарч ирсэн юм биш. 1990 оноос л өөрчлөлт эхэлсэн.
-Ардчилсан нийгэмд орсноос хойш аль асуудал нь илүү ахицтай яваа бол?
-Бусдыг бодвол боловс­ролын салбар аль ч сайдын үед шинэчлэгдэж ирснээрээ онцлог. Ямар со­рилт тулна, түүнийг давуулж ирсэн. Ялангуяа бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх нь шийдлээ эрсэн чухал асуудал байсан. Хуучин сайд нарын ажлын үр дүн, тайланг харж суухад нэг талаасаа ийм юм. Нөгөөтэйгүүр, зах зээлийн нийгэмд хүмүүсийн анхаарал мөнгө, наймаа руу шилжсэн. Үүнийг дагаад төрийн анхаарал ч өмч хөрөнгө, мөнгөнд төвлөрч эхэлж.
Энэ бодлогын үрээр боловсрол ямар цохилт амссан бэ гэхээр боловсрол, судлал, шинжлэх ухааны салбараас чадварлаг хэсэг нь дайжсан. Математикийн сайн багш ганзагын наймаанд явж, сургуулийн захирал, менежер нь компани байгуулах жишээтэй. Боловсрол судлалд, удирдлагын түвшинд үнэнчээр үлдэх хүн маш цөөрсөн.
Нэмээд боловсон хүчний чанар маш суларсан. Багшийг дахин сургах институтгүй болж, боловсролын тогтвортой үйл ажиллагаа алдагдсан, энэ салбарт суралцаж буй залуусын чанар доголдолд орсон. Жишээ нь, төгсөгчдийн мэргэжил сонголтод багш гэдэг нэлээд ухарч. Түүнчлэн элит буюу сурлага сайтай, шилэгдмэл залуус багш болдог байснаа больсон. Өөрөөр хэлбэл, элсэгчдийг ерөнхийд нь харахад сургуульдаа дундаж үнэлгээтэй хэсэг нь багшийн мэргэжил түлхүү сонгож байна. Бүгд биш шүү, дийлэнх нь.
-Нийгэм шилжсэн тэр бужигнааны хохирол ийм байж. Гэхдээ харьцангуй засаад ирсэн байх?
-Боловсрол өөрөө тэсч үлдэхийн тулд зах зээлийн маш хүчтэй шуургыг сөрсөн. Нөгөөтэйгүүр ард түмэн маань эрдэм мэдлэгт элэгтэй, боловсрол руу тэмүүлэх, дээдлэх инстикт/төрөлх чанар/-тэй учраас үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах хүсэлтэй. Өнгөрсөн хугацаанд бид сургуультай, цэцэрлэгтэй байлгахын төлөө ажиллаж ирсэн. Цаашид багш бэлтгэх, дахин сургах ажилдаа анхаарч байгаа.
 
-Шинэчлэлийн Засгийн газрын үед боловсролын шинэчлэлийн ажил олон нийтэд хамгийн их хүрч байгаа. Гол агуулга нь гэвэл та юу хэлэх вэ?
 
-Дөрвөн сорилтыг дава­хын төлөөх бидний хийсэн шинэч­лэлийн цөм нь хүүх­дээ сайн харъя гэдэг санаа. Боловс­ролын систем бүхэлдээ нэг л хүүхдийн төлөө ажиллах ёстой. Урьд нь, бүгдэд зориулсан ерөнхий онолоор нийт хүүхдэд зориулсан даалгавар өгч байсан.
Гэвч бодит байдал дээр хүүхэд бүр адилгүй, өөр өөр орчинд амьдарч, ондоо зүйл сонирхож байдаг. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлэх стратеги боловсруулсан. Ул­маар анги, менежмент удирд­лага, дүн үнэлгээ, багшийн чадвар гээд бүгдийг хөндсөн шинэчлэл хэрэгжүүлж байна.
Энэ хөтөлбөртөө олон улсын зөвлөх баг ажиллуулж байгаа юм. Тэр баг манай шинэчлэлийг дэлхийн хам­гийн сонгодог судалгааны үр дүнд нийцсэн байх ёстой гэж хэлдэг. Дэлхийн хөгжлийн чиг замтай нийлэх ёстой гэсэн үг. Өнөөдөр япончууд, америкчууд, Финлянд, Синга­пурт юу өөрчилж, сайж­руулахыг хүснэ, түүнд л бид зорих ёстой.
-Та ярианы эхэнд олон сонирхолтой ер­төнц бий болсон тул хи­чээлийн агуулгыг түүнээс сонир­холтой болгох тухай ярьсан. Аргачлал нь юу байх бол?
-Маш чухал. Хүүхэд яагаад пи-си тоглоомонд дуртай байна вэ. Учир нь, өөрөө тоглож байгаа болохоор л тэр. Хэн ч түүнд зааж, сургаж, даалгаж өгөөгүй. Мөн бага насны хүүхэд зурагтаар ойлгодоггүй нэвтрүүлэг, мэдээгээ үздэггүй биз дээ. Ердөө л, сонирхлыг нь дагая. Хүүхдийн хамгийн давуу чанар гэвэл өөрөө, бие дааж ямар нэг зүйл хийхийг хүсдэг. Чаддаг зүйлийг нь өгснөөр тэд сургуульдаа ирэх дуртай болно. 40 минутын хичээл бол хүүхдийг засдаг, дуртай зүйлээр нь хөгжүүлдэг болох ёстой. Тэгэхээр зөвхөн багш ярихын оронд хүүхэд өөрөө хичээдэг, сурдаг, дуртай зүйлээ хийхэд 15-20 минут зориулна.
 
Ингэхдээ сурагч бүр өөр, өөрийн чаддаг зүйлээ хийнэ. Түвшиндээ таарсан хичээлээ, сонирхол татсан зүйлээ давтах жишээтэй. Чаддаг, чаддаг зүйлээрээ сайжирч явсаар очих цэг нь нэг байх юм. Хүүхдийн өөр нэг онцлог нь урам авах их дуртай. Өсвөр насанд их хэрэгтэй тул үнэлгээний системд оруулсан. Сурагчид муу дүн тавихын оронд хийсэн хэмжээнд нь үнэлэх хэрэгтэй.
Минутад 10 үг уншдаг байсан бол одоо 15 үг уншдаг болжээ, сайн байна гэх жишээтэй. Хүүхдэд ингэж хандъя гэвэл багш маань тэвчээртэй, яарч сандардаггүй, адгадаггүй байх шаардлага гарна. Сурагчаа хийж дуустал нь харж, хүлээдэг тэвчээр хэрэгтэй. Урьд нь, багш хэдэн минут өгөөд хийж чадаагүй бол самбарт бичээд заадаг байсан. Хийж чадсан ганц хүүхдээс бусад нь хуулна. Дунд нь нэг даалгавар өгөөд бүгдийг нь зүтгүүлчихээр хоёр нь хийж чаддаг, 20 нь арай дуусаагүй, найм нь огт ойлгоогүй байдаг шүү дээ.
-Шинэчлэлийн гол агуулга нь багшаас их ха­маа­рах нь ээ?
-Багшаа дахин сургах шаардлагатай. Хүүхдээ урам­шуулж байгаагийн адилаар багш нараа зөвхөн хянах биш урамшуулна. Тэд өнөөдөр хамгийн нэр төртэй хэрнээ хүнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүс. Тэдний ажлыг хоосон цаасаар биш хүүхэд бүрийн ахицаар нь үнэлдэг болно. Урьд нь, олимпиадын аварга төрүүлсэн мундаг багш гэдэг байснаа больж ангийнх нь 30 сурагч бүгд өөр өөрийнхөөрөө хөгжиж чаджээ, мундаг гэж харна.
Багшид өгч буй эрх мэдэл бол хөтөлбөрөө өөрөө боловсруулах. Яамнаас цөм хөтөлбөр гаргаад явна, багшид ямар хичээлээ, хэзээ орох эрх нь нээлттэй. Үүнээс гадна сургуулиа ч урамшуулна. Компьютер технологи, спорт, англи хэл юм уу математик, физикийн хичээлээр түлхүү сайн сургууль байж болно. Цаашид энэ онцлогоо өндөр түвшинд хөгжүүлэхэд яам туслах юм. 500 мянган ондоо хүүхдэд зориулсан нэг хөтөлбөр яамнаас гаргаж бүх сургуульд тулгахаа больж сургуулиудад эрх олгоод, багш нарт эрх олгоод, хүүхдүүдэд нь эрх олгоё гэсэн.
-Сурлага сайтай төг­сөгчдөө багш мэргэжил сон­годог болгоход хэрхэн анхаарч байгаа бол?
-Өндөр оноотой төгсөгч багш болъё гэвэл сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дөрвөн жилд дөрвөн дадлага хийнэ. Багшийн сургуулийн дэргэд лаборатор сургууль ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, багш мэргэжлээр төгсөгчид шинэ дадал, ноу-хауг бүрэн эзэмших болно. Жилд мянга мянгаараа гарна. 5-10 жил багшилсан залуустай хамтраад салбараа аваад явах юм.
Багшид анхаарч, хүүхэд бүрт хөгжих боломж олгохоор үерийн ус шиг аяндаа түрээд ороод ирнэ. Сая бид лаборатор сургуулиудынхаа үр дүнг харж эхэлсэн. Гуравдугаар ангийн хүүхэд бие дааж тоогоо бодсоор байгаад тавдугаар ангийн түвшинд хүрчихэж. Авьяас нээх, хүүхдээ таних, хүүхдэд чаддаг зүйлийг нь өгөх процесс бүрдсэнээр бүх ажил хөнгөхөн болж байгаа хэрэг. Шинэчлэлд тийм их хугацаа шаардагдахгүй юм байна гэж бодсон шүү.
-Хүүхэд бүрийг хөг­жүү­лэх “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн үр өгөөж нь боловсролын үндсэн шинэчлэл юм байна?
-Уран зохиол, хэл бичгийн өндөр авьяастай хүүхдээс математикийн амжилт нэхээд хэрэггүй шүү дээ. Үүнийг бид “Авьяас” хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд урлаг, спорт, шинжлэх ухааны авьяастай бүтэн үе төрүүлнэ гэж бодож байгаа. Улмаар тэр хүүхдэд итгэл бий болгоно. “Ном” хөтөлбөрөөр дамжуулж хүүхэд өөрөө ном бүтээх ажилд оролцох жишээтэй.
Эцсийн дүндээ хүүхэд өөрөө л хийж сурдаг гэдэг үндсэн онол дээр л буух юм. Даяаршиж буй дэлхий ертөнцөд үндэсний онцлогоо хадгалж үлдэхийн тулд “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эх орноо мэддэг, монгол ахуйгаа ойлгодог төгсөгчтэй болъё. Ядаж монгол бөхийн тухай бүрэн мэдлэгтэй, морь уралдаан, гэр барих, мал аж ахуй, нүүдэлчид, тал нутаг гэхчлэн тээж ирсэн өв соёлоо хүүхдэд бүрэн эзэмшүүлэхийг зорьж байгаа юм. Даяаршиж буй ертөнцөд Монголоо өмөөрдөг шинэ үе үлдээх шаардлагатай.
-Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нэлээд төсөв хэрэгтэй. Өнөөдөр эдийн засаг хүндэрчихсэн байгаа үед ажилд хэр их бэрхшээл тулгарах бол?
-Монголын Засгийн газар мөнгөтэй ч бай, үгүй ч бай сургуулиудаа аваад л явна. Бид реформоо байгаа мөнгөнийхөө хэмжээнд хангалттай хийж чадна. Ширээ сандал шинэчлэх биш дотоод зохион байгуулалтаа өөрчлөх асуудал шүү дээ.
Ер нь бид төсөв, санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй болохоор амьдралын бүх юмаа зогсоох гэж оролддог. Гэтэл санхүү гэдэг амьдралын үргэлжлэх процессоос гарч ирдэг зүйл. Цаашид боловсролын систем өөрөө эдийн засгийн шинэ үе бий болгох учиртай. Тиймээс одоо л сайн төгсөгч гаргах нь бидний хамгийн том даалгавар.
-Ерөнхий боловсролын сургуулийн шинэчлэл их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай хэрхэн уялдах юм бэ?
-Дунд сургуульдаа хүүхэд өөрөө ямар нэг юм “нухаад” байна. Түүгээрээ дагнаж явсаар тэдний “амьдардаг” газар нь их, дээд сургууль болох ёстой юм. Урьд нь, багшаас өгсөн даалгавар хийхийн төлөө хичээлд явж, шалгалт өгөхийн тулд ном уншдаг байсан бол өнөөдөр өөрийнхөө сонирхол, хүсэл тэмүүллийн дагуу хичээнэ.
-Боловсролын салбарт шинэчлэл ингэж өрнөж байна. Гэтэл үүнтэй нягт холбоотой эрдэм шин­жилгээ, шинжлэх ухааны ажлыг орхигдуулсан гэдэг.
-Шинжлэх ухааны хувьд огтлолцдоггүй хоёр байр суурь бий. Бид шинжлэх ухаанд мөнгө өгөөд байхад үр дүн яав аа гэж ард түмэн асуудаг. Гэтэл эрдэмтэд нэг л өдөр үр дүн гарна, ажиллаж байгаа гэдэг. Энэ хоёр хоорондоо нийлэхгүй болохоор салбарын ажил явахаа больсон юм билээ.
Одоо шинэчлэхэд хэд хэдэн асуудал хөндсөн. Салбарт гажиг гарсан шалтгааны эхэнд бид юу судлах вэ гэдэг даалгаврыг буруу зарчмаар өгдөг байж. Уг нь, эрдэмтдийн судалгааны ажлын сэдвийг Засгийн газар захиалдаг. Захиалга нэртэй ч тэр эрдэмтэн өөрөө саналаа оруулаад л батлуулж ирсэн. Эрдэмтэн хүн өөрөө шинэ сэдэв сонгож, хазайхаас илүү өмнөх судалгаагаа үргэлжлүүлэхийг хүсдэг. Гэтэл тэр сэдэв нь дэлхийд шал ондоо болоод хөгжсөн юм уу судлаад дууссан байх жишээтэй.
Хоёрт, хурдхан үр дүнд хүрэхийн тулд зөвхөн Монголынхоо асуудлыг шийдье гэдэг байсан. Үнэндээ Монгол дахь асуудлын шийдэл хайя гэвэл эрдэмтэд  бусад орноос хуулчихдаг. Хөгжсөн улс орны шийдлийг эрдэм шинжилгээ нэрээр хуулах шаардлагагүй. Тэгвэл цаашид даалгаврыг зөв болгоё гэсэн. Товчхондоо дэлхийн эрдэмтдийн судалж байгаатай зэрэгцээд ажилла.
Хорт хавдрын эмчилгээ, чихрийн шижингийн бэлдмэл, 3D принтерийг хөгжүүлье. Гэвч ингэж бүхэлд нь өөрчлөхөд тулгарсан нэг асуудал бий. Орчин цагийн эрдэм шинжилгээний ажил техникийн хүчээр урагшилж байхад манайд уламжлалт буюу ажиглах аргаар л явж байна. Хоёр эс нийлүүлээд үр дүнг харахын тулд олон удаа давтаж ажиглавал дор хаяж таван жил шаардлагатай. Гэтэл техник хөгжсөн газар нэг минут, нэг цаг, нэг өдөр л болдог. Манайд байхгүй зүйл бол шинэ цагийн техник.
-Асар үнэтэй гэж халширсаар ирсэн асуудал шүү дээ. Ямар гарц харагдаж байна?
-Хүчээр хийх. Төр эрсдэлээ үүрээд дэлхийн хэмжээний лаборатор байгуулах хэрэгтэй. Ингэснээр олон улсын судал­гаа, шинжилгээний төслүүд манайд орж ирнэ. Засгийн газар энэ жил анагаах ухааны амьд эсийн лаборатор анх удаа байгуулахаар болсон. Хавдар судлаач, эс судлаач бүх хүн ирэх боломж нээг­дэнэ. Цаашид зориглоод ба­раг дэлхийн өөр газар байх­гүй дээ гэмээр 5-10 төр­лийн лаборатор байгуулах шаард­лагатай.
Улмаар аль ч орны эрдэмтэн ирж ажиллах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш хуучин шиг лаборатор нь нэг багшийн мэдэлд байдаг бол бүтэхгүй. Ядаж л шинжлэх ухааны ажил хийхэд татвараас чөлөөлж, хөнгөлдөг болмоор байгаа юм. Бид өнөөдөр чөлөөт бүсийн тухай ярьдаг. Тэгвэл Монгол Улс тэр чигтээ шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажлын чөлөөт бүс болъё л доо. Ер нь, 10 сая хүрэхгүй хүн амтай улс орны хөгжлийн цор ганц гарц нь шинжлэх ухаан. Финлянд, Франц, Эстони, Латви, Литви, Тайвань гээд л шинжлэх ухааны ачаар эдийн засгийн хөгжилд хүрсэн олон орон бий.
-Товчхондоо, ухаанаа зарж амьдаръя л гэсэн үг байх нь?
-Ерөөсөө хүн төрөлхтнийг шинжлэх ухаан л удирдаж байгааг монголчууд бүрэн ойлгох хэрэгтэй. Улс орнууд үйлдвэрлэл, үйлчилгээ, зэвсэг техник, наймаа арилжаа биш шинжлэх ухааны олол­тоор л хожиж байна. Эргээд үйлдвэрлэгчид маань шинж­лэх ухааныг тэжээж байдаг. Үйлдвэрлэгчид маань шинж­лэх ухаанд хөрөн­гө оруулъя гээд маш их хэмжээний мөнгөө олон улсад нээлттэй түгээдэг.
Жишээ нь, 100 сая ам.доллараа зуун өөр төсөлд хуваа­гаад санхүүжүүлэхэд 99 нь амжилтгүй, нэг нь оно­лоо гэж бодъё. Тэр ганц­хан ололтоор шууд тэрбум ам.доллар олдог учраас шинж­лэх ухаанд зориулах мөн­гө маш их. Энэ бол өөрийн бол­го­ход маш хялбархан, элбэг мөнгө. Үүнийг олж авч чаддаг бүтэц, зохион байгуулалт руу л бид зорьж байгаа.
Засгийн газар Шинжлэх ухаанд төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-д өргөн барьсан. Бидний баялаг бол шинжлэх ухаанаар бэлтгэгдсэн хүмүүс. Монголд зөв даалгавар байхгүй, машин техникгүй, төрийн дэмжлэггүй тул тэр хүмүүс гадаад руу явсан. Харин шаардлагатай дэд бүтцээ байгуулчихвал эргээд ирнэ, олон улсын эрдэмтдийг ч дагуулна.
Хэрэв дэд бүтцээ байгуулчихвал уул уурхайн салбарт орж ирдэг хөрөнгийг дор нь нугална даа. Нүүрс бол хязгаарлагдмал зах зээлтэй. Гэтэл шинжлэх ухааны ганцхан нээлт хийхэд л маш их амжилтад хүрнэ. Олон улсаас хөрөнгөө өөрөө олж, даалгавар нь тодорхой байдаг учраас шинжлэх ухааны салбараас маш олон тэрбумтан төрөх боломжтой.
                                                                                                                              Эх сурвалж: Ардчилал сонин 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3262
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3262
  • Энэ сард 77132
  • Нийт 77132

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019