Хэвлэлийн мэдээ

Хүүхдүүд өмнө нь хэзээ ч ийм идэвхтэй байгаагүй

Хүүхдүүд өмнө нь хэзээ ч ийм идэвхтэй байгаагүй

Боловсролын салбарт хийгдэж байгаа бага боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн бага ангийн багш С.Жаргалсайхантай ярилцлаа.

- Сайн байна уу? Таны ажил өндөр үү?

- Сайн, сайн байна уу? Ажил сайн. Хичээл дуусаад ангийнхаа зарим хүүхдэд давтлага өгөөд л сууж байна.

-Муу сурдаг хүүхдүүддээ юу?

- Үгүй ээ. Манай ангид муу сурдаг хүүхэд гэж байхгүй. Ер нь одоо цагт муу сурлагатан гэдэг үг, дүгнэлтээс татгалзаад байгаа шүү дээ. Хүүхдийг нэг л удаа тэгээд тодорхойлчихвол хүүхэд түүнтэйгээ эвлэрээд, урам зориггүй болдог. Аливааг удаан сурдаг гэсэн ойлголт байхаас муу сурдаг гэсэн ойлголт байхгүй. Хүүхэд бүхэн чадна. Тэдэнд боломж л олгох хэрэгтэй. Тэдний хүсэл, сонирхлыг харгалзаж, тэдэнд тусалж дэмжих нь зүйтэй.

- Нээрэн тийм байх шүү. Таныг давтлага өгч байна гэхээр чинь л...Биднийг бага байхад сурлага муутай хүүхдүүдэд л давтлага өгдөг шүү дээ.

 - Ер нь бол мэдээж ахиулах шаардлагатай хүүхдэд л давтлага өгнө. Та, бидний бага байх үеэс ялгаатай нь одоо хүүхдүүд өөрсдөө суръя, мэдье, урагш ахья гээд санаачлагаараа давтдаг болсон. Багш бол зүгээр л сурахад нь тусалж байна. Ангийн маань дөрвөн хүүхэд өөрсдийн хүсэлтээр тооны хичээлээ хийж байна. Тоондоо сайн нэг хүүхэд нь энэ дөрөвтөө тусалж байна.

 - Хэддүгээр анги вэ?

 - 4е анги.

 - Хэдэн хүүхэдтэй вэ?

 - 31 хүүхэдтэй.

- Боловсролын яамнаас салбарынхаа чанарыг нь шинэчлэх бодлого баримталж байгаа. Түүний хамгийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Ангийнхаа 31 хүүхдийг жигд хөгжүүлж чадаж байна уу? Ер нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой юм уу? 

- Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа. Нийслэлийн 40 лаборатори сургуульд туршиж байгаагийн нэг нь манай сургууль. Хүүхэд бүрийн авьяас, сонирхол дээр нь тулгуурлаж хичээл, сургалтаа олон янзаар явуулж үзэж, туршлаа. Маш сайн үр дүнд хүрч байна. Үүнээс харахад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж итгэлтэйгээр дүгнэж байна.

- Жишээ нь яаж өөрчлөгдөв? Та ямар аргаар ангийнхаа 31 хүүхдийг хөгжүүлж байна вэ?

- Би сүүлийн хоёр жил зураг урлалын аргаар хүүхэд бүрийг хөгжүүлж байна. зураг, наамал, хайчилбар гээд хүүхдүүдээр бүтээл хийлгэж байна. Хүүхдүүд маань ч их дуртай байгаа. Манай ангид одоо хайчилбар хийдэггүй хүүхэд гэж байхгүй.

- Хайчилбар хийх нь хүүхэд бүрийн сонирхол мөн гэж үү? Зарим нэг нь төвөгшээхгүй байна уу?

- Зарим нь ч эхэндээ хойрго л байсан. Учир нь дургүйдээ биш. Чадах болов уу гэсэн эргэлзээнд байсан. Ер нь хүүхэд бүрийг хөгжүүлье л гэж бодож байвал эхлээд хүүхэд нэг бүрээ зөв тодорхойлох хэрэгтэй. Юу сонирхдог, ямар авьяастайг нь мэдэж авна гэсэн үг. Мэдэгдэхгүй байвал илрүүлнэ гэсэн үг шүү дээ. Хайчилбар хийх гээд чадахгүй дээ гэсэн эргэлзээ, айдастай байсан хүүхдүүдэд урам зориг өгч, заагаад өгөхөөр чадсаныхаа дараа маш их аз жаргалтай болдог. Ахин дахин л хийгээд байдаг.

- Хүүхдээр наамал, хайчилбар хийх нь ямар ач холбогдолтой юм бэ?

- Бага насны хүүхдээр ийм зүйл хийлгэж, сонирхлыг нь татах маш чухал. Хүүхэд сууж, төвлөрч сурдаг. Оюун сэтгэлгээ нь тэлнэ. Гарын эв дүйтэй болно. Аливааг хийж чадах юм байна гэсэн итгэл төрнө. Энэ бүгд маш чухал шүү дээ.

- Бусад хичээлүүдээ хэрхэн заадаг вэ?

- Мөн л наамал, хайчилбараа ашиглана. Хүүхдэд өөрийнх нь сонирхож хийдэг зүйлээр нь дамжуулж заавал амархан ойлгож, тогтоодог. Тоо, Монгол хэлний хичээл, ёс суртахууны хичээлдээ технологийн хичээл дээр хийсэн хэрэглэгдэхүүнээ ашиглана. Өөрийнх нь хийсэн зүйлийг ашиглаад заахаар хүүхэд маш дуртай байдаг. Хичээлдээ дуртай, сонирхолтой байна гэдэг бол тухайн хүүхэд хөгжинө өө л гэсэн үг шүү дээ. Ямар ч хичээлийг аль болох хүүхдэд ойр байдлаар заадаг болсон. Мэддэг,хийдэг зүйлээр нь жишээ татаж тоо бодуулах. Хийсэн зүйлийг нь ашиглаад үг өгүүлбэр, жижиг өгүүлэл зохиолгох гэх мэт.

- Та хэдэн жил багшилж байна вэ?

- Би боловсролын байгууллагад 25 жил ажиллаж байна.

- Өмнө нь хичээлээ ийм маягаар явуулж, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байгаагүй гэж үү?

- Өмнө нь яамнаас заасан хуваарийн дагуу, заах ёстой хичээлээ орох ёстой цагтаа ороод л шалгах цагтаа шалгадаг байсан шүү дээ. Яамныхаа даалгавраар л явна. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд л багш нар өөр өөрсдийн аргаар аль болох хичээлээ сонирхолтой явуулахыг хичээж байна. Хуучин шигээ яамнаас энэ цагт ийм хичээл ор гэхээ больчихсон. Багш нар өөрсдөө мэддэг эрх мэдэлтэй болсон. Гол нь тэр жил сургах ёстойгоо л сургасан байх ёстой. Харин яаж вэ гэдэг нь багшийн л хэрэг. Үүний үр дүнд л ингэж өөрчлөгдөж байна.

- Өөрчлөлт хийхэд хүүхдийн сурлагад ямар ялгаа гарч байна?

- Тэс өөр байна. Хүүхдүүд өмнө нь хэзээ ч ийм өөртөө итгэлтэй байдлаар хичээлд оролцдог байгаагүй. Хичээлдээ их дуртай, идэвхтэй, их өрсөлдөөнтэй болсон. Нэг нэгнээсээ хоцрох тун дургүй шүү. Ямар сайндаа л ойлгохгүй байгаагаа хичээлийн дараа ингэж үлдэж мэдчихээд явж байхав дээ. Бас би ангидаа хөтөч хүүхдүүдээр хичээлээ явуулдаг. Зарим хүүхдүүд багшаас эмээгээд гүйцэд асууж чаддаггүй. Харин хөтөч хүүхэд заагаад өгөхөөр нөгөө хүүхдээсээ санаа зовох зүйлгүй асуудаг. Амархан ойлголцдог. Амархан сурдаг.

- Тэгэхээр ангийн тань 31 хүүхэд сурлагын хувьд бүгд ижил амжилттай яваа байх нь ээ?

- Тийм.

- Бага ангийн хүүхдийг үгэн үнэлгээгээр үнэлдэг болж байгаа гэсэн. Үнэн үү? Хэр оновчтой үнэлгээ юм бэ дээ?

- Маш зөв. Хамгийн гол нь тэр их сониуч, мэдэх гэсэн сурах гэсэн хүүхдийн хүслийг өдөөж өгч байгаа том алхам гэж бодож байгаа. Хуучин 100 үгтэй цээж бичиг бичүүлээд 51 үг алдвал шууд л “F” буюу муу дүн тавиад түрүүн чиний хэлдгээр муу сурлагатан болгочихдог байсан. Гэтэл тухайн хүүхэд маань 59-ийг нь зөв бичиж чадсан байна шүү дээ. Энэ бол маш сайн биш ч хангалттай үзүүлэлт. Тиймээс хангалттай гэж үнэлж байна. Тэгээд миний хүү одоо дахиад тэднийг зөв биччихэд л сайн гэж магтуулна шүү дээ гэхээр л хүүхэд урам зоригтой, өөртөө итгэлтэйгээр урагш тэмүүлдэг байхгүй юу. Зарим ээж аавууд манай хүүхэд яг хэд сураад байгаа юм бэ гэж асуудаг. Арга ч үгүй. Маш олон жил тас хийсэн дүн тавиад л сурлагыг нь тэр чигт нь тогтоочихдог байсан. Одоо бол аль болох дээш ахиулахын төлөө хичээллэж, дүгнэдэг болсон. Аль болох л ээж аавтай нь ойр ажиллах шаардлагатай болсон. Ирэх жил үндэсний хэмжээнд ингээд дүгнээд ирэхээр эцэг эхчүүд хүүхдэд нь маш их хэрэгтэйг ойлгоод дасчих байх аа.

- Баярлалаа, танд амжилт хүсье

- Баярлалаа.

эх сурвалж: news.mn

http://www.news.mn/content/180464.shtml

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2965
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 2965
  • Энэ сард 76835
  • Нийт 76835

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019