Хэвлэлийн мэдээ

Монгол хүүхдийн төлөө Монголчуудаас илүү зүтгэж буй Япон бүсгүй!

 

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 8 сургууль байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багш хүрэлцээ муутай байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ертөнцийг ойлгож, тэдэнд туслахыг хичээдэг, хүсдэг хүмүүс цөөнгүй. Гадаад улсын иргэн биднээс илүү сэтгэл гарган ажиллаж байгаа нь бахархмаар. Уншигч танд Япон улсын иргэн,  “ Sujatashand” ТББ – ын захирал Кимико Такаши багшийг танилцуулж байна.

Сайн байна уу? Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу ?

Би Монголд ирээд 10 жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах төрийн бус байгууллага нээгээд 3 жил болж байна. 3 жилийн хугацаанд айлуудаар явж хичээл зааж байна. Заримдаа яармагт байдаг нэг цэцэрлэгт хэдэн хүүхэд цуглуулаад групп сургалт бас хийдэг.

Та ямар мэргэжилтэй вэ ?

Би цэцэрлэгийн багш. Анх Монгол улсад ирээд Дархан аймагт цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 100 гаруй хүүхдэд гэрээр нь хичээл зааж байна. Энэ жилээс эхлээд Налайх дүүргийн хүүхдүүдтэй бас ажиллаж байгаа. 5 дахь өдөр бүр Налайх явдаг.

Хэдээс хэдэн насны хүүхдэд хичээл заадаг вэ?

Энэ жилийн хамгийн бага хүүхэд нь нэг нас дөрвөн сартай. Хамгийн том нь найман настай байгаа. Нэг жилийн хугацаанд манай хичээлд яваад дараа нь сургууль , цэцэрлэгт ордог хүүхэд байна, орохгүй хүүхэд байна. Манайхыг үйл ажиллагаа явуулж эхлэхэд л явж байсан хүүхэд ч бий. Одоо  гурван жил сурч байна.

Та яагаад монгол хүүхдүүдтэй ажиллая гэж бодсон бэ ?

Эхлээд Жайкагийн шугамаар Дархан аймагт хоёр жил багшилж байсан. 1998 – 2000 он хүртэл гэсэн үг. Тэгээд 3 жил Япон руу буцаж яваад 2004 оноос одоог хүртэл 10 жил Монголд тасралтгүй ажиллаж байна. Монголд 2004 онд хувийн цэцэрлэгт нэг жил ажилласан. Дараа нь өөр цэцэрлэгт ороод арга зүйч, ангийн багш , эрхлэгч хийгээд 6 жил ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар сайн анхаарахгүй байгаа юм шиг санагдсан. Тэр үед миний хийх ажил хэрэггүй болсон. Яагаад гэвэл Япон багшийн арга зүй Монгол сургалтын арга зүйтэй таарахгүй байсан. Тэгээд энд ажиллах утгагүй санагдаад буцаад явъя гэж бодож байсан. Тэгтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал миний санааг зовоож байсан. Тэгээд би үүннийг хийж чадах байх аа гэж бодсон. Тэгээд төрийн бус байгууллагаа нээгээд ажиллаж эхэлсэн.

Та хүүхдүүдэд ямар ямар хичээл дасгал заадаг вэ ?

Ер нь бол янз бүр. Хоёр долоо хоногт нэг сэдвээр хичээл орно. Нэг хүүхэдтэй 7 хоногт нэг удаа уулздаг. Тэгэхээр нэг сэдвээрээ хоёр удаа хичээл ордог гэсэн үг.Учир нь ганцхан цаг ажилладаг болохоор тэр. Жишээлбэл одоо энэ хүү 9 дүгээр сараас хойш 7 хоног бүрийн хоёр дахь өдөр хичээл үзэж байгаа. Гэхдээ заримдаа өөр ажил гараад тасалдах үе байдаг. Хүүхдээр дасгал хийлгүүлнэ. Бас үлгэр ярьж өгнө.

Энэ хүү анх таныг ирэхэд ямар байсан бэ ? 9 сараас хойш юу юу сурсан бэ ?

Ямар ч байсан хоёр долоо хоногт нэг үлгэр үзэж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос хойш “Өнхрүүш” үлгэрийг үзэж байна. Дунд нь 3 удаа хичээлээ тасалсан. Тэгээд сууж сурч байгаа, ганцаараа босож байгаа. Намайг сайн таньдаг болсон гээд их мундаг байгаа. Юмыг хардаг, тоглоомоо барьдаг болсон. Хэвтье, босъё , сууя гэж хэлэхээр ойлгоод хамт хийдэг болсон.

Энэ хүү яг ямар өвчтэй юм бол ?

Монголд оношлохдоо тархины саажилт гэсэн. Герман эмч үзээд тархины саажилт биш гэсэн байгаа. Тэгээд ээж , аав нь гадагшаа явж шинжилгээ хийлгэх гэж байгаа. Анх төрснийх нь дараа 38 градусын халуунтай хүүхэд гарсан гээд мененгиттэй байж магадгүй гээд  нугаснаас их ус авсан гэсэн.

Ингээд хичээлээ заагаад байвал хүүхэд яваандаа хэр зэрэг сайжрах бол ?

Тэрийг сайн хэлж мэдэхгүй. Би эмч биш учраас.

Та өөрийн мэддэг , чаддаг зүйлээ монгол багш нарт зааж байгаа юу ?

Ямар бэрхшээлтэй байна. Түүнээс шалтгаалаад заах арга, хичээлээ тохируулах хэрэгтэй. Зарим багш нар юу заах вэ ?, Яаж хүүхэдтэй харьцах вэ ? гэдгээ мэдэхгүй байна. Би МУБИС – ийн боловсрол судлалын төв дээр тусгай хэрэгцээт боловсролын багш нарт 8 удаа хичээл заасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт гэсэн сэдвээр хичээл орсон. Хүүхдийн бэрхшээл янз янз байна. Жишээлбэл ДЦБ буюу тархины саажилт гэсэн дотроо олон янз байна. Алхаж явдаг хүүхэд байна, ерөөсөө алхахгүй хүүхэд байна. Тэгэхээр багш нар яг энэ хүүхдэд юу таарах вэ ? гэдгийг сайн мэдэхгүй байна.  Жишээлбэл энэ “Өнхрүүш” гэж үлгэрийг 1 настай хүүхдэд ч бай 7 настай хүүхэд ч бай бүх хүүхдэдээ адилхан нэг долоо хоног заадаг. Тэр дотор тархины саажилттай хүүхэд, таталттай хүүхэд, оюун ухааны бэрхшээлтэй хүүхэд ч байгаа бүгд энэ үлгэрээр явна. А хэлбэрийн тархины саажилттай хүүхэд будаж чаддаг бол будуулна, өнгө сонгож чаддаггүй бол би өнгийг нь сонгож өгнө. Хэлний бэрхшээлтэй хүүхэд, харааны бэрхшээлтэй хүүхэд энэ үлгэрээс юу сурах боломжтой вэ гээд  хүүхэд бүр өөр учраас энэ тухай би багш нарт хэлж өгсөн. Хүүхдийг мэдэрч , ойлгох нь чухал байдаг.

Төрийн бус байгууллага учраас  хөрөнгө , санхүүгийн асуудлаа яаж шийддэг вэ ?

Энд тэндээс хандив , тусламж гуйдаг. Японоос хувь хүмүүс надад их тусалж байгаа. Харин Жайка бол өөр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа болохоор хэрвээ надтай хамтарч ажиллая гэж санал тавивал дэмжинэ. Налайхын хүүхдүүдтэй ажиллахдаа ЮНИСЕФ- тэй хамтарч ажиллаж байна. Налайхад анх 9 хүүхэд байсан одоо 5 нь үлдсэн бусад нь цэцэрлэгт орчихсон байгаа.

 Та төрийн бус байгууллагадаа ганцаараа л ажилладаг юм уу ?

Тийм ээ. Цаашид өөр хүмүүст мэддэг, чаддаг юмаа зааж өгөх санаа байна. Би гадаад хүн учраас ямар нэг асуудал гарвал шууд Япон руу буцна. Тиймээс Монгол багш бэлдмээр байна. Даанч санхүүгийн талаас хүндрэлтэй.

Японд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг туршлагын талаар ярьж өгвөл сонирхолтой болов уу ?

Би Японд байхдаа ийм ажил ерөөсөө хийж үзээгүй. Зүгээр энгийн цэцэрлэгийн багш байсан учраас тусгай сургуулийн талаар сайн мэдэхгүй. Энд ирээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй  ажиллахын тулд аль болох тэднийг ойлгох, мэдрэх, туслахыг хичээсээр байгаад л ажиллаж сурсан. Энэ хүүхэд яагаад ийм байна гэдгийг олж мэдээд туслах арга замаа олдог .

 7 хоногийн хэдэн өдөр ажиллаж байна ?

1 – 4 өдөр Улаанбаатарт , 5 өдөр Налайх дүүрэг, хагас сайн өдөр хэдийгээр сургууль , цэцэрлэгт явж байгаа ч гэсэн тусламж хэрэгтэй хүүхдүүд манай гэрт ирж хичээл заалгадаг. Ингээд бүтэн сайн өдөр  амардаг.

Сүүлийн үед хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа тухай яривал ?

5 сарын 27 нд Монгол – Японы төв дээр энэ жил хичээлд суусан бүх хүүхдүүдээ цуглуулж жижигхээн баярын арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. Хүүхдүүд бүгд цуглаад үлгэр үзэж, хамт тоглох юм. Энэ арга хэмжээг жилд нэг удаа зохион байгуулдаг. Жилийн тайлан гэсэн үг.

Та хичээл заах хүүхдүүдтэйгээ яаж холбогдож, олж мэддэг юм бэ ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо гэж байдаг. Зарим хүүхдүүдийг хорооны нийгмийн ажилтнаас мэдээлэл авч танилцаад хичээл заахаар болдог.

Ингээд танд хүсэлт тавьсан айл болгонд очиж хичээл заах боломжтой гэсэн үг үү?

Тийм ээ. Гэхдээ энэ жил бол хүүхдийн тоо дүүрсэн байгаа. Ирэх 9 дүгээр сараас эхлээд шинэ хүүхдүүд авч болно.  Энэ жил би 30 хүүхэдтэй ажиллаж эхэлсэн,  тэднээс 4 нь цэцэрлэгт ороод одоо 26 хүүхэдтэй ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад хамгийн сайхан юм нь бас хэцүү юм нь юу вэ?

Хэцүү юм гэж байхгүй. Санхүүгийн талаар бодвол жаахан хэцүү. Гоё юм нь гэвэл өнөөдөр энэ хүүхэдтэй би нэг цаг ажиллахад ямар ч байсан сайн үр дүнд хүрч чадлаа, өглөө очсон айлын хүүхэд намайг хараад багш ирсэн гэж баярлаж байгааг харах сайхан байдаг. Бас эцэг , эхчүүд нь хүүхэд нь сайжирч байгааг хараад надад баярлалаа гэж хэлэхэд их гоё байдаг.

Цаашид та хэр удаан Монголд ажиллах вэ?

Ямар ч байсан 3 жил ажиллана байх. Цаашдаа би байхгүй ч гэсэн надтай адил ажил хийх хүн гарвал маш сайн байна. Хүүхдүүд гэртээ биш олон хүүхэд хамт байх орчныг бүрдүүлж чадвал сайн гэж бодож байна. Би ганцаараа хийж гүйцэхгүй байна. Өнгөрсөн гурван жилийн дотор ямар ч байсан дүүргийн хүмүүстэйгээ танилцаж чадсан. Нийслэлийн боловсролын газрын хүмүүстэй танилцаж чадсан. ЮНИСЕФ – тэй хамтарч ажиллахаар болсон зэрэг бусад том том байгууллагууд одоо миний хийж байгаа ажлыг хэрэгтэй гэж бодож байгаа. Яагаад хэрэгтэй вэ гэхээр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй учраас байнга гэртээ байх ёстой юм уу үгүй шүү дээ. Өөр хүмүүстэй хамт байж янз бүрийн дуу чимээ сонсох, янз бүрийн үнэр мэдрэх хэрэгтэй, бусдыг харж мэдрэх хэрэгтэй. Тийм боломж олгоё гэж бодоод би хичээж байгаа.

Т.Түвшинсайхан

Эх сурвалж: hunnu.mn

http://www.hunnu.mn/content/43101.htm

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 407
  • Өчигдөр 6266
  • Сүүлийн 7 хоног 29014
  • Энэ сард 65165
  • Нийт 65165

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019