Хэвлэлийн мэдээ

Гэрийн даалгавар бол мэдсэнээ гэртээ бүтээхийг хэлнэ

2014-05-13 09:18
Уншигч та бүхэнд боловсролын салбарт хийж буй шинэчлэл, гарч байгаа өөрчлөлтүүд жирийн сургууль, цэцэрлэг, багш, хүүхэд, эцэг эхчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжилж, цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Баянгол дүүргийн иргэн Ё.Оюунчимэг болон түүний ач хүүтэй уулзаж, ярилцлаа. Ё.Оюунчимэгийн ач хүү Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн наймдугаар ангид сурдагбөгөөд хүүгийнхээ ангийн багштай уулзчихаад гарч явахад нь таарсан юм.

Гэрийн даалгавар гэдэг бол хуулж бичдэг биш сурсан мэдсэнээ гэртээ бүтээгээд ирэхийг л хэлдэг юм байна

Уншигч та бүхэнд боловсролын салбарт хийж буй шинэчлэл, гарч байгаа өөрчлөлтүүд жирийн сургууль, цэцэрлэг, багш, хүүхэд, эцэг эхчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжилж, цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад бид Баянгол дүүргийн иргэн Ё.Оюунчимэг болон түүний ач хүүтэй уулзаж, ярилцлаа. Ё.Оюунчимэгийн ач  хүү "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн наймдугаар ангид сурдаг бөгөөд хүүгийнхээ ангийн багштай уулзчихаад гарч явахад нь таарсан юм.

  • Сайн байна уу? Би сонины сурвалжлагч байгаа юм аа. Тантай хэдэн хором ярилцаж болох уу?
  • Сайн. Сайн байна уу? Юуны тухай ярих юм бол доо?
  • Танай хүүхдийн багш, сургууль, хичээлийнх нь талаар л цөөн хэдэн зүйл тодруулах гэсэн юм...?
  • Тийм бол болно оо. Бололгүй яахав.
  • Танай хүүхэд энэ сургуульд нэгдүгээр ангиасаа эхэлж сурч байна уу?
  • Манай ач хүү байгаа юм. Тиймээ нэгдүгээр ангиасаа сурч байгаа.
  • Одоо наймдугаар анги юм байна. Сурлага нь хэр байна даа?
  • Миний хүү ерөнхийдөө сайн сурч байгаа. Энэ жил бүр ч их сайжирсан. Хичээлдээ их сонирхолтой. Математик, физикийн хичээлдээ илүү дуртай. Ялангуяа физикийн хичээл дээр мэдсэн юмаа гэртээ ирээд л оролдоод суучихдаг. Энэ жилээс хичээл нь их өөр маягаар ордог болсон гэсэн.
  • Өөр маягаар хичээл орж байгаа нь танд мэдрэгдэж байна уу?
  • Өмнө нь энэ физик, математикийн хичээл чинь самбар дээр нэг томьёо бичүүлээд л түүнийгээ цээжлүүлж, бодуулаад л дараа нь цээжилсэн үгүйг нь шалгаад л явчихдаг байсан. Одоо болохоор аль болох хүүхэд бүрт хүртээмжтэй ойлгуулахыг эрмэлздэг болсон байна. Физикийн тэр олон үзэгдлүүдийг бүгдийг нь хүүхдүүдэд лабораторийн хичээлээр үзүүлээд, гарт нь бариулаад, өөрсдөөр нь туршуулаад хийлгэж байна.Манай хүү чинь гэртээ ирээд гарын доорх юмаа ашиглаад хоёр утас холбоод л, гэрлийн чийдэн асаадаг юм хийгээд суучихна. Түүндээ дуртай гэж жигтэйхэн. Цахилгаан холбоо, гүйдлийн хичээл орж байгаа гэсэн. Тэгээд багш нь өөрсдөөр нь хийлгэх замаар хүүхдүүддээ ойлгуулдаг болсон байна. Хүү маань хичээлдээ их л дуртай болж байгаа нь ажиглагддаг.
  • Яаж байна?
  • Яах юу байх вэ. Харваас л андашгүй. Өглөө босоод хичээлдээ явах, хүрч ирээд даалгавраа хийж байгаа нь гээд л маш өөр болж байгаа. Би өөрийн төрүүлсэн хүүхдүүдээс эхлээд ач, зээ олон хүүхдийг л сургууль төгсгөж байлаа. Хүүхэд ингэж хичээлдээ дуртай байхыг харж байсангүй/инээв/. Ач хүү маань одоо бүр эвдэрсэн, шатсан юм байвал засчихна. Би учрыг нь мэддэг болсон л гээд байгаа. Энэ нь хүүхдүүд хичээлээр олж авсан мэдлэгээ хэрэглээ болгож чадаж байна гэсэн үг биз дээ. Тэгэхээр багш сайн зааж байна. Хүүхэд ч хичээлээ маш их сонирхож үзэж байна. Гэрийн даалгавар гэдэг бол хуулж бичдэг биш сурсан мэдсэнээ гэртээ бүтээгээд ирэхийг л хэлдэг юм байна.Энэ бол үнэхээр зөв арга гэж бодож байна даа.
  • Хүү тань ямар авьяастай вэ? Авьяасгүй хүүхэд гэж байдаггүй гэдэг шүү дээ.
  • Тийм. Бас багш нар хүүхэд бүрийн авьяасыг нь нээж сонирхлыг нь тодорхойлох гэж их хичээдэг болсон байна. Хуучин бол дуулдаг, бүжиглэдэг хүүхдийг л гоц авьяастай гэдэг байлаа шүү дээ. Гэтэл одоо энэ сургууль дээр нь хэрэгжээд байгаа “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн зөвхөн дуулж, бүжиглэх, жүжиглэх, спортын авьяасуудаас гадна техникийн сонирхол, авьяасыг нь нээж хөгжүүлж байна. Миний хүү бол техникт сонирхолтой, түүндээ ч их авьяастай. Ийм авьяастай гэдгийг нь нэгхэн жилийн өмнө л мэддэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийн авьяас сонирхлыг нь тодорхойлно гэдэг бол хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд маш том ач холбогдолтой юм гэдгийг мэдэрч байна даа.
  • Та хүүгийнхээ багштай хэр холбоотой байдаг вэ? Хүүхэд сургана, хүмүүжүүлнэ гэдэг бол ганц сургуулийн,  багшийн хийх ажил биш гэдэгтэй санал нийлэх үү?
  • Мэдээж санал нэг байна. Би сая л гэхэд уулзаж хүүхдийнхээ сурлагын талаар л асууж, зөвлөгөө авлаа. Гэрт нь юу хийлгэх вэ, хичээлдээ ямархуу байна, гэр бүлийн зүгээс юуг анхаарах вэ гээд л. Хүүгийн маань ангийн багш Д.Хишигмаа өөрөө физикийн багш. Маш сайн багш байдаг юм. Өнгөрсөн намраас эхлээд хүүхдийн сурлагын “Ахицын дэвтэр”  гэж хөтөлдөг болсон. Тэгээд хэн хэдий хэр хугацаанд сурлагын хувьд хэрхэн ахив гэдгийг хүүхэд бүр дээр тодорхойлдог юм байна. Хүүгийн маань хувьд багшийнх нь хэлж байгаагаар эхлээд физикийн хичээлээ нэг л сайн ойлгож, өгдөггүй идэвх муутай байсан гэж байна. Тэгээд ингэж туршилтын журмаар хичээлээ явуулдаг болоод хүүхэд бүрт хүрэлцээтэй хэрэглэгдэхүүнтэй болоод эхэлтэл эрс сайжирсан байна. Тэр нь цаасан дээр авсан дүнгээс нь, амьдрал дээрдур сонирхлоос нь тод харагдаж байгаа юм.
  • Та тэр туршилт хийдэг лабораторийг нь харсан уу? Үнэхээр хүүхэд бүрт хүрч чадаж байна уу?
  • Чадалгүй яах вэ. Сүүлд боловсролын яамнаас өгсөн гээд цоо шинэ мундаг лаборатори байна шүү дээ. Ерөөсөө физик, химийн бүх л туршилтыг хүүхэд бүр хийж болохоор, хүүхдүүд аваад ашиглаж болохоор мундаг юм өгсөн байна билээ. Гол нь самбар дээр зурснаас нүдээр үзэж, гараар бариад хийхээр хүүхэд ойлгож, дуртай бололгүй яах вэ дээ. Бидний үед ямар ийм юм байсан биш/инээв/. Самбар дээр л шохой барьж байгаад л хурд яаж олох вэ гээд л боддог байлаа шүү дээ.

  Б.Тэмүүлэн: Физикийн хичээл надад эвдэрсэнийг засахад тусалдаг

  • Чи ямар хичээлдээ хамгийн дуртай вэ?
  • Математик, хими, физик
  • Яагаад энэ хичээлүүдэд дуртай гэж?
  • Физикийн хичээл надад эвдэрсэнийг засахад тусалдаг. Тоо, химийн хичээл ч гэсэн бидний амьдралд маш их хэрэг болдог. Химийн хичээлийн туршилтаар би хортой хоргүй шингэнүүдээс авахуулаад янз бүрийн зүйлсийн найрлагуудыг нүдээр харж мэдэж авдаг.
  • Чи багаасаа л энэ хичээлүүдэд дуртай байсан уу?
  • Үгүй. Энэ жилээс маш их дуртай болсон. Хичээл маань их гоё, сонирхолтой ордог болсон.

Эх сурвалж: news.mn

http://www.news.mn/content/178677.shtml

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019