Хэвлэлийн мэдээ

Боловсролын болон багшлахуйн зорилго гэж юу вэ?

2019-05-30 09:29

Аугаа багш нар суралцагчдын урам зоригийг бадрааж, тэднийг дэмжиж чаддаг, тэднийг амьдралынх нь аян замын турш өөрчилж чаддаг хүмүүс юм. Тэд өөрсдийнхөө төлөө бус суралцагчдын төлөө заадаг. Цаг хугацаанаас үл хамааран аугаа багш нарт тийм гэж хэлэхэд хэцүү нэгэн чадвар байдаг. Тэр бол тухайн мөчид бус амьдралынх нь туршид сурагчийнх нь сэтгэл зүрх, оюун бодолд хадгалагдах зүйлийг үлдээх чадвар юм. Adams, J.S., 2016

Багшлахтай холбоотой гарч ирэх эхний асуулт бол боловсролын зорилго юм. Боловсролоор дамжуулан хүрэхийг хүсэж буй үр дүн, төлөвшүүлэхийг зорьж буй хүний дүр төрхийг боловсролын зорилго гэж хэлж болно. Боловсрол гэдэг үргэлжид тодорхой үр дүнд чиглэгдэж байдаг зорилго бүхий үйл ажиллагаа учраас энэ үйл ажиллагааг юуны төлөө залах, чиглүүлэх вэ гэдгийг шийдэх нь багшлахын эхний чухал алхам. Боловсролын зорилгыг юу гэж үзэх нь үндэсний буюу орон нутгийн түвшний асуудал төдийгүй багш сурагчдын харилцаа ямар байхыг ч шийднэ.

Боловсролын зорилго, зорилтыг стандартчилан тогтоох хандлага байгаа ч түүнд хүрэх алхам буюу өдөр бүрийн үйл ажиллагааг багшийн мэдэлд даатгахаас өөр арга үгүй. Боловсролын эцсийн зорилгод хэрхэн яаж хүрэх нь багшийн үйл ажиллагаанаас хамаарна. Энэхүү үүргийг гүйцэтгэхийн тулд багш боловсролын хувьд юу үнэ цэнтэй, боловсролтой хүн ямар, сайн сайхан амьдрал/нийгэм ямар байх талаар өөрийн гэсэн тодорхой үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй байх ёстой.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019