Хэвлэлийн мэдээ

Сайн багшаас сайхан ирээдүй эхтэй

2019-05-20 15:38

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг

Монголын багш нарын ээлжит VII их хурлыг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа

Та ажлаа авангуутаа л багш, сурагчдын ачааллыг бууруулах талаар дуугарсан. Үнэхээр тийм их ачаалалтай байсан уу?

- Сүүлийн жилүүдэд багш нарын ажлын ачаалал ихэсч, сурагчдын сурлагын чанар муудаж байна, ялангуяа бага ангийн хүүхдүүдийн ачаалал хэрээс хэтэрлээ гэдэг шүүмж хаа сайгүй гарч байгаа. Тийм учраас сайдаар томилогдож ирснийхээ дараахан тушаал гаргаж, 21 аймаг, есөн дүүргийн багш нарын төлөөлөл болсон сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш нарын Үндэсний багуудыг бүрдүүлж, одоо хэрэгжиж байгаа ЕБС- ийн сургалтын “Цөм” хөтөлбөрийн судалгаа, шинжилгээг хийлгэлээ. Үндэсний багийнхан ажиллаад, тэдний хийсэн судалгаанууд дээр Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд ажиллаад, манай ЕБС-ийн багш нарын төдийгүй сурагчдын ачаалал их байна гэж дүгнэсэн. Ганцхан жишээ хэлэхэд манай дийлэнх багш нар нийт ажиллах цагийнхаа 37 хувийг үндсэн багшлах ажилдаа зарцуулаад 63 хувийг бусад нэмэлт ажилд зарцуулж байна гэсэн судалгаа гарсан. Олон улсын жишгээр бол ажлынхаа 85 хувийг багшлах чиг үүрэгтээ зориулж, 15 хувийг нь хөтөлбөр боловсруулах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг бусад ажилд зохицуулдаг юм билээ. Гэтэл манайд энэ харьцаа хэт урвуу болох нь харагдсан.

Багш нар 419 төрлийн нэмэлт ажил хийдэг талаар Та мэдээлэлж байсан?

- Тийм ээ. Багш нарын долоо хоног, сар, улирал, жилдээ хийдэг ажлуудыг жагсаалгаж бичүүлсэн. Нийтдээ тэдгээр 70 гаруй багш давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг гэсэн жагсаалт гаргасан байна. Мэдээж нэг багш биш шүү дээ, манай багш нар. Тухайлбал, дарга, удирдлагын илтгэл, мэндчилгээ бичих, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн гаргах, нийтлэл, захидлын уралдаан шүүх, Улсын төрөлжсөн олимпиадаас өөр төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит олимпиадуудын зохион байгуулалтад оролцох, ном, сургалтын материал борлуулах, сонгуулийн хорооны ажлын хэсэгт ажиллах гэх мэт багшлах үндсэн ажилд нь садаа болсон албан бус ажлууд их байна.

Мөн сурагчдын ачаалал их байгааг судалгаагаар гаргалаа. Сургалтын агуулга, зорилтыг анги тус бүрээр нь гаргаад үзэхэд жигд бус, хөрөөний ир шиг дүр зураг харагдаж байна. Сургалтын агуулга бол хүүхдүүдийн насны онцлогт тохирсон, агуулгын давхцалгүй, жигд өсөлттэй байх ёстой. Цэцэрлэгээсээ дөнгөж орж ирсэн зургаан настай хүүхдүүдийг гэрийн даалгавраар “нүдээд” сурах сонирхол, идэвхийг нь бууруулдаг, сургуульдаа явах дур сонирхол нь нэгдүгээр ангиас эхлэн буурсаар буурсаар эцэстээ сургуульд явах хэцүү юм байна гэдэг ойлголттой болтол залхаах маягтай явж иржээ.

Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд та ямар алхам хийв?

- 2019 оны дөрөвдүгээр сарын 02- ны өдөр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргалаа. 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-аас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Ер нь цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-аас батлах журамд нийцүүлэн зохион байгуулна. Дурын төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит арга хэмжээ хийж, хүүхэд, багш нарыг дайчилдаг явдал газар авчээ. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй аливаа үйл ажиллагаанд багш нарыг оролцуулахыг хязгаарлаж, үүнээс шалтгаалсан нэмэлт ачаалал үүсгэхгүй байвал хүүхдүүдтэйгээ тулж ажиллах боломж нэмэгдэх нь гарцаагүй юм.

Хүүхэд хөгжих боломжийг хэтэрхий хязгаарлачхаж байгаа юм биш биз?

- Харин ч хүүхдийн ачааллыг бууруулж, хөгжих боломжийг нь нэмэгдүүлнэ. Мэдээж хэрэг тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүнлэг тусч зан чанар, харилцааны соёлтой болгох, бие бялдрын хөгжлийг хангахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа, багийн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг дэмжинэ. Гагцхүү эдгээр уралдаан, тэмцээн зохион байгуулахад суралцагчаас хураамж авахыг хориглосон байгаа.

Энэ онд боловсролын салбарын түүхэн үйл явдлууд, тухайлбал Ардыг гэгээрүүлэх яамны 95 жилийн ойн хүрээнд Монголын багш нарын VII их хурал болж байна. Их хурлаас ямар үр дүн харж байна?

- Монгол Улсын боловсролын салбарт хоёроос 20 гаруй насны нэг сая хүүхэд, залуус сурч, хүмүүжиж байна. Сургуулийн өмнөх боловсролд 260 мянган хүүхэд хүмүүжиж, ерөнхий боловсролын сургуулиудад 600 мянга, их, дээд сургуульд 160-аад мянган оюутан суралцдаг. Энэ том салбарын үйлчилгээ хүрэхгүй айл өрх, хамааралгүй иргэн Монголд байхгүй гэж хэлж болно. Боловсролын байгууллагын гол хүч нь багш нар. Монголчууд багшаа гүнээ хүндэтгэж ирсэн. Багш дор мөргөмү ч гэдэг. Багшгүй хүн ч гэж үгүй биз. 1990- ээд оноос эхэлсэн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн жилүүдэд багшийн нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмж буурч, тэдний тулгамдсан асуудал, ачаалал ихэссэн нь нууц биш. Үүнийгээ 26 жилийн дараа ярилцъя, их хурлын төлөөлөгчдөөр дамжуулж, нийт багш нарынхаа дуу хоолойг сонсъё, ажил хэрэгтээ тусгая, хэрэгжүүлэхээр зорьж байгаа бодлого шийдвэрүүдээ, хийж байгаа ажлуудаа мөн танилцуулж ярилцъя гэсэн зорилгоор зохион байгуулж байна. Сайн багшаас сайхан ирээдүй эхтэй. Сайхан ирээдүйн төлөө багш нараа дэмжье, урам зоригийг нь нэмэгдүүлье.

Та сайдаар ирсэн даруйдаа БСШУСЯ 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, тодорхой зорилт дэвшүүлснээ танилцуулж байсан. Зорилтуудын хүрээнд ямар ажил хийгдэж байна?

- Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 13 хууль, үндэсний есөн хөтөлбөрийг шинэчлэх болон нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулж, өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр зорилт тавьж байгаа. Дээрх зорилтод Боловсролын багц хуулиуд багтаж байгаа. Багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн санал, зөвлөмжийг ч хуульд тодорхой хэмжээгээр тусгах зорилготой ажиллаж байна. Зарим хуулийн төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлэх нь дараагийн том зорилт. Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгож, бүх сургуулийг хичээлийн хоёр ээлжинд шилжүүлэх үүрэг, даалгаврыг Засгийн газраас өгсөн. Он дамжин хэрэгжиж, гүйцэтгэл нь удаашралтай байгаа цэцэрлэг, сургуулийн барилгын ажлуудыг шахаж, олон мянган хүүхдүүдийн эрхийг хөндөж буй хариуцлагагүй компаниудын “чихэнд хонх жингэнүүлж” ажиллана.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019