Хэвлэлийн мэдээ

Багшаас сурах бичиг хэрхэн хийхийг асууж байна

2014-05-06 08:43
Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Шинэчлэлийн их ажлыг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Баянгол дүүргийн Ган зам 20-р сургуулийн багш Д.Алтантуяатай уулзаж цөөн хором ярилцлаа.

Д.Алтантуяа: Түүхэндээ анх удаа багшаас сурах бичиг хэрхэн хийхийг асууж байна

Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Шинэчлэлийн их ажлыг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Баянгол дүүргийн Ган зам 20-р сургуулийн багш Д.Алтантуяатай уулзаж цөөн хором ярилцлаа.

  • Өнгөрсөн жилээс эхлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь багш та бүхний хамгийн гол зорилго болсон. Үнэхээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж байна уу?
  • Яг энэ цагт бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж бүрдээд байна. Өмнөх үеүдээ бодвол харьцангуй бүх зүйл нээлттэй болоод байна шүү дээ. Өнгөрсөн жил би математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тавдугаар анги төгсгөсөн. Анх шинэчилсэн хөтөлбөрийг тухайн анги дээрээ туршиж багагүй амжилтанд хүрсэн. Тухайлбал, өнгөрсөн жил бид ангиараа Монгол хэлний олимпиадад оролцож, нэгдүгээр байр эзэлсэн. Мөн энэ жил бүх сургуулийн бага ангиас индексийн шалгалт гэж авсан. Тэр шалгалтад манай ангийн 46 хүүхэд бүгдээрээ амжилттай оролцож, гурван сая төгрөгийн батламж гардсан. Улс ингэж хүүхэд нэг бүрийн амжилтыг ангиар нь авч үзэж, шударгаар үнэлж байгаа нь багш бидэнд их урам зориг өгч байгаа.
  • Өмнө нь яаж үнэлдэг байсан гэж?
  • Өмнө нь зөвхөн сонгож авсан хэдэн хүүхэдтэйгээ ажиллаад, тухайн хүүхдүүдээ л олимпиадад бэлдэж хөгжүүлдэг байсан бол одоо нийтээр нь авч үзэж, хүүхэд нэг бүрчлэн хөгжүүлдэг болж, түүнийг нь үнэлдэг болж байна.
  • Хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарч байна?
  • Манай хүүхдүүд бүгд урам  зоригтой болсон. Манай анги шилдэг анги юм чинь би, бид бүгдийг нь чадах ёстой. Манай ангийн тэр чадаж байгаа юм чинь би ч бас чадна гэх мэтчилэн тэд маань өөрсөддөө маш их итгэдэг болсон. Багш хүн ерөөсөө хүүхдэд урам хайрлаж, хүүхдэд итгэл төрүүлэх ёстой юм байна. Тэгээд хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлах ёстой юм байна гэдгийг мэдэж авсан даа. Хүүхдэд нэг шинэ зүйл зааж өгөхөд заримд нь мэдээж хоцрогдол гарна. Тухайн үед нь л хүүхдэд “миний хүү үүнийг чадна” гэсэн урам өгөхөд л хүүхэд амархан сурчихдаг. Хуучин бол тэгээд л тэр хүүхэд муу сурлагатан болчихдог байсан шүү дээ.
  • Таны өөрийн сургалтын арга барилд ямар өөрчлөлт гарав?
  • Багш нар хоорондоо арга зүйгээ солилцож байна. Багш нараа хөгжүүлэхийн тулд яамнаас маш их хэрэгтэй сургалтуудыг зохион байгуулж, бид оролцож байна. Бид багаараа их ажилладаг болж байна. Өмнө нь багш зөвхөн конспект бичиж батлуулаад л түүнийгээ харж заах нь гол байлаа шүү дээ. Хамаг цагаа конспект бичихэд зарцуулдаг байсан бол одоо багшийн гарын авлага, хүүхдийн сурах бичгийг дагаад багшийн ном гэж хүртэл ирдэг болж байна. Тийм болохоор бид тэр багшийн ном, гарын авлага дээрээ тулгуурлаад л энэ хичээл дээрээ бид ийм хэрэглэгдэхүүн бэлдэе. Энэ арга зүйгээр заахад тэр хэрэглэгдэхүүн тус болох юм байна гэх мэтчилэн бүх зүйл эрх чөлөөтэй болоод ирэхээр багш өөрөө бүхнийг ойлгоод хүүхдэд яаж ойлгуулахаа илүү чөлөөтэй сэтгээд ирж байгаа юм. Тэгээд ангидаа ороод хүүхдүүдэд гарт нь бариулаад, үзүүлээд, туршилтыг нь хийлгээд эхлэхээр хүүхдүүд түүндээ маш их сонирхолтой болдог. Энэ бол хамгийн гол үр дүнтэй өөрчлөлт.
  • Та зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдүүдийн багш. Энэ зургаан нас хүүхэд сургуульд явж эхлэхэд хэтэрхий балчир нас уу?
  • Үгүй. Зургаан настай хүүхдүүдийн онцлог нь ой тогтоолт их сайтай, оюун ухааны хурд их сайтай байдаг шүү дээ.
  • Зургаан настай хүүхдүүдтэй ажиллаж, тэднийг нэг бүрчлэн хөгжүүлэхэд багш хүн юунд их анхаарах вэ?
  • Зургаан настай хүүхдүүдийн харин сул тал нь анхаарал удаан төвлөрдөггүй. Удаан суух чадвар сул байдаг. Тийм болохоор багш хичээлдээ бодит үзүүлэн ашиглаж, хүүхдийг залхаахгүй, уйдаахгүй байх хэрэгтэй. Хүүхэдтэй хамтран ярилцах хэрэгтэй. Жишээ нь, тоо тоолох хичээл орлоо гэж бодоход хүүхэд яг бодитой дүрсээ бариад, өөрсдөө хараад, тоолвол илүү хурдан сурдаг. Нэмэх хасах үйлдэл заахдаа бид урьд нь самбар шохой хоёр л ашигладаг байлаа шүү дээ. За, таваас хасах нь гурав тэнцүү хэд вэ? гээд л хуруугаар нь бодуулдаг байсан. Харин одоо бол бид хүүхэд бүрт хүртээмжтэй хэрэглэгдэхүүн бэлдээд эхлээд өөрсдөөр нь тоолуулаад, тэгээд нэмж хасуулаад бодуулахад хүүхэд маш амархан сурч байгаа юм.
  • Сурсан хүүхдүүдээ үгэн үнэлгээгээр үнэлдэг болж байгаа. Энэ танд ямар санагдаж байна вэ?
  • Хүүхдийг өөрийг нь өөртэй нь харьцуулдаг болсон. Бусадтай биш. Чи өмнө нь ийм байсан одоо ийм болж байна гэх мэтчилэн. Хүүхдийн мууг нь хэлэхээс илүү чадаж байгаад нь урам өгдөг болж байна. Энэ үнэлгээнд шилжсэнээр хүүхэд хэзээ ч өөрийгөө муу гэж дүгнэхээ больсон. Багш намайг чадна гэсэн би чадна. Би өнөөдөр чадсан учраас энэ таван хошууг авсан гээд урамшаад явдаг. Энэ бол бидний хүүхэд бүрийг хөгжүүлэх ажилд түлхэц болж чадсан их зөв үнэлгээний арга болсон.
  • БШУ-ны сайд өнгөрсөн намар бүх дүүргийн багш нартай уулзахдаа багшийг конспектны ажлаас чөлөөлнө. Түүнд зарцуулдаг цагаа хүүхэддээ зориулдаг бол гэж байсан. Тэр үед багш нар их баяртай хүлээж авсан. Энэ яриа биелсэн үү?
  • Бид өмнө нь ч гэсэн ярьдаг байсан. Бид нар ингээд л конспект бичиж батлуулж байхынхаа оронд хүүхдүүд үзүүлэх юмаа бэлдэж баймаар байна шүү дээ гэж багш бүр бухимддаг байсан. Гэвч тэр үед үүнийг нэг их сайн анхаардаггүй байсан юм шиг байгаа юм. Харин Л.Гантөмөр сайдын үед эхэлж байгаа энэ шинэчлэл юун түрүүнд багшаасаа ингэж эхэлж байгаад бид баяртай байдаг.
  • Бас шинээр гарах сурах бичгүүдэд багш нараас санал авдаг болсон гэсэн. Ингэх нь зөв үү?
  • Манай сургууль дээр улирал болгон сурах бичгүүд дээр санал авч байгаа. Сурах бичигт ийм асуудал бидэнд тулгамдаад байна шүү гэсэн багшийн үгийг авна гэдэг бол тэр сурах бичиг улам л сайжирна гэсэн үг шүү дээ. Өмнө нь хэзээ ч ингэж багш нараасаа санал авч байгаагүй.
  • Ярилцсанд баярлалаа
  • Баярлалаа.

Эх сурвалж: news.mn

http://www.news.mn/content/177998.shtml

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019