Хэвлэлийн мэдээ

Англи хэлний багш Дональд Трампын албан бичигт “Муу” тавьжээ

2018-05-29 09:55

Багш нийгэмдээ нөлөөлөх чадвар бүхий, оюунлаг тэргүүлэгч хүмүүс болохыг баталсан нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Америкт боллоо.

Америкийн дунд сургуулийн англи хэлний багш сургуулийн орчны аюулгүй байдлын талаар саналаа Цагаан ордонд хандан бичжээ.  Үүний хариуд ерөнхийлөгч Дональд Трампийн гарын үсэг бүхий захидал 5-р сарын 03-ны өдөр хатагтай Айвона Мэйсэний хаягаар ирсэн байна. Захидлын ерөнхий утга нь  “Америкийн дунд сургуульд гарсан халдлага, харамсалтай хэргийн талаар сэтгэл зовнин саналаа илэрхийлсэнд талархаад, сургуулийн аюулгүй орчны талаар  сурагчид,  багш, эцэг эхчүүдийн төлөөллийг  Цагаан ордонд урьж хэлэлцүүлэг хийсэн, мөн хуулийнхны санал авч байгаа талаараа дурджээ. Эдгээр форум хэлэлцүүлгийн үр дүнд үндэстний сургуулиудын  аюулгүй байдлыг хангахад дорвитой арга хэмжээ авах болно. 2018 онд сургуулийн орчны халдлага хүчирхийллийг зогсоох хуульд гарын үсэг зурсан. Хамтарч ажилласанд баярлалаа. Энэ улсын ерөнхийлөгчийн хувьд америкийн залуус ирээдүйн удирдагчдын аюулгүй байдал нэгдүгээрт байдаг” гэжээ.

Гэтэл энэхүү захидал нь маш олон утгын болон үг үсгийн алдаатай бичигдсэнийг Айвона Мэйсэн багш анзаарч сурагчийн дэвтрээ засаж байгаа мэт улаан эрээн болгон олон нийтийн сүлжээнд тавьсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Эцэст нь тэрбээр ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний ажлын албаныхны бичих найруулах ур чадварт “D” буюу муу гэсэн үнэлгээ өгчээ.

Америк, Монголын орчин нөхцөл соёл харилцан адилгүй ч багш хүн хэрхэн нийгэмдээ нөлөөлж, санаа тавьж явдаг, мөн мэргэжил, ур чадварын хувьд тэргүүлэгч байж чаддагийг харуулсан энэхүү үйл явдалд дэлхий дахин алга ташин баяр хүргэж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018