Хэвлэлийн мэдээ

“Боловсролын нийгэм зүйн асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний IV хурал

2018-01-19 12:22

“Боловсролын нийгэм зүйн асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС, МУИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв хамтран  үндэсний түвшний дөрөв дэх  удаагаа зохион байгуулж байна. 

Тус хурлыг боловсролын нийгэм зүйд тулгарч буй асуудлыг тодорхойлох, шинжлэх, шийдэх, арга замыг хайх зорилтын дор 2018 оны 1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд МУБИС,МБУС-ийн захирал, дэд профессор О.Алтангоо,  МУИС-ийндэд захирал Б. Очирхуяг, БМДИ-ийн сургалтын албаны дарга Р. Туяа,Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор О.Пүрэв,  Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргал нар оролцож үг хэлсэн ба  МУБИС,  МУИС-ийн профессор багш, судлаачид, Боловсролын хүрээлэнгийн захирал, мэргэжилтэн, судлаачид, БМДИ-ийн мэргэжилтэн, арга зүйч, судлаачид, Боловсролын үнэлгээний мэргэжилтэн судлаачид мөн ХААИС, ШУТИС, Эдийн засаг санхүүгийн дээд сургууль, ЕБС-ийн  багш, магистр, доктор, бакалаврын оюутнууд оролцож байна.

Хурлын үзэл санаа, агуулга:

Хүнжисэн нийгэм, нийгэмжисэн хүн. Энэ бол бүхлийн ухаан, бүхлийн зарчмаар хүрч буй хүн, нийгмийн харьцаа, хамаарлын тулгуур ухаарал юм. 

Хүнийг нийгэмжүүлэх, нийгмийг хүнлэгжүүлэх арга хэрэгсэл нь угтаа боловсрол байдаг.  Боловсролын нийгэм зүй нь угтаа, иймд “хүн, нийгэм, боловсрол” гэсэн гурвалын шүтэн барилдлагаа, нэгсэл, нэгдлийг олоход чиглэнэ. Энэ асуудал цагаас цагт, өдрөөс өдөрт өөрчлөгдөж оршино, оршиж өөрчлөгдөнө. Үүнд л боловсролын нийгэм зүйн асуудлын  шийдлийн хүндрэл, бэрхшээл  оршиж байдаг юм.  Энэ хүндрэл, бэрхшээл бидэнд  “боловсролоор нийгмийн анги, давхарга, гишүүн бүрт боломжийг хэрхэн адил тэгш олгох вэ”;”Боловсрол, хичээл, сургалтаар аль анги, давхаргын үнэт зүйл, соёл илүү давамгай түгээгдэж байна вэ”; “Боловсрол нийгэмд тэнцвэржүүлэх үүргээ хангаж чадаж байна уу” гэх зэрэг олон асуудлыг дэвшүүлж байдаг.  Боловсролын нийгэм зүйн энэ асуудал нь эргээд нийгэм зүйн хийгээд боловсролын судлалд хамаарах олон асуултыг дэвшүүлдэг юм.

 

Боловсролын нийгэм зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам сэдэвт эрдэм шинжилгээний энэ хурал дэвшүүлж буй асуудлыг хэлэлцэж, үндэсний түвшинд хэрэглэгдэхүйц, олон улстай хуваалцахуйц шийдлийн хувилбарыг гаргаж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход хувь нэмэртэй нийт 53 илтгэлийг хэлэлцлээ.

 

Монголчуудын сэтгэлгээнд бүхлийн ухаан, бүхлийн зарчим нэн чухал юм.

Бид “Бүхэл хэсгийнхээ нийлбэрээс их” гэдэгт эргэлздэггүй.

Бид “Хэсэгжсэн бүхэл, бүхэлжсэн хэсэг“ гэдэгт тээнэгэлздэггүй.

Бид “Аливаа үг, өгүүлбэр олон утгатай. Дор хаяж гурван утгатай” гэдэгт гайхдаггүй.

Бид “Боловсрол, нийгмийн аливаа асуудал олон давхар хувьсагчийн олон давхар хамаарал” гэдэгт будилдаггүй.

Бид “Боловсрол нийгмийг тэнцвэржүүлэгч хүч мөн” гэдэгт гайхширдаггүй.

Бид “Боловсролын нийгэм зүйд үл хамаарах үйл, асуудал хүний нийгэмд үгүй” гэдэгт мунгиндаггүй. 

Хурлыг зохион байгуулагчдын нэг МУБИС-ын профессор Т.Лувсандорж

Энэ удаагийн хуралд бусдаас ялгарах хэд хэдэн онцлог байгаагийн хамгийн чухал нь ”Тогтвортой хөгжил үг төдий бус харин үйл, үйлс юм”, “Тогтвортой хөгжил иймд өөрт тань бий, үйлд тань, үйлс тань бий” гэсэн үзэл санааг түгээж байгаараа хамгийн их онцлогтой юм хэмээж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018