Зургийн цомог

БМДИ-ийн 60 жил: Цуврал ярилцлагууд

2016-03-09 15:28
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил буюу 2016 онд тохиож байна. Үе үеийн багш нарын мэргэжлийг дээшлүүлж, шинэ мэдээ мэдээлэл, бодлогоор хангаж, онол арга зүйн мэдлэг мэдээлэл түгээж ирсэн энэхүү байгууллагад ажиллаж байсан ахмадуудаа бид сэтгүүлийнхээ дугааруудад цувралаар оруулж байх болно. Энэ удаагийн дугаарт ахмад багш, МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн, Боловсролын судалгаа арга зүйн тэнхимийн зөвлөх профессор, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор С.Батхуягийг урилаа. Тэрбээр 1983-1991 онд БМДИ-ийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил буюу 2016 онд тохиож байна. Үе үеийн багш нарын мэргэжлийг дээшлүүлж, шинэ мэдээ мэдээлэл, бодлогоор хангаж, онол арга зүйн мэдлэг мэдээлэл түгээж ирсэн энэхүү байгууллагад ажиллаж байсан ахмадуудаа бид сэтгүүлийнхээ дугааруудад цувралаар оруулж байх болно. Энэ удаагийн дугаарт ахмад багш, МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн, Боловсролын судалгаа арга зүйн тэнхимийн зөвлөх профессор, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор С.Батхуягийг урилаа. Тэрбээр 1983-1991 онд БМДИ-ийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

20140523_124411

 

-Таны ажиллаж байсан тэр үеийг дурсвал? Институт маань ямар бүтэц бүрэлдэхүүнтэй, ямар зорилготой үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?

Би 1983-1991 Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоогийнхоор бол сургалт хариуцсан орлогч захирал юм уу даа. Тэр үед манай байгууллага Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Бүтэц зохион байгуулалтын хувьд голлох хичээлүүдийн кабинетуудтэй, одоогийнхоор бол тэнхим. Захиргаа, нарийн бичгийн даргатай. Их том номын сантай байсан.

Одоо энэ МУБИС-ын Ё байр чинь манай БМДИ-ийн хүрээлэнгийн байр байсан юм. 1984 онд анх яамнаас зураг төсвийг нь гарган шаваа тавьж, тухайн үед институтийг удирдаж байсан Шагдар багш маань энэ барилгыг бариулахад хүч зүтгэл гаргасан даа. Манай монгол цэргийн ангийнхан барьж,  1986 онд ашиглалтад оруулсан.

1991 оноос хойш манай институт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Сургалтын агуулга, арга зүйн институт, Боловсролын хөгжлийн сургууль  нэртэйгээр МУБИС-ын харьяанд Б.Жадамбын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулсан.  Дараагаар нь 2002 онд Боловсролын хүрээлэнгийн харьяанд ирсэн.

Манай институт хоёр гол ажил хийдэг байсан. Нэг нь мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн сургалт. Тэр үед мэргэжил дээшлүүлэх ажлыг хэд хэдэн шаттайгаар хэрэгжүүлдэг байсан. Хамгийн нэгдүгээрт сургууль дээрээ багш хөгжих ёстой. Дараа нь орон нутагт багшийг хөгжүүлэх үйл ажиллагаа хийгдэх ёстой. Тэгээд төвлөрсөн үйл ажиллагаа гэсэн гурван шаттайгаар мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг тогтолцоо болгож явуулсан. Төвлөрсөн үйл ажиллагааг манай институт хариуцдаг. Хоёрдахь нь судалгааны ажлын чиглэл байсан. Энэ ажлын хүрээнд сурган хүмүүжүүлэх төв уншлага явуулдаг, бүтээлч багш нарыг шалгаруулдаг, тэргүүн туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх ажил голлон хийж байсан.  Дээр нь орон нутагт туслах ажил хийдэг байсан.  Жилд хоёр аймаг, нэг дүүрэг юм уу, нийслэл хотод зөвлөн туслах ажил хийнэ. Сургууль дээр очиж багш нарт ямар чиглэлээр туслах вэ?, ямар хүндрэл байна?,  ямар сонин сэтгүүл уншиж байна гээд л. Тэргүүн туршлагыг илрүүлж олох,  туршлага гаргахад нь зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгж зөвлөж тусласныхаа үндсэн дээр үзэсгэлэн гаргадаг, дараагаар нь сурган хүмүүжүүлэх уншлага явуулна. Энэ нь  хөдөө орон нутгийн багш нар маань шинэ санаа олж авах гол индэр болж байсан.  Сурган хүмүүжүүлэх  төв уншлагыг  жилд нэг удаа, ихэвчлэн намрын улиралд өргөн хүрээнд зохион байгуулдаг байсан. Аймгууд сурган хүмүүжүүлэх уншлагаа хавар зохион байгуулж, шалгарсан илтгэлээ БМДИ-д ирүүлдэг байсан.  Эрдэм шинжилгээний хурал маягийн. Энэ үйл ажиллагаанаас гадна хүрээлэнтэй хамтраад сурах бичиг, гарын авлага боловсруулдаг байсан. Багш нарт зориулсан арга зүйн захидал, зөвлөмжүүдийг гаргадаг 1980-аад оны дунд үед ерөнхий боловсролын  сургалтын хөтөлбөр агуулга  нэлээд шинэчлэгдсэн. Шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг хичээл бүрээр жил болгон хэвлэж байсан.  Багш нар таван  жил тутам  институт дээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг тогтолцоотой, сургалтад хамрагдсан багш нар   шинэ санаа олж явна, мөн өөрсдөө хүссэн сэдвээрээ нэмэлт лекц авдаг байсан. Сургалтуудад жилд хоёр сая орчим төгрөг зардаг, жилд /тухайн үед төгрөгийн ханш өндөр байсан/ 700-800 хүн сургалтад ирдэг байлаа. Таван жил ажиллаад, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан багш нарт цалингийн нэмэгдэл олгогддог байсан.

-Тухайн үед хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ талаар дурсамж сөхвөл?

Манай институтийн ректор  Ш.Шагдар гэдэг хүн ажилладаг байсан. Одоо нас өндөр сайхан буурай  бий. Ш.Шагдар, С.Батхуяг гэдэг хоёр хүн 1983 оны 10 сард томилогдоод, 1991 оны 4 сард халагдсан. Шагдар багш маань тэр үед 50-аад насны, би 37 орчим настай байсан юм уу даа. Хоёр өөр үеийн төлөөлөл болсон хүмүүс ажиллаж байлаа. Шагдар багшийн үеийн олон сайхан арга зүйч байсан. Монгол хэлний Ц.Өлзийхутаг, хөдөлмөрийн Л.Мижиддорж, багын уншихын Я.Гончиг, удирдах ажилтны Г.Дэмбэрэл гээд манай ахмадууд байна. Бид чинь институтдээ хүн авахдаа сургуулийн амьдрал мэддэг, сургуульд ажиллаж байсан, хөдөө орон нутагт ажиллаж байсан хүмүүсийг авдаг байсан. Жишээ нь, Архангайд ажиллаж байсан Ложоо, Германд сургууль төгссөн Р.Дашзэвэг гэж хүмүүс байна. Тэр үед бид арга зүйчдэд  ажилдаа шинжлэх ухаанч хандахыг их шаарддаг байсан. Их зүйл уншихыг, багш нарт ийм байх ёстой гэхээсээ илүү яагаад вэ гэдгийг нь хэлж өгч байхыг шаарддаг байсан. Ер нь сэтгэл судлалын үндэстэйгээр сурган гэдгийг чинь явуулахгүй юм бол  зүгээр л алгоритм зааж байгаа юм шиг явуулж болохгүй гэдгийг заадаг байсан даа. Тэр үед  мэдээлэл авах зүйл нь бага байсан. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүлээ бол уншина. Өнөөдөр мэдээллийн түм буман суваг байна. Гэтэл унших нь тэр үеэс бага болчихсон. Унших зүйл нь олон болохоор төөрчихөж байгаа юм, оновчтой хэвлэх бодлого бас дутагдаж байна. Интернэт гэж хүний анхаарлыг сарниулдаг юм байна. Интернэттэй ажиллаж яг хэрэгтэй мэдээллээ олж авч чадахгүй байна. Мэдээллийн их далай дотор яаж мэдээллээ олж авах вэ гэдгийг хүртэл заах хэрэгтэй байгаа юм.

Бид 1986 оноос эхлэн хуучнаар ЗХУ-ын  новатор багш нарын  туршлагыг их ярьж бичдэг болсон. “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл дээр тэдний судалгааны  бүх тайлан 1986, 1987 онд бүх дугаарт нь хэвлэгдсэн. Тэр  новатор багш нарын  яриад байсан  санаа бол өнөөдрийн бидний яриад байгаа сурагч төвтэй сургалт, албадлагагүй сургалтын тухай байсан.

Тухайн үед боловсролын чиг хандлага баримжаа ямар байсан юм бол? Тэр дундаа багш нарын хөгжлийн тал дээр ямар бодлого барьж байсан бэ?

-Бид,  багшийг ажлын байран дээрээ өөрийн мэдлэгээ дээшлүүлж, одоогийн хэлээр бол хөгжиж байх ёстой гэж үздэг байсан. Манай институтийн сургалт их үнэ цэнтэй, багш нар ирээд их зүйл сонсдог байсан. Гэхдээ 1987 оноос бид энэ сургалтдаа нэлээн өөрчлөлт хийхийг зорьж эхэлсэн.  Тухайлбал, багш нар  мэргэжил дээшлүүлэх сургалтын дараа  тусгай даалгавар авч яваад дараагийн таван жилд мэргэжил дээшлүүлэхээр  ирэхдээ түүнийгээ хэрхэн  хэрэгжүүлсэн, эндээс сурсан зүйлээ  хичээлдээ  туршаад ямар санаа авав, юу хийв гэдгээ тайлагнадаг хэлбэр рүү шилжүүлэх ажил эхэлсэн.  Харамсалтай  1987 оноос эхэлсэн энэ ажлын үр дүнг үзэж чадалгүй 1991 онд институт маань татан буугдсан даа.

Ер нь ажлын байран дээрээбагш хөгжих ёстой, багш өөрөө өөрийнхөө ажлын арга барилыг сайжруулах замаар багш ч, боловсрол ч хөгжих ёстой гэсэн санааг бидний үед ярьж байсан.

BMDI 60jil-1

 

-Наяаад  оны багш, одооны багш хоёр хэр ялгаатай вэ?

-Ялгаатай. Наяаад онд бол багш заах ёстой, заасныг нь хүүхэд сурах ёстой гэсэн ойлголт нэвт байсан. Өнөөдөр бол шавь төвтэй сургалт орж ирсэн байна. Гэхдээ манайхан үүнийг шавь өөрөө л оролдож байж сурна, багш бол зүглүүлэгч, зөвхөн зөвлөх гэдэг утгаар хялбарчлаад ойлгочихсон. Хоёрдугаарт багш гэж хэн байх ёстой вэ гэдэг нийгмийн хүлээлт өөр болчихсон. Дээр үед бол хичээлээ сайн заадаг багш сайн багш байсан. Гэтэл өнөөдөр мэдлэг бүтээгддэг юм, дамжигддаггүй юм гэж ярьж байгаа хэрнээ өөрөө мэдлэгээ дамжуулдаг хуучин аргаа хэрэглээд байгаа явдал ажиглагдаж байна. Онол нь өөрчлөгдөж байгаа хэрнээ арга нь хоцрогдоод. Шинэ зөв зүйлээ нэгдүгээрт дутуу ойлгоод, хоёрдугаарт хэрэглэж байгаа арга нь хуучраад шинэ зүйлтэйгээ зөрчилдөөд байна уу даа гэж би хардаг.

Одооны боловсролыг  наяаад  оныхтой харьцуулах юм биш. Одоо бол сургууль, багш нар  өөрөө хөтөлбөрөө хүртэл боловсруулдаг болоод байна шүү дээ.

-Та Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд байгуулагдахаас нь эхлээд татан буугдах хүртэл бараг 10 гаран жил ажиллаж байсан хүний хувьд улс орны хэмжээнд Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх институт байснаар ямар ач холбогдолтой, байхгүй болсноор боловсролын системд ямар өөрчлөлт гарсан гэж харж байсан вэ?

-Институт бол багш нартаа их хэрэгтэй газар байсан гэж багш нар ярьдаг юм. Нээрээ ч багш нарын хөгжил, өсөлт дэвшлийг хариуцсан үүрэгтэй газар байх нь гарцаагүй. Бид тухайн цаг үедээ үүргээ сайн гүйцэтгэж байна л гэж боддог байсан. Гэхдээ одоо өнөөдрийн үүднээс эргээд харахад бидний ажлын арга барил, хандлага бол нэг их оновчтой байгаагүй юм байна гэж би хувьдаа үздэг. Гэхдээ л багш нар хандах газартай байсан нь чухал. Энэ хойд барилгыг (одоогийн МУБИС-ийн Ё байр) бариулахдаа хүртэл манай Шагдар багш “Багш нар ирээд яамаар түрүүлж орохгүй манай институтээр орно” гэж хэлж шаваа тавьж байсан юм. Энэ барилгаа сайхан болгож, багш нар орж гарч байдаг ийм газартай болно л гэж ирээдүйгээ харж байсан. Одоо 50 хүрч байгаа тэрнээс дээш насны багш нар бүгд л манай институтээр орж гарч байсан даа. Институтийг татан буулгаснаар мэргэжил дээшлүүлэх ажил маань өөр удирдлага, өөр субъектийн ажил болсон. Яахав багш бэлтгэдэг сургууль, төгсөгчдөө мэргэжлийг нь дээшлүүлдэг субъект болсон нь нэг их  буруу ч юм биш. Харин ямар үзэл бодлын үүднээс ямар хандлагатайгаар хийв гэдэг нь л гол чухал. Багшдаа тусалъя гэвэл институт байх нь амьдралд ойр шүү дээ. Зөвлөн тусладаг ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй. Хаана, хэн юу хийж байгаа вэ гэдгийг мэддэг, туршлагыг нь түгээн дэлгэрүүлдэг институт байх нь чухал.

Институт татан буугдсанаар багш нартай  гардан ажиллаж, мэргэжлийг нь дээшлүүлдэг газар байхгүй болсон нь боловсролын салбарын хувьд хохиролтой байсан.

-Таныг ажиллаж байх үед институт маань хэвлэмэл материал хэр их гаргадаг байсан бэ?

-Сэтгүүл гаргадаггүй байсан. Гарын авлага зөвлөмж бол гаргана. Аймгууд руу хэвлээд аймгийн сургалт арга зүйн кабинетууд руу явуулна. Жилд дор хаяж 4-5 ном нарын авлага эрхлэн гаргадаг байсан. Арга зүйн захидлууд гэж гаргадаг байлаа.

Институт тухайн үед том номын сантай байсан гэж хэлж болно шүү. Саяхан болтол тэр номын сан байж байгаад Багшийн дээдийн номын сантай нийллээ л дээ. Жишээлбэл, би гэхэд л “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүлийн 1962 оноос хойших бүх дугаарыг институтийнхээ номын санд хандивласан.

Одоогийн боловсролын шинэчлэлийг хараад би нэг зүйл хэлмээр санагддаг юм. Багш нар маань их удаан шинэчлэгдэж байна. Зарим нь хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа мөн чанарыг ч ойлгоогүй явна. Жишээлбэл, өөрийн ажлын үнэлгээ гэдгийг багш нар их буруу ойлгодог. Өөртөө дүн тавих юм шиг, аттестат, шалгалт, магадлан энэ тэрт орохдоо өөрийгөө хэт өндөр үнэлдэг. Мониторингийн асуудал байна. Бас л өөрийн үнэлгээтэй холбоотой асуудал. Багш нарт маань хэлний бэрхшээл ч их үүсэж байна. Гадны материалуудыг яг мэргэжлийн боловсрол судлалын хүмүүс нь орчуулж хүргэж байх хэрэгтэй байна. Энэ бүхний мөн чанарыг ойлгоход институт хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байх ёстой. Институтийн ажилтнууд хэр зэрэг мэдлэгтэй, ямар түвшинд сэтгэж хийж гүйцэтгэж байна вэ гэдгээс их зүйл хамаарна. Шинжлэх ухаанч чанараа алдаж болохгүй. Прагматик болж байгаа нь энэ гээд практик ярьж болохгүй.

Багш нарын сэтгэлгээ, хандлага хуучнаасаа салж чадахгүй байна. Энэ бол боловсролын тогтолцооныхонд тэр чигээрээ хамаатай асуудал. Багш бэлтгэж байгаа сургууль ч үүн дээр анхаарах ёстой.

Ярилцсанд баярлалаа.

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018