Үйл явдлын мэдээ

“Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан багш нар Дархан-уул, Төв аймаг, ХУД, БГД-ийн сургуулиудад ажиллаж байна

2019-05-24 18:09

Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 3-р сараас эхлэн зарим аймаг, дүүрэгт Солонгос зочин багш нар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд энэ сарын 21-24-ний өдрүүдэд тухайн аймаг, дүүргүүдэд ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хянаж байна. 

2012 оноос хойш жил бүр хэрэгжиж буй энэ хөтөлбөрт нийтдээ 172 монгол, 148 Солонгос багш оролцож хоёр орны ЕБС-ийн сургуулиудад ажиллан мэргэжлийн болон соёл, уламжлалын хичээлээр сурагчдад танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл, харилцан ойлголцлын тухай таниулж байна.

Багш, сурагчид тухайн сургуульд ирж ажиллаж буй багш нараас Солонгос орны соёл, уламжлалыг таньж мэдэж авахаас гадна, хэл ба соёлын ялгаанаас үл хамааран хүмүүс харилцан бие биенээ ойлгож хамтарч ажиллах нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд харин ч сонирхолтой, бие биенээсээ суралцах зүйл их байдгийг онцолж байлаа.

Зочин багш нар долоо хоногт 15 цаг ажиллах хуваарьтай боловч сайн дураараа хичээлээс гадуурх ажилд байнга идэвхтэй оролцож, өөрсдийн санаачлагаар хүүхдүүдэд мэддэг чаддаг бүхнээ зааж сургахыг зорьж дугуйлан хичээллүүлэн бүхий л цаг заваа зориулж байгаа тухай сургуулийн удирдлагууд, багш нар ярьж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум

Тус суманд БНСУ-ын Gangwon дүүргийн Daegwallyeong-ийн бага сургуулийн багш Ким Хюнги,  Gyeongsangnam-do мужийн Ungnam бага сургуулийн багш Ли Сон Ү нар ажиллаж байна. Тэд монгол хүүхдүүдэд өөрийн улс, амьдардаг орон нутгийнхаа тухай ярьж, замын тэмдэг тэмдэглэгээг  тайлбарлан, монгол улсынхтай харьцуулж зураг зуруулав. Мөн Эрдэнэ сумын сургуулиас зочин багш нарт зориулан  даага уралдуулан, бөх барилдуулж бэсрэг наадам хийсэн нь багш нарын сонирхлыг ихээр татсан байна.

Багануур дүүрэг

Нийслэлийн Багануур дүүрэгт БНСУ-ын Chungcheonbuk-do мужийн Cheongju дунд сургуулийн англи хэлний багш И Жүн Бүн, Jeollabuk-do мужийн Jeonju Ujeon бага сургуулийн багш Сун Ён Буг нар ажиллаж байна. Энэ өдөр тэд том компаниудын логонуудын учир утгыг асууж, сурагчдаар лого бүтээлгэн, хичээлээс гадуурх хөтөлбөрөөр сурч байгаа бэйсбол болон софтболын хялбаршуулсан хэлбэр болох T-ball буюу Монголчуудын гүйдэг маатагтай төстэй тоглоомыг тоглож үзүүлэв.

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЕБ-ын 18-р сургууль

Дархан сумын ЕБ-ын 18-р сургуульд БНСУ-ын Daegu мужийн Daegu Il Meister ахлах сургуулийн технологийн багш У Со Гён, Gangwon мужийн Wonju ахлах сургуулийн англи хэлний багш Жон Тэ Ху багш нар туршлага солилцон ажиллаж байна. У Со Гён багшийн технологийн хичээлээр хүүхдүүд Хьюндай моторс компаниас илгээсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглан 3D програм дээр ажиллах, зураг гаргах, цаас болон баримлын шавраар машин бүтээж сурсан бөгөөд сурсан зүйлдээ үндэслэн машины эд ангиудыг угсарч сурчээ. “Хьюндай моторс”-оос монгол хүүхдүүдэд зориулан илгээсэн машины эд ангиудыг 80 минутад угсардаг бөгөөд У Со Гён багшийн хичээл дээр 3 сурагч 30 минутад угсарч багшаасаа машин бэлгэнд авчээ. Тэдгээр 3 хүүхдийн нэг нь Нисэх онгоцны загварын уралдаанд Дархан хотдоо түрүүлж улсын уралдаанд оролцсон. Харин англи хэлний багш Жон Тэ Ху хичээлээс гадуур бишгүүр хөгжмийн дугуйлан хичээллүүлж 4 ангийнханд Солонгос, Монгол дууг нотоор аялах, дуулахад сургаж байна. Мөн өөрийн англи хэл заах арга барилын тухай, Монгол хүүхдүүдэд их дасч хайртай болсон тухайгаа сэтгэл догдлон бидэнд ярьсан юм. Тэрээр монгол хүүхдүүд хэзээ ч хичээл дээр унтдаггүй, маш идэвхтэй оролцдог гэлээ.

Мэдээлэл бэлтгэсэн: БМДИ-ийн арга зүйч Ж.Баянжаргал

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019