Үйл явдлын мэдээ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН ИХ ХУРАЛ

2019-04-08 11:34

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэж бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан байна. Эдгээр хурлын тухай мэдээллийг хүргэж байна.

АНХДУГААР ИХ ХУРАЛ Монголын багш нарын анхдугаар их хурал 1935 оны 6 дугаар сарын 7-12-ны өдөр Багш нарын соёлын ордонд хуралдаж, бага, дунд тусгай мэргэжлийн сургуулиас 128 багш, захирал оролцсон байна. Их хуралд Ардыг Гэгээрүүлэх Яамны дэд сайд Дамбийням “Ардын үндэсний соёл, боловсролыг хөгжүүлэх тухай явуулан бүхий бодлогууд ба цаашид гүйцэтгэх үүрэг”, тус яамны сургууль ба үндэсний хүчний хэлтсийн дарга Намсрай “Ардын олон сургуулийн сурлага боловсролыг хэрхэн дээшлүүлэх ба заах арга хэрхэн сайжруулах тухай” илтгэл тус тус тавьж хэлэлцүүлсэн байна. Их хуралд Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Улсын Бага Хурлын дарга Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан нар оролцож, баяр хүргэж үг хэлжээ. Их хурал сургуулиудын хичээл хүмүүжлийн ажлыг сайжруулах, сургуулиудыг программ, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах, сургуулиудын тоог олшруулах, аж ахуйн хувьд бэхжүүлэх, багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэх, сайн багш нартай болох, сургууль, ардын холбоог бэхжүүлэн сургуулийн нэр хүндийг өргөх, насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах ажлыг хурдавчлан явуулах зэрэг асуудалд анхаарч, эдгээр зорилтыг өөрсдийн үйл ажиллагааны удирдамж болгон ажиллахыг нийт багш нарт уриалж, тогтоол гаргажээ.

2 ДУГААР ИХ ХУРАЛ Багш нарын 2 дугаар их хурал 1937 оны 6 дугаар сарын 01-нд хуралджээ. Их хуралд Гэгээрүүлэх Яамны сайд Ц.Баттөр “Ардын олон сургуулийн ажил байдал ба цаашид гүйцэтгэх зорилтын тухай”, дэд сайд Дамбийням “Сургуулийн аж ахуйг хэрхэн зохиох тухай” илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Их хуралд хэлэлцүүлсэн хоёр илтгэлд сургуулиуд хичээлийн программыг ханган биелүүлж, сурагчдын хүмүүжлийн ажил сайжирч, сургуулийн аж ахуй бэхжиж байгаа, сургуулиуд тогтоосон хугацаанд хичээлээ эхэлдэг болсон, хөдөлмөрчдийн дунд бичиг үсэг сурах хөдөлгөөн өрнөж байгаа зэрэг ололт амжилтыг онцлон тэмдэглээд сургуулийн хичээл, хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах, үүний тулд багш нарын чанар, заах аргын чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, сурах бичгийн гачигдлыг арилгах, хичээлийн программ, сургуулийн дүрэм, сурагчдын дүрмийг шинэчлэх, сургуулийн захирал, багш нарыг үүрэг хариуцлагыг өндөржүүлэхийн чухлыг заажээ. Их хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолд казах үндэстний сургуулиудад тэдгээрийн хэл дээр тохирох хичээлийн ном хэвлэлээр хангахыг чухалчлах, сургуулийн дэргэдэх ХЗЭ, пионерын ажилд багш нар үлгэр жишээчээр ажиллахыг уриалжээ.

3 ДУГААР ИХ ХУРАЛ Монголын багш нарын 3 дугаар их хурал 1961 оны 8 дугаар сарын 9-11-нд Засгийн газрын ордны Ардын Их Хурлын танхимд хуралджээ. Их хуралд МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Цэнд дэлгэрэнгүй үг хэлжээ. Их хурал Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран “МАХН-ын XIY их хурлаас сургууль, гэгээрлийн байгууллагын өмнө дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх тухай”, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав “Сургуулийн сурлага хүмүүжлийн ажлыг сайжруулахад МХЗЭ ба пионерын байгууллагыг зорилгын тухай” илтгэл тавьж тус тус хэлэлцүүлжээ. Сайдын илтгэлд хүүхдийн хүмүүжлийн олон тодорхой зорилт дэвшүүлсний дотор МАХН-ын XIY их хурлын шийдвэрийн дагуу сургуулиудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, зорилт улам нарийсан гүнзгийрч ардын гэгээрлийн системийг өөрчлөн сайжруулах гол сэжим нь сургалтыг үйлдвэрлэл, хөдөлмөртэй холбох замаар сурагч бүрийн хөдөлмөрийн дадлага, чадвар, политехникийн боловсролтой болгох явдал мөн гэдгийг онцолжээ. Мөн ардын гэгээрлийн ажлыг өөрчлөн байгуулах гол хүч нь багш мөн бөгөөд тэдний зорилго нь сурагчдад зөвхөн мэдлэг дамжуулах төдийгүй, тэднийг бие даасан үйл ажиллагаанд сургах, сурч боловсроход сургах, хөдөлмөрийн дадлага чадвартай болгон амьдралд бэлтгэх явдал мөн. Сургалтын зохион байгуулалтын гол хэлбэр нь хичээл, хичээлийг бүтээлч, олон арга хэлбэрээр зохион байгуулахын онцлон тэмдэглэжээ. Энэ их хуралд ЗСБНХУ, БНСЧУ, БНХАУ-ын арын гэгээрлийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Их хурлаас нам, засагтаа илэрхийлэлт гаргаж, боловсролын салбарын нийт багш, ажилтан, эцэг эх, олон нийтэд дэлгэрэнгүй уриалга гаргажээ.

4 ДҮГЭЭР ИХ ХУРАЛ Монголын багш нарын IҮ их хурал 1975 оны 8 дугаар сарын 21-23-ны өдөр Засгийн газрын ордны Ардын Их Хурлын танхимд болж, 983 төлөөлөгч сонгогдон оролцжээ. Их хуралд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмид, ЗХУ-ын Гэгээрлийн Яамны сайд М.А.Прокофвев нар оролцож, дэлгэрэнгүй үг хэлжээ. Багш нарын IҮ их хурлын нэгдсэн хуралдаанд АБЯ-ны сайд Д.Ишцэрэн “БНМАУ-ын социалист өрнүүн байгуулалтын үеийн ардын боловсролын ээлжит зорилт” илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Их хурлыг а. Сургалтын агуулга, арга зүйн асуудал, б. Багш бэлтгэх асуудал, багшийн ёс зүй, в. Оюутан сурагчдын коммунист хүмүүжлийг дээшлүүлэх зорилт гэсэн гурван салбар хуралдаантай зохион байгуулсан. Энэ их хуралд цэцэрлэгээс их, дээд сургууль хүртэлх бүх шатны сургуулийн МОНГОЛЫН БАГШ НАРЫН ИХ ХУРАЛ Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэж бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан байна. Эдгээр хурлын тухай мэдээллийг хүргэж байна. Багшийн Хөгжил 55 itpd.mn багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөгчид оролцсон, хурлаар хэлэлцсэн асуудал боловсролын салбарыг бүхэлд нь хамарсан онцлогтой бөгөөд шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн үеийн бүх шатны сургуулийн тулгамдсан асуудлыг задлан хэлэлцэж, нийгэмд гүйцэтгэх үүрэг, зорилтыг тодорхойлсон байна. Тус их хурлаас нам, төрийн дээд байгууллагад илэрхийлэлт; багш сурган хүмүүжүүлэгч, ардын боловсролын ажилтан, эцэг эх, олон нийтэд хандан уриалга гаргажээ.

5 ДУГААР ИХ ХУРАЛ Монголын багш нарын Ү их хурал 1989 оны 6 дугаар сард болж, 875 төлөөлөгч оролцжээ. Багш нарын Ү их хуралд АБЯ-ны сайд Б.Даваасүрэн “Ардын боловсролын талаар хийх өөрчлөн байгуулалтын тухай” илтгэл хэлэлцүүлжээ. Их хурал ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролд хийх өөрчлөлт, шинэчлэлийн чиглэлүүдийг хэлэлцэн сайшааж, боловсролын салбарт хийх өөрчлөлтийн санааг агуулсан тогтоол баталжээ. Их хурлын үндсэн илтгэлд “Хүүхдийн цэцэрлэгээс эхлээд дээд сургууль хүртэл бүх шатны сургалт хүмүүжлийн ажилд хуулбарлах сэтгэлгээ газар авч, агуулгад өөрийн орны өвөрмөц онцлог, улс орны амьдралын асуудал, ард түмний соёл, зан заншлын дэвшилтэт уламжлал тусаж чадаагүй байна. ЕБС-ийн долоо хоногт танхимд хичээллэх цагийг 22-30 болгож хорогдуулж ачааллыг багасгах, дунд сургуульд судалж буй хичээлийн программын агуулгыг нягтруулах бололцоо бий, сурагчдыг орон нутгийн болон улс орны амьдралтай танилцах нөөц цагийг багшийн мэдэлд гаргаж өгөх, сургалт хүмүүжлийн ажилд үр дүнд хүрэх арга барилыг сонгон хэрэглэх бололцоог багшид олгох талаар дурджээ. Мөн багшийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, багшийн ажлын ололт, дутагдал болон тэдний нийгмийн асуудлыг хөндөж, эрүүл мэнд, цалин хөлс, орон сууц, мэргэжил дээшлүүлэх ажил, шагнал урамшил, амралт сувиллын тухай дурдсан байна. Их хурлаас гаргасан тогтоолд Монголын багш нарын холбоог 1989 онд багтаан байгуулахыг зүйтэй гэж үзжээ.

6 ДУГААР ИХ ХУРАЛ Монголын багш нарын YI их хурал 1996 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдөр хуралдаж, нийслэл, орон нутгаас сонгогдсон 609 төлөөлөгч оролцсон байна. Их хуралд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат, ерөнхий сайд М.Энхсайхан, Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж нар оролцож үг хэлжээ. Их хуралд Гэгээрлийн сайд Ч.Лхагважав “Боловсролын шинэ тогтолцооны төлөвшилтөд багш нарын гүйцэтгэх үүрэг, энэ талаар төрөөс баримтлах бодлого”, Гэгээрлийн Яамны Боловсролын газрын дарга Д.Мөнхжаргал “Багшийн нийгмийн үнэлгээ” илтгэлийг тус тус хэлэлцүүлсэн. Их хурлыг нэгдсэн хуралдаан болон “Боловсролын менежментийн тулгамдсан асуудал”, “Удирдах ажилтан бэлтгэх тогтолцоо”, “Сургалтын агуулга, технологийн шинэчлэл”, “Албан бус боловсрол” гэсэн дөрвөн салбар хуралдаантай зохион байгуулсан. Тус их хурал нь боловсролын салбарт бий болсон хямралыг даван туулах, ардчилсан нийгмийн харилцаанд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх чиг хандлагыг тодорхойлоход ач холбогдолтой хурал болжээ. Боловсролын салбарт тулгамдсан олон асуудлаас багшийн нэр хүндийг өргөх, тэдний нийгмийн баталгааг хангах, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэхэд чиглэсэн байна. Их хурлаас тогтоол баталсан. Уг тогтоолд “Монгол Улсын боловсролын хөгжлийн үзэл баримтлал” боловсруулж Засгийн газраар батлуулахыг Гэгээрлийн Яамнаас хүссэн байна. Мөн багшийн мэргэжил, эрх үүрэг, нийгмийн үнэлэмжийг тодорхойлсон “Монголын багш нарын тунхаг бичиг” баталсан. Мөн багшийн ажил, хөдөлмөртэй холбоотой шийдвэрлүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг Улсын Их Хурал, Засгийн газар, Гэгээрлийн Яаманд тавьж, шийдвэрлэж өгөхийг хүсэж, Монголын багш нарын холбоог шинэчлэн байгуулахыг зүйтэй гэж үзсэн байна.

7 ДУГААР ИХ ХУРАЛ Удахгүй болох Монголын багш нарын VII их хурлаар ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам; нийгмийн шинэ шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх юм. Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулах асуудлыг хөндөнө. Мөн багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэнэ. Монголын багш нарын VII их хуралд хот, хөдөөгийн цэцэрлэг, ЕБС, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалтүйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцоно.

Ш.Оюунцэцэг /Сургалтын албаны дарга/

Ашигласан эх сурвалж:

  1. Г.Дэмбэрэл, “Монголын багш нарын их хурлууд”, АБЯ-ны харьяа Тав дугаар их хурал Улаанбаатар хот, 1989 он, 5-19-р тал
  2. Ш.Шагдар, “Монгол улсын боловсролын түүхийн товчоон”, Улаанбаатар, 2000 он
  3. МОНЦАМЭ https://montsame.mn/mn/ read/184741

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019