Үйл явдлын мэдээ

СУДЛААЧ ОЮУТНУУД СУРГАЛТАНДАА ЯАРСААР

2019-03-22 10:07

    Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэ хөтөлбөр нь багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, дэмжих үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд багш болон нийгмийн ажилтны мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, эерэг хандлагатай чадварлаг багш болоход нь дэмжлэг үзүүлэх, ажлын байранд гарах бэлтгэлийг хангах зорилготой юм.  

   "Судлаач оюутан" тэтгэлэгт хөтөлбөр  2019.02.18–2019.05.20-ны хооронд буюу нийт 3 сарын хугацаанд үргэлжлэх юм. Энэ хугацаанд оюутнууд судалгааны арга зүй болон хувийн хөгжлийн чиглэлээр чадавхжуулах сургалтад хамрагдах бөгөөд судлаач оюутнууд сургалт болох өдрөө хоног тоолон хүлээж өнөөдөр ямар хичээл заах бол ямар шинэ мэдээлэл өгөх бол хэмээн яарч ирдэг талаараа ярьж байна.  Уг хөтөлбөрийн нэг онцлог нь хичээл сургалтаар мэдлэг олгохоос гадна оюутнуудад хэрэгцээт ном, товхимол, гарын авлагаар хангах юм. Энэ хүрээнд өнөөдөр оюутнуудад боловсролын чиглэлийн 9 нэр төрлийн ном, гарын авлага, DVD хичээл зэргийг гардуулан өглөө.

Бид МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 4-р курсийн оюутан Б.Дуурсахмаатай цөөн хором ярилцаа.

Сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

- Юуны түрүүнд ийм сургалтыг зохион байгуулж байгаа БМДИ-ийн хамт олонд талархсанаа илэрхийлмээр байна. Сургалт үнэхээр их таалагдаж байгаа. Би судлаач оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад нэг ч өдөр хоцорч үзээгүй. Хичээлдээ ирэх бүрдээ өнөөдөр ямар хичээл орж ямар шинэ мэдээлэл өгөх болж гэж яарч бас догдолсоор ирдэг. Мөн их нээлттэй сургалт болж байгаагаараа онцлогтой.

Энэ сургалт их сургуулийн сургалтаас юугаараа өөр байна вэ?

-  Өдөр бүр шинэ багш, шинэ мэдээлэл. Санхүү, англи хэл, хувь хүний хөгжил тал дээр мэдлэг өгөх гэх мэт. Багш нараас гадна бид нар бие биедээ өгөх хэрэгтэй мэдээлэл байна гэвэл багш нараасаа дэмжлэг аваад хамтран хичээл орж байгаа. Энэ сургалтад олон төрийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд оролцож байгаа. Тиймээс бид сургалтандаа бүх оюутанд хэрэгтэй хүртээмжтэй байхаар бодолцож мэдээллээ хуваалцаж байна.

Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд судалгааны арга зүйд суралцах, судалгаа шинжилгээний туршлага хуримтлуулах, хувийн хөгжлийн төлөвлөгөө, цаг төлөвлөлт, илтгэх, мэтгэлцэх  зэрэг чадварт суралцаж байна.  "Судлаач оюутан" хөтөлбөрт багш болон нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын хоёр ба түүнээс дээш курсийн оюутнууд хамрагдаж байна.   

 

    

 Бэлтгэсэн: А.Дүүриймаа

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019