Үйл явдлын мэдээ

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АСУУДЛААР ТАЛУУДЫН БАЙР СУУРИЙГ СОНСЛОО

2019-03-20 17:43

“Боловсролын хөгжил, шинэчлэлийн зарим асуудалд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, багш, судлаачдын төлөөлөл оролцов.

Боловсролын салбарын мастер төлөвлөгөө анх 1994 онд батлагдаж, одоо гурав дахь удаагийн төлөвлөгөө хэрэгжээд дуусаж байгаа бөгөөд хөгжлийн бодлогын шинэ баримт бичгийг боловсруулахад Азийн хөгжлийн банк дэмжиж байгаа юм.  

Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгсний дараа зочид тодорхой сэдвээр илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо хуваалцлаа.

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат:  

Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэл, салбарын мастер төлөвлөгөө боловсруулалтын ажил нэгэн зэрэг явж байгаа нь бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тиймэээс өмнөх төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, оношлох асуудалд анхаарна. Нөгөөтэйгүүр боловсролын салбар өргөн агуулгатай учраас иргэний нийгмийн байгууллага, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн оролцоо, санал, санаачилгыг тусгаж, энэ төлөвлөгөөг боловсруулна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Манайхан боловсролыг мэдлэг олгодог салбар гэж ойлгодог. Гэтэл өндөр хөгжиж байгаа, ялангуяа мэдлэг, боловсролоороо тэргүүлж байгаа орнуудыг харахад энэ салбараа хүн хүмүүжүүлдэг систем гэж үзэж байна. Хүүхдийг эхлээд оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл болгоход анхаарч байна. Өөр нэг чухал асуудал бол багшийн хөгжил. Тэгэхээр бид мастер төлөвлөгөөг боловсруулахдаа энэ өнцгөөс харах хэрэгтэй.

Боловсролын хүрээлэнгийн зөвлөх, профессор Д.Бадарч:  

Дэлхий дахинд боловсролын хөгжлийг хэмжиж, үнэлж, дүгнэдэг олон хандлага байдаг. Тухайлбал, монголчууд оюуны чадавхиараа 11 дүгээр байрт, оюуны чадавхиа хэрэглэх байдлаараа 49, түүнийгээ хөгжүүлэх байдлаараа 59, ноу хау бүтээх үзүүлэлтээрээ 111-д тус тус орж байна. Хэчнээн эрдэмтэн, доктор, хэчнээн магистртай гэдгээр боловсролын чанарыг үнэлэхээ больсон. Харин экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд нь хэдий хэмжээний мэдлэг шингэсэн бэ гэдгээр нь үнэлж эхэлсэн учраас мастер төлөвлөгөөг боловсруулахдаа монголчуудын оюуны чадавхийг хөгжүүлэх, оюуны чадавхаараа баялаг бүтээж, орлого олдог болгох чиглэлийг онцгой анхаарууштай. 

Мэдээллийн эх сурвалж: БСШУСЯ 

https://mecss.gov.mn/news/1446/

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019