Үйл явдлын мэдээ

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН “ХҮҮХЭД-ХЭРЭГЛЭГЧ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2019-03-01 19:27

 Монгол улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдэд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээг чанартай болгох, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлэхээр болсон.

  БСШУСЯ, түүний харьяа байгууллагууд өдөрлөгийг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын бүхий л байгууллагууд дэмжин оролцох юм.

  ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "ХҮҮХЭД-ХЭРЭГЛЭГЧ" уриан дор зохион байгуулж, импортлогч, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч зэрэг бүх төвшний хүмүүст ойлголт мэдээлэл өгөхийг зорих болно гэлээ. Зөвхөн нэг өдрийн арга хэмжээ биш, бүтэн жилийн турш хүүхэд хамгааллын асуудлыг гол бодлогоо болгон ажиллана гэдгийг яамны зүгээс мэдэгдсэн. Харин өдөрлөгийг угтсан арга хэмжээг гуравдугаар сарын эхний 15 хоног идэвхтэй зохион байгуулах талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг мэдээллээ. Харин ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Будзаан Хүүхдийн хоол хүнс, хувцас, цүнх хэрэглэлээс эхлээд хэрэглэгчийн шаардлага хангаж байгаа эсэхэд олны анхаарлыг хандуулахаас гадна хүүхдэд хориотой хүнс сурталчлах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа нэвтрүүлэг, сурталчилгааг 21:00 цагаас өмнө гаргахыг хориглох, сургууль цэцэрлэгийн орчны стандартыг батлуулж мөрдүүлэх зэрэг олон чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөсөн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мөн хүүхэд хамгааллын ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцож, олон нийтэд хүргэхийг зохион байгуулагчид уриалсан юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019