Үйл явдлын мэдээ

Эко сургуулиудын үндэсний дөрөвдүгээр чуулган боллоо

2018-11-12 17:28

Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний 4-р чуулган өнөөдөр Багшийн хөгжлийн  ордонд болж орон нутгийн нийт 286 “Эко сургууль”-ийн төлөөлөл оролцлоо. Чуулганыг БСШУСЯ, БМДИ, БОАЖЯ, ЦЕГ, Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулав.

“Эко сургууль” хөтөлбөр нь Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд, хүүхэд, залуучууд орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд  суралцуулдаг хөтөлбөр ба дэлхийн 67 улсын 51200 орчим сургуулиудад хэрэгжиж байна. 

“Байгаль орчны мэдээлэл сургалтын төв”-ийн тэргүүн Л.Тэмүүжин  “Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг нь Байгаль орчны удирдлагын ISO 14001 стандарт, менежментийг тухайн сургууль, хамт олон өөрийн байгууллагадаа нэвтрүүлж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөө бууруулах, орчны доройтлыг багасгаж, зохистой хэрэглээг бий болгох боломжийг бүрдүүлснээр дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт болон бусад асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна” гэв.

Түүнчлэн, өнгөрсөн онд  олон улсын болон үндэсний хэмжээний шагнал болох “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийг  45 сургууль,  25 сургууль “Мөнгөн гэрэгэ”, 3 сургууль “Ногоон туг” өргөмжлөл авч байжээ. Харин энэ онд  24 сургууль “Хүрэл гэрэгэ”, 4 сургууль “Мөнгөн гэрэгэ”, 7 сургууль “Алтан гэрэгэ” буюу Ногоон тугийн эзэд болж байгаа юм. Үүнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сургууль хоёр дахь удаагаа “Ногоон туг” өргөмжлөлийн эзэн болж байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сургуулийн Биологийн багш Г.Туул “Олон улсын эко сургуулийн ногоон тугийг хоёр дахь удаа авсандаа баяртай байна. Энэ бол нэр төрийн хэрэг.  Манай сургууль 2008 онд “Эко сургууль” хөтөлбөрт хамрагдсан. Үүнд хамрагдсанаар бид байгаль орчноо хайрлан хамгаалдаг үзлээ үйл ажиллагаанд нэвтрүүлж, сургуулийн гадаад, дотоод орчны бүх үнэлгээг хийж хэвшсэн. Бидний гол зорилго албан байгууллага, аж ахуйн нэгж, бусад хүмүүст эко сургуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж байгалиа хайрлаж хамгаалъя гэсэн хандлагыг өгөх” гэв.

Энэ жилийн хувьд Говь-Алтай, Сэлэнгэ аймгууд аймгийнхаа хэмжээгээр 100 хувь олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдсан анхны аймаг болж байна.

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018