Үйл явдлын мэдээ

Энэ хичээлийн жилд 12 ангийн сургалтын хөтөлбөр хэрэгжинэ

2018-08-15 16:49

Ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөө, 12-р ангийн сургалтын хөтөлбөрийг сургуулийн менежмент, багшийн ажлын төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх арга зүйд дэмжлэг үзүүлэх орон нутгийн сургагч багшийг бэлтгэх сургалт наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Манай улс  сургалтын хөтөлбөртөө 2013 оноос хойш шинэчлэл хийж буй бөгөөд 12-р ангийн хөтөлбөрийн шинэчлэл өмнөх жилүүдэд туршигдан 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжихээр болоод буй юм.

Энэхүү сургалтад БМДИ, Боловсролын хүрээлэн, ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцож, хөтөлбөрийн түгээн дэлгэрүүлэлт, анхаарах, онцлох зүйлсийн талаар ойлголтоо нэгтгэж буй юм. Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтогтох энэ үеэр МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа “Хүүхдэд гэрийн даалгавар их өгч ачаалал үүсгэдэг гэсэн ойлголт нийгэмд байдаг.

Уг нь хичээлийн цаг бага ангийн хүүхдэд 4-4,5 цаг буюу олон улсын жишигтэй ойролцоо гэсэн судалгаа бий. Харин хүүхдэд хэт их ачаалал өгч байгааг багшийн ур чадвартай холбон үзэж байна. Багш нар маань хичээл заах уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл хэт их мэдээлэл өгөх аргаар мэдлэг олгодог аргаа өөрчилж, хүүхдээр мэдлэгийг өөрийг нь бүтээлгэх, сэдэлжүүлэх, чиглүүлэх арга барил рүү шилжих тухай сүүлийн хэдэн жил ярьж байна. Бага, дунд, ахлах ангийн хөтөлбөрийн шинэчлэлүүд бүгд энэ тогтолцоо руу чиглэж байна” гэсэн юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018