Үйл явдлын мэдээ

Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад улсын хоёрдугаар зөвлөгөөн болно

2018-01-26 14:50

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн ирэх долоо хоногт орон нутагт болно.

Ховд, Өвөрхангай аймгуудад энэ сарын 29, 30-ны өдрүүдэд, Орхон, Дорнод аймгуудад ирэх хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тус тус бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдах юм.

Ховд аймгийн төвд болох чуулганд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн багш, ажилчид, Өвөрхангайн Арвайхээр хотод болох зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн багш нар, Орхон аймагт болох зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгийн багш, ажилчид, Дорнодын зөвлөгөөнд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгийн багш нар оролцоно. Бүс тус бүрийн зөвлөгөөнд 280 гаруй багш, ажилчид оролцох юм.

Зөвлөгөөний зорилго нь ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэхэд чиглэгдэж буй. Ховд, Дорнод аймагт болох улсын зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оролцож, “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавина.  Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдана.

Зөвлөгөөнд БСШУСЯ, Монгол улсын боловсролын их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Урлагийн газрын төлөөлөл оролцох юм. Энэ сарын 19 –өөс 25-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод хуралдсан юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018