Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Г.ЧУЛУУНБААТАР: САЛБАРАА БҮХЭЛД НЬ ЗӨВ ОНОШЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Хэвлэлийн мэдээ | 2017-08-01

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, академич Г.Чулуунбаатартай ярилцлаа. Тэрбээр шинжлэх ухаан, боловсролын салбарт 40 орчим жил ажиллаж буй эрдэм номын хүн бөгөөд улс төрөөс ангид ховорхон томилгооны эзэн болсон юм. Иймд сайдаар томилогдсоноосоо хойш өгсөн анхны дэлгэрэнгүй ярилцлагыг нь хүргэе. 

Миний аав ээж “Юм мэдэж ав, мэдсэн сурснаа л түшиж амьдар” гэдэг философиор биднийг өсгөж хүмүүжүүлсэн

-Жил бүрийн намар дөхөхтэй зэрэгцэн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, боловсролын салбарын шинэчлэлийг тойрсон асуудал хөндөгддөг. Ярилцлагаараа тэр бүхнийг тодруулан асуух ч гэлээ таныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсоноосоо хойш анхны дэлгэрэнгүй ярилцлага өгч байгааг тань хүндэтгээд хувь хүний тань тухай асуултаар ярилцлагаа эхлүүлье. Иймд та нутаг ус, гэр бүлийнхээ тухай танилцуулаач. Шинжлэх ухааны мөр хөөсөн номын хүн гэдгээр тань мэдэх ч яг тулж асуух гэхээр хувийн мэдээлэл тань бас их хаалттай байдаг санагдсан?

-За даа, томилогдох үед ярьснаас илүү юм ч байхгүй дээ. Нэгэнт асуусан учраас маш товч юм хэлье.  Би Ховд аймгийн Дарви суманд малчны гэр бүлд төрж өссөн.  Миний эхнэр  надтай хамт аравдугаар анги төгссөн Ховд аймгийн Зэрэг сумын хүн. Хоёр охинтой. Тэд маань гайгүй сайн боловсрол эзэмшсэн. Үүнийхээ ачаар надаас хамаагүй илүү орлоготой, боломжийн сайхан амьдарцгаадаг. Хоёулаа гэр бүлтэй болсон. Миний гар харахгүйгээр ажил амьдарлаа аваад явж байгаа. 4-8  насны  гурван зээ хүүтэй. Миний  хувьд хамгийн гол аз жаргал, бас хамгийн том дарга нар, атаманууд. Тэд одоохондоо өвөөгийн хувьд бол  хаад. Тэдний өвөөд хэлсэн үг хааны зарлиг л гэсэн үг. Зуны цагт зусландаа хамт гардаг юм. Оройхон ажил тараад унтахаас нь өмнө очиж чадвал  жагсаад зогсчихсон “Өвөө юу авчирсан. Яасан оройтдог юм бэ. Хурдан ирэхгүй яасан бэ., Өвөө  тэр тэгсэн... би ингэсэн...” гээд л унтатлаа  шуугилдана  шүү дээ. Өдрийн ажлын ядаргаа, стрессийг тэдний маань цагаахан шуугилдаан тайлж өгдөг юм.

Гэр бүлийн хүн маань МУИС-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.  Одоо бол хэдэн зээ нарынхаа гэрийн асрагч, багшийн ажил хийж байна. Бидэнд хувийн бизнес байхгүй, жирийн л дундаж сэхээтний  байдаг л нэг гэр бүл. Манайд байгаа хамгийн том хөрөнгө бол энд тэндгүй овоолж, зулсан хэдэн ном, янз бүрийн бичиг цаас. Тийм болохоор  эхнэр, хүүхдүүд гээд манайхан цөмөөрөө номонд их ойр, том багагүй зав л гарвал нэг юм бариад уншиж  байдаг зуршилтай гэх үү дээ. Миний аав, ээж “Юм мэдэж ав,  мэдсэн сурснаа л түшиж амьдар”  гэдэг философиор биднийг өсгөж хүмүүжүүлсэн. Байнга хэлж захидаг  үг нь “Түмний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ,  төр түмэндээ хар буруу санаж болдоггүй юм шүү. Худал хэлж, хүн хуурч болохгүй” гэх мэтийн энгийн мөртөө хүчтэй сургаал. Одоо бол энэ бүхэн  манай гэр бүлийн ажил, амьдралдаа барьдаг ёс суртахууны  хууль, зарчим шахуу болчихсон зүйл. Одоо миний хадам ээж 85, миний ээж 83 настай хоёр сайхан буурал амьд сэрүүн, үр  хүүхэд ач зээ нартайгаа бужигнаад байж байгаа. Энэ бас л ховорхон тохиол.

-Хоёр охин тань таны мэргэжлийг үргэлжлүүлж яваа юм байна гэж ойлголоо. Хүүхдүүдийнхээ ажилд та зааж, зааварлана биз? 
-Тиймээ, бага охин МУИС-ийн философийн ангийг, төгсөөд Австралид  эрсдэлийн менежментийн чиглэлээр магистр хамгаалсан. Одоо Европын холбооны нэг төсөлд ажиллаж байна. Том нь Турк Улсад Станбулын их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. МУИС-д мэргэжлээрээ магистр хамгаалсан. Одоо докторантурт суралцаад диссертациа бичих шатандаа явж байгаа. Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнд ажилладаг. Зав чөлөөгөөрөө ном орчуулах, төсөлд ажиллах гээд ажил амьдралаа зохицуулаад байдаг юм. Хоёулаа судалгаа шинжилгээний ажилд тулгуурласан ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор сэтгэл амар байх юм. Ер нь шинжлэх ухаан, эрдэм мэдлэгт ойр амьдрал бол илүү амгалан тайван байх боломж олгодог юм шүү дээ. Хүүхдүүдэд зааж зааварлах юм байнга л гарна даа. Эрдэм судлалынх нь ажлын хувьд судалгааны арга зүйн шинжтэй зөвлөгөөг байнга л хэлж ярина. Хувийнх нь ажил амьдралд аавын хувьд зааж чиглүүлэх зүйл байлгүй яахав. 

-Таны ажилласан түүхийг харахад амьдрал тань эрдмийн ажилтай нягт холбоотой юм билээ. Энэ талаар та ярьж өгөөч?
-Сургууль төгссөнөөсөө хойш л сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж  37 дахь жилтэйгээ золгож байна. Анх МУИС-ийн Философийн ангийг 1981 онд төгсөж, МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдож байсан. Тухайн үеийн намын Төв хорооны дэргэдэх  Нийгмийн ухааны институт гэдэг бол 140 орчим хүн ажилладаг Монголын нийгэм, улс төрийн  салбарын судалгаа, шинжилгээний ажлын хамгийн хүчирхэг төв байсан юм. Тэнд манай хамаг л шилдэг эрдэмтэд ажилладаг байлаа. Тэдний дунд есөн жил ажиллахдаа эрдмийн ажлын гайгүй сайн дөртэй болсон шүү. 1990 оноос тэр үеийн Зөвлөлт холбоот улсын коммунист Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт элссэн. Тэнд суралцах хугацаанд ЗХУ задарч, намын тогтолцоо өөрчлөгдөөд Нийгмийн ухааны академи ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Удирдлагын академи болсон. Тэгээд  1993 онд Оросын Удирдлагын академийн философийн тэнхимд В.Н.Шевченко гэж нэртэй том эрдэмтний удирдлагаар “Дорно дахины хөгжлийн  зам, түүний монгол хувилбарыг судлах арга зүйн  зүйн асуудал” гэсэн сэдвээр философийн доктор (РhD)-ын зэрэг хамгаалж ирсэн. Монголдоо ирсний дараа 1993 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвд байгуулагдахаас нь эхлээд татан буугдах хүртэл (1996 он) Эрдэмтэн нарийн бичгийн даргаар нь ажилласан. Энэ үед би шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг горилсон бүтээл дээрээ ажиллаж, дуусах дөхөж байсан юм. Судалгааны төв татан буугдаж, үндсэндээ ажилгүй болж байх үед их сургуульд багшлах, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд ажиллах хоёр  боломж надад байлаа.

Диссертаци бичээд дуусч байсан, шинжлэх ухааны доктор хамгаалах ажил Шинжлэх ухааны академи дээр зохион байгуулагдах журамтай байсан, С.Норовсaмбуу, Д.Дашжамц  гээд  багш нарынхаа зөвлөгөөг дагаад  ШУА-ийн  Философийн хүрээлэнг сонгож, тэнд улс төр судлалын салбарт эрдэм шинжилгээний ажилтан гэдэг тушаалтай очсон. Хүрээлэнд ажиллаж эхэлснээс хойш хоёр сарын дараа буюу 1997 онд хамт олны хүсэлт, шаардлага, С.Норовсамбуу багш болон тэр үеийн ШУА-ийн Ерөнхийлөгч Чадраа гуай нарын зөвлөснөөр  Философийн хүрээлэнгийн захирлын албанд томилогдсон. Үүнээс хойш 2008 он хүртэл 21 жил Философийн хүрээлэнгийн захирлаар ажилласан байна. Энэ хооронд СУИС-д тэнхмийн эрхлэгчээр таван жил, 2001 оноос УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх, ажлын хэсгийн ахлагчаар 2007 хүртэл хавсарч ажилласан. С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын дөрвөн даргын нүүр үзэж, Д.Дэмбэрэл даргын үед ажлаа өгсөн. Улс төрийн зөвлөх гэдэг үндсэндээ  судалгааны ажил байсан учраас би хавсран ажиллаж болж байсан хэрэг. 2008 онд Удирдлагын академийн захирлаар томилогдож  дөрвөн жил ажилласан. 2012 оноос 2016 оны сүүлч хүртэл эргээд Философийн хүрээлэнгийнхээ захирлын ажлыг хийлээ.  2016 оны сүүлчээс ШУА-ийн ерөнхийлөгч болон академичдынхаа итгэл хүлээлгэснээр Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад БСШУС-ын сайдын үүргийг хүлээж авах шив дээ. За нэг иймэрхүү л товч намтартай хүн.  МАН-ын Бага хурлын гишүүнээр 20-иод жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр  ч удаа сонгогдож байсан. Энэ маань  намын бодлогын судалгааны ажилд оролцох үүрэгтэй  ажил учраас чухамдаа эрдэм шинжилгээний ажил байсан хэрэг. 

Хэт дураараа авирлах, хээл хахууль, туйлширсан улстөржилт боловсролын салбарыг тойроогүй

-Та боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн том салбарыг удирдаж эхэллээ. Эдгээр салбарт шийдэх зайлшгүй шаардлагатай маш олон асуудал бий. Эдгээр асуудлыг та яаж харж, цаашид хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар бол чухамдаа бараг Монгол Улсын иргэн бүрийн  ажил амьдралтай  өдөр тутам холбогдож байдаг их өргөн хүрээтэй бодлого, үйл ажиллагааг хамардаг салбар. Тиймээс эдгээр салбарт их нухацтай судалж тооцсон, шинжлэх ухааны үндэстэй,  тогтвортой, ойлгомжтой бодлого хэрэгжиж байх ёстой. Энэ талаар  судлаачийн хувьд өмнө нь боддог л байсан. Одоо бол төр засгийн, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээлээ. Тэгэхээр сурсан мэдсэн жаахан юм байгаа бол   түүндээ тулгуурлаж байгаа бүх боломжоо шавхаж зүтгэхээс өөр бодох зүйл надад байхгүй. Эхлээд салбарыг бүхэлд нь зөв оношлохыг зорьж байна. Анх ажил авахдаа ч үүнийг хэлсэн. Хамгийн эхэнд тухайн салбарт бид юу бүтээж чадсан, юун дээр алдсан, ямар үр дүнд хүрсэн, цаашдаа яах ёстойг судална. Судалгаа хийгдэж байна.  Анхны гэж хэлж болох ерөнхий дүр зураг бий болж байна. Боловсролын салбарт л гэхэд 27 жилийн үйл явцыг бүхэлд нь харвал олон улсын жишигт нийцсэн өөрчлөлт шинэчлэлтийн ноён нуруу зөв тавигджээ. Хоёрдугаарт, кембриж, цөм хөтөлбөр зэрэг 4-6 жил туршигдаад хэрэгжиж байгаа  системийг өнөөгийн боловсролын салбарын хүрсэн төвшин, монгол хүүхдүүдийн сэтгэлгээ, суралцах арга ухаанд нийцэж тохирсон хувилбараар нь бүтээлчээр үргэлжлүүлэх  ёстой гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл кембриж гэдэг бол дэлхийн стандарт. Гэхдээ гаднын  өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлж буй тэр  загвараар нь  Монголд механикаар хуулж хэрэгжүүлнэ  гэвэл хэцүү. Тиймээс одоогийн хүрсэн төвшин,  бий болсон тогтолцооноос шалгуур даах сайн бүхнийг нь байж болох хамгийн оновчтой  хувилбараар нь үргэлжлүүлэх ёстой. Боловсролын салбарт  сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ,  багш нарын хөгжлийн асуудал, сурах бичиг гээд  судалж шийдэх тулгамдсан асуудал олон бий дээ.

-Тухайлбал?
-Боловсролын салбарын шинэчлэлийн явцад дүүрэг, аймаг бүрт лаборатори сургууль бий болгосон. Лаборатори сургуулиудын ажил хэвийн хэмжээнд жигд сайн биш байна. Цөөн биш сургуульд жирийн сургуультай адилхан ажиллаад нэмэгдэл урамшуулал аваад явж байгаа тохиолдол байгаа. Бид жирийн сургуулиас, лаборатори нь юугаараа ялгаатай байх ёстой, юу хийхийн тулд ийм статустай байгаа вэ гэдгийг  тодорхой байхад яагаад ингэж ажиллахгүй байгааг сургууль бүр дээр тодорхой авч үзэх шаардлага байна.  Лаборатори сургууль гэдэг бол олон улсын стандарт хөтөлбөрийг бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх, үлгэр жишээ болох, багш нар нь хуваарилагдсан  сургуулиуддаа сургагч багшаар ажиллаж байх ёстой. Гэтэл энэ ажлаа хийлгүй 30 хувийн нэмэгдэл цалин авч байгаа  бол энэ шударга биш зүйл. Тиймээс лаборатори сургууль бол байсан шиг байх, үгүй бол статусаа орхих ёстой. Мөн сургуулиуд дээр “өдөр өнжүүлэх”  гэж нэрлэгдсэн үйлчилгээ бий.  Миний  авсан зарим нэг мэдээллээр өдөр өнжүүлэх боловсролын үйлчилгээ явуулахад яамнаас албан ёсоор тогтоосон стандарт дүрэм, журам байдаггүй. Сайн дурын багш ч юм уу, сургуулийн нэг ажилтан хоёр өрөө байр түрээсэлж, эцэг эхчүүдээс мөнгө авч хичээлийн бус цагаар энэ ажлыг зохион байгуулдаг юм байна. Тэнд хүүхдэд ямар хоол унд өгдөг, сургалтын ямар үйлчилгээ үзүүлдэг, төлбөрийн мөнгөнөөс сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад хэрхэн  зарцуулдаг гээд тодорхойгүй олон асуудал байдаг. Санхүүгийн зарцуулалт, тайлан тооцоо нь ойлгомжгүй, гэх мэтийн олон асуудал байна.  Бодлого, зарчмын хувьд ийм үйлчилгээ байх ёстой. Гэхдээ тодорхой стандарт, дүрэм журамтай, хяналттай, хүүхэд эцэг эхчүүдэд өгөөжтэй, санхүү  нь ил тод, үйлчилгээ нь сайн байхыг шаардах учиртай.

Түүнчлэн нийслэлд “сайн сургууль” гэгдэх I, 23 зэрэг сургуулийн талаар иргэдийн дунд үнэн худал нь мэдэгдэхгүй маш их ам дамжсан яриа явж байна. Эдгээр сургуульд орохын тулд нэг хүүхдээс саяар тоологдох мөнгө авдаг бөгөөд түүнийгээ сургалтын орчин, нөхцөлийг сайжруулахад, суралцагчдад жигд үйлчилгээ үзүүлэхэд зарцуулагддаггүй, тэр ч бүү хэл сургуулийн дансаар дамжуулдаггүй  гэсэн яриа байдаг. Үүнийг судалж, шалгаж нягтлах, дахиж ийм яриа гарахгүй хэмжээнд цэгцлэх шаардлагатай гэж бодож байна. Энэ талаар сайн туршлага бий. Тухайлбал,  Орос III сургууль бүх зүйл нь нээлттэй, төлбөр авдаг, түүнийгээ төсөв тооцондоо тусгадаг, ажил үйлчилгээг сайжруулахад   зарцуулдаг байх жишээтэй. Энэ  жишгээр ажиллах боломж бүх сургуульд бий.  Ингээд дурдаад байвал боловсролын салбарт олон асуудал байна. Энэ бүхнээс үндэслээд  боловсролын салбарыг дампуурч байгаа гэж ойлгож болохгүй. Боловсролын системийн ноён нуруу  хугарч сэвтээгүй, ерөнхий хандлага нь олон улсын жишиг, сонгож авсан ардчилал, зах зээлийн зарчмаас хол гажаагүй  яваа гэдгийг өмнө хэлсэн. Хэдий тийм боловч манай нийгэмд бүхэлдээ ажиглагдаж байгаа “гамшгийн шинжтэй” гэж хэлж  болох хэмжээнд хүрчихээд  байгаа сөрөг үзэгдлүүд, тухайлбал, байгууллага, хамт олны хүрээн дэх  хүмүүсийн хагарал, талцал хуваагдал, хэт дураараа авирлах явдал, хээл хахууль, туйлширсан улстөржилт, танил талаа татах зэрэг зүйлүүд боловсролын салбарыг тойроогүй гэдгийг ойлгож байна. Эдгээр сөрөг үзэгдлийг чадлынхаа хэрээр хязгаарлах, зогсоохыг  хууль, журам  дүрмийн хүрээнд  хийнэ гэж бодож байгаа.

-Та гуравдугаар сургуулийн жишээг татлаа. Тэгэхээр улсын сайн сургуулиуд хүүхдүүдээс төлбөр авах нь байж болох зүйл юм уу?
-Хууль дүрмийн хүрээнд байж болох зүйлийг  дэмжинэ. Сургуулийн өөрийн удирдлагын байгууллагын хэмжээнд эцэг эх, сурагчдынхаа санал, эрэлт хэрэцээнд нийцүүлээд хуулиар хориогүй төлбөртэй үйлчилгээ үзүүлэх бол  тэр нь ил тод, зөв шударга зориулалтын дагуу байх ёстой гэж ойлгож болно. Нөгөө талаар хууль журамд нарийн зохицуулагдаагүй  ч гэсэн амьдрал дээр манай нийгэм бодитой байгаад байгаа тийм үйлчилгээг, тухайлбал, “өдөр өнжүүлэх” зэргийг журамтай, стандартай болгох шаардлага бий. Энэ талаар III сургуулийн жишээг боломжийн гэсэн  мэдээлэл авсан.  Ажил эхлэхээр өөрийн биеэр танилцана гэж бодож байгаа. 

-Ярилцлагадаа та нийгэмд бүхэлдээ ажиглагдаж байгаа “гамшгийн шинжтэй” болсон нэг зүйл нь хүмүүсийн хагарал, талцал гэж хэлсэн. Спортын холбоодыг хэлж байх шиг байна. Та энэ байдлыг хэрхэн арилгах вэ?
-Энэ санааг судлаачийн хувьд ерөнхий утгаар хэлсэн. Иймэрхүү  байдал зөвхөн боловсрол, соёл, спортын зэрэг салбарт ч гэлтгүй нийгмийн амьдралын бусад бараг бүх  хүрээ салаа салбарт ажиглагдаж, мэдрэгдэж  байгаа зүйл. Спортын мэргэжлийн холбоод гадаад дотоодод тамирчин явуулах зэргээс шалтгаалж хуваагдаж талцаж байгаа тухай дуулдаж л байдаг. Үндэсний бөхийн холбог тойрсон үйл явдал байна. Манай багш нарын хэмжээнд Монголын багш нарын холбоо, Ахмад багш нарын холбоо, Залуу багш нарын холбоо, Сургуулийн удирдах ажилтнуудын холбоо гээд  төрийн бус байгууллага олон байна. Хуулийн дагуу  үзэл бодол, сонирхлоо нэгдэж  иргэний нийгмийн байгууллага, эвсэл холбоо гээд ТББ  байгуулах нь нээлттэй учраас буруутгах аргагүй, бас шууд хагарал, талцал гэх аргагүй боловч  үйл ажиллагаа нь давхардсан,  зэрэгцсэн, заримдаа бие биенээ үгүйсгэсэн зүйлүүд ч ярьж хэлэх явдал байж л байна. Энд багшийн хөдөлмөр гэж нийтлэг зүйлээс эхлээд нэг дээвэр дор нэгдээд тус тусынхаа өвөрмөц эрх ашгийг  хамгаалж ажиллах бололцоо бий гэж харж байна.  Ажлын уялдаа зохицуулалт гэж  их чухал зүйл орхигдоод байгаа юм. Нийтэд нь би бүх салбарын хагарал талцлын шалтгаан, түүнийг арилгах арга замыг судлаачийн хувьд, багш хүний хувьд харахыг хүсч байна. Ийм хагарал талцал Монгол үндэстнийг мөхөөх аюултай. Нэг ч ажил урагшлахгүй байхын үндэс. Өнөөдөр энэ талцлаас болоод ажил хийж байгаа хүмүүс  зөв нэр төр, аятайхан  имижтэй байх бололцоо илэрхий хязгаарлагдаж байгааг  бүгдээрээ л харж байгаа. Мэргэжил, сонирхлоороо нийлж эрх ашгаа хамгаалуулахаар нэгдэж иргэний нийгмийн байгууллага байгуулан ажиллах нь хуулиараа нээлттэй бөгөөд зөв үйл явц. Гэхдээ үүнийг ажил саатуулах, шантааж хийх, хагаралын үндэс болгож болохгүй гэдэгт л хамаг учир бий.

-Шинжлэх ухаан бол таны насаараа зүтгэсэн салбар. Энэ салбарт тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, алдаа дутагдлыг хэн хүнээс илүү сайн мэдэх байх. Энэ салбарт та юу хийе гэж бодож байгаа вэ?
-Шинжлэх ухааныг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож, түүчээлж байж улс үндэстэн хөгждөг жамтай. Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг сүүлийн 27 жил орхиогүй бас олигтой дэмжээгүй. Одоо энэ салбарт хоёр,  гуравхан зүйл зайлшгүй шаардлагатай байгаа. 

Нэгдүгээрт, хууль эрхзүйн орчинг нэлээд шинэчлэх шаардлагатай болсон. Шинжлэх ухааны академийн статусын тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиараа энэ салбарын эрхзүйн орчин, бодлогын дэмжлэгийг илүү нарийвчлан боловсронгуй болгох ёстой. Хоёрдугаарт, шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг алхам алхмаар нэмэгдүүлж, олон улсын жишиг рүү ойртуулах ёстой. Шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгөний олон улсын жишгээс манайх  маш олон дахин бага байдаг. Гуравт, эрдэм шинжилгээний  байгууллага, судлаач эрдэмтдийн  ажиллах нөхцөл, оюуны хөдөлмөрийн үнэлгээ үлэмж доошилсон. Үүнийг сэргээхгүй бол сайн эрдэмтэд төрж, улс орондоо тус болно гэхэд хэцүү. Тиймээс хүний нөөцийн менежмент, хөрөнгө оруулалтын механизм, эрх зүйн орчин гэсэн чиглэлээр шинжлэх ухаанд бодитой алхам хийнэ.  Шинжлэх ухааны ололт, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг  үнэлж үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх,  төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомжид тусгах асуудал манайд олигтой шийдлээ олоогүй том асуудал. Энэ тухайд тал талаасаа онцгой анхаарах шаардлага бий.  Нэг үеэ бодвол бараг хүн бүр шинжлэх ухаанд тулгуурлана, судалгаанд үндэслэнэ гэж ярьдаг болсон нь нийгмийн сэтгэл зүйн хувьд их зохистой зөв хандлага, ажил урагшлах нийгэм, сэтгэл зүйн зохистой орчин бүрдэж байгаа хэрэг шүү.

Урлаг бол их нарийн төвөгтэй шинжлэх ухаан

-Соёлын салбарын тухайд?
-Соёлын салбар бол миний судалгааны ажлын сэдэв чиглэлд  их ойрхон явж ирсэн. Би СУИС-д тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байхдаа соёлын хамт олны дунд байсны хувьд энэ салбарын ажил, амьдралыг нь гадарлана. Соёл гэдэг бол ерөнхий ойлголтоор хүний оюун сэтгэхүйн үйл явц, үйлдлээр дамжиж илэрдэг түгээлэл үнэлэмж. Урлаг бол их нарийн төвөгтэй шинжлэх ухаан. Энэ хоёр салбарын бодлого төрийн онцгой ивээлд байх ёстой. Урлагийг сонгодог, ардын, цэнгээний гэж мэргэжлийн судлаачид ангилж судалдаг  юм билээ. Ардын урлаг нь үндэсний уламжлалаар, цэнгээний урлаг бол нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлах зориулалттай. Сонгодог урлаг бол дэлхийн урлагийн түвшинд олон улсын  жишиг үнэлэмжээр хэмжигдэж байдаг, төрийн онцгой анхааралд хөгждөг салбар. Тэгэхээр урлагийн эдгээр төрөл бүрт нь тохирсон бодлого, менежмент  хэрэгтэй. Энд бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бодлогын зөв  менежмент бүхий  оновчтой бүтэц зохион байгуулалт гээд  өндөр төвшинд бодож шийдэх асуудал ч байна.  Мөн одоо байгаа бодлого эрх зүйн орчиндоо  шийдээд явчих тодорхой зүйлүүд ч бий. 

Нийгэмд соёлын талаар  явцуу,  хязгаарлагдмал  ойлголт нэлээд газар авчихсан  гэж би боддог.  Соёл бол номын сан, музей, урлаг соёлын байгууллагуудаар хязгаарлагдах  зүйл хараахан биш. Хувь хүний харилцаанаас эхлээд биеэ авч явах  соёл, ажил хэргийн соёл, мэргэжлийн үйл ажиллагааны соёл гээд их өргөн хүрээтэй асуудал. Энэ утгаараа зөвхөн манай яамны эрхлэх асуудлын хүрээнд бүрэн багтахгүй зүйлүүд олон. Нийт нийгмээрээ л анхаарч байх асуудал. Хувь судлаачийн хувьд бол  эртний их түүх соёлтой,  тусгаар тогтносон улс үндэстний хувьд  соёл урлагийн салбар бие даасан бодлогын  яамны хэмжээнд үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах шаардлагатай ч байж болох юм гэсэн санаа бодлыг хуваалцаж явдаг хүний нэг.

-Биеийн тамир спортын салбарт онцолж хэлэх зүйл юу байна. 
-Шинэ хууль мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулийг хэрэгжүүлэх ажил хамгийн чухал нь. Салбарт  бодлогын хувьд наад зах нь гурван багц асуудал байна гэж бодож байна. Эхнийх мэдээж их спорт. Улс орныхоо нэр төрийг тив дэлхий, олон улсын хэмжээнд дуурсгаж байдгаараа төрийн онцгой анхааралд байх учиртай. Багш дасгалжуулагч, бэлтгэлийн орчин, санхүүгийн дэмжлэг урамшуулал гээд бид боломжийн хэрээр анхаарч байна. Онц ноцтой тулгамдсан асуудал энэ  салбарт одоогоор үгүй байна. Нийтийн биеийн тамир, хөдөлгөөнөөр дамжуулсан эрүүл аж төрөхүйн боловсрол бол  бодлогын чухал чиглэл. Шинэ хуулиар бүх суманд биеийн тамирын арга зүйч орон тоогоор ажиллахаар болсон. Тэднийг сайн бэлтгэж, ажиллах боломж нөхцөлөөр хангах учиртай. Спортын мэргэжлийн холбоодтой хууль дүрмийн хүрээнд хамтарч ажиллах, зөв зохистой ажлыг нь дэмжих, ажилд саад болсон аливаа зөрчил доголдол гаргахгүй байх талаар анхаарах шаардлага бий. Хуулиар спортын холбоодод багагүй эрх мэдэл олгогдсон учраас холбоод маань ч илүү хариуцлагатай ажиллах байх гэж найдаж байна. 

-Хичээлийн шинэ жил эхлэхэд  нэг сарын л хугацаа үлдлээ. Үүнтэй холбоотой тодорхойгүй асуудал олон байна л даа. Эхнийх нь тусгай сургуулиудын асуудал. Өнгөрсөн хавар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тохилог сурах орчин, ном сурах бичиг, мэдлэг чадвартай багш боловсон хүчнээр хангахыг хүсч, жагсаал хүртэл хийсэн. Ирэх хичээлийн жилд тэдний сурах орчин, багш боловсон хүчин нь хэр өөрчлөгдөх вэ. Эсвэл өнгөрсөн хаврын байдлаараа л байх уу?
-Энэ талын бодлого, зохицуулалтын талаарх нарийн тодорхой мэдээллийг хичээлийн жил эхлэхээс өмнө нийтэд өгнө гэж бодож байна. Тусгай сургуулиудын хувьд нийслэлийн харьяанд байсныг яамны харьяанд хуулийн дагуу шилжүүлсэн. Тусгай сургуулиудад тэргүүн зэргийн анхаарал тавина. Тусгай сургуулиудын хүрээнд ямар ямар асуудал байгаа,  ер нь юу болоод   байгаа тухайд тодорхой мэдээлэл бий. Одоо сургуулиуд амарчихсан учраас байр байдалтай нь танилцаж амжаагүй байна. Хичээл эхлэхийн өмнө  сургууль тус бүрт очиж ажилтай нь танилцана. Харьяалал өөрчлөгдсөнтэй холбоотой  тодорхой асуудлуудыг нь шийдэж байгаа. Газар дээр нь үзэж танилцаад шийдэх асуудал ч бий. 

-Сурах бичгийн үнэ жил бүр хэлбэлздэг. Өнгөрсөн онд дунджаар 2750 төгрөг байсан. Энэ жил үнэ нь нэмэгдэх үү, хэвлэлт ямар байгаа вэ?
-Ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай бүх сурах бичгийн захиалга хийгдсэн. Сурах бичгүүдийг хэвлэж байгаа. Есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгүүдийг сургуульд асуудалгүй түгээх нөхцөл бүрдсэн. Үнийн дүнгийн тухайд хэвлэлийн компаниудтай иргэдэд дарамт учруулахгүйн тулд аль болох нэмэхгүй байх чиглэлд ойлголцсон. Үүнтэй адил их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар  хаана хаанаа зөвшилцөж тохирсон. Сурах бичгийн тухайд ямар нэгэн асуудал гарахгүй гэж бодож байгаа. Сургуулиудын засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийн ажил манай яамнаас  шалтгаалж саатаж байгаа зүйл одоогоор байхгүй байна. Мэдээллийг нэгтгэж авч байгаа. Удахгүй тодорхой мэдээллийг олон нийтэд өгнө.

-Цэцэрлэгийн хүрэлцээ-гүйгээс болж жилд 40 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Нийслэлд тулгамдаж буй том асуудлын нэг нь яах аргагүй цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн асуудал мөн. Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд үе шаттай ажил хийх ёстой. Өнгөрсөн жилээс л гэхэд байгууллагын дэргэдэх цэцэрлэг бий болгох ажлыг нэлээд ярьсан. Энэ ажлыг Засгийн газрын яамдаас эхлээд харьяа байгууллагуудад бий болгох тодорхой санаачилгууд бий. Байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулахад урсгал зардал, тоног төхөөрөмжийн асуудлууд бий. Эдгээрийг ирэх сарын эхний өдрүүдэд  Засгийн газарт танилцуулхаар урьдчилсан тооцоо судалгаа хийж байна. Энэ бол цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд чухал алхам гэж харж байгаа. Мөн хүүхэд харах үйлчилгээ, орон нутагт гэр цэцэрлэг ажиллуулах зэрэг аль болох л бүхий л боломжоо ашиглаж цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн иргэдэд аль болох чирэгдэл бага үүсгэх үүднээс цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр хийж байгаа. Бусад чиглэлээр холбогдох судалгаа, тооцоог хийж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх боломж  бүрдэж байна гэж ойлгож болно. 

Төрийн нэг ч их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар хатуу тохирсон

-Та ажил авсныхаа дараахан их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, сургалтын төлбөр нэмэхгүй байхаар болсон. Гэтэл зарим сургууль нэг багц цагийн кредитийн төлбөрөө нэмсэн сураг байна. Хэрвээ сургалтын төлбөрөө нэмсэн бол тухайн сургуульд ямар хариуцлага тооцох вэ?
-Төрийн өмчийн 17 их, дээд сургуулийн захирал, удирдах зөвлөлийн дарга нарыг урьж уулзаж сургалтын төлбөрийг нэмэхгүй байх талаар санал солилцсон. Хэрвээ төлбөр нэмэх зайлшгүй шаардлага байвал тодорхой үндэслэлээ гаргаж ирэхийг шаардсан. Энэ уулзалтаар төрийн нэг ч их, дээд сургууль нэг оюутнаас авах жилийн төлбөрийг нэмэхгүй байхаар хатуу тохирсон гэхэд болно. Үүнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тэмдэглэлээр шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу л явна. Харин өөрийн чинь хэлж байгаа кредит цагийн төлбөрт бага зэргийн өөрчлөлт орохыг  үгүйсгэхгүй. Энэ бол тухай сургуулийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, агуулгад  хийгдэж  буй өөрчлөлтөөс хамаарах дотоод зохицуулалтын асуудал гэж ойлгож байна.  Гэхдээ  энэ бол нэг оюутнаас тухайн хичээлийн жилд төлөх ерөнхий дүнгээр сургалтын төлбөр нэмэгдэх үндэслэл болохгүй. Бас нэг асуудал бол тухайн оюутны тухайн жилдээ сонгож суралцах хичээлийн тооноос хамаарсан төлбөрийн хэмжээний асуудал бий.  Үүнийг сургууль зохицуулах боломжтой. Хэрвээ сургалтын төлбөрөө ерөнхий сууриар удирдах зөвлөл, яаманд мэпдэгдэхгүйгээр нэмсэн тодорхой тохиолдол гарвал  сургуулийн захиралд хариуцлага тооцох болно.

-Багш нарын ажил-лах эрхзүйн орчинг сайжруулахаар хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Гэвч багш нарын мэдлэг, ур чадвар дутуу дулимаг байгааг олон хүн ярьдаг?
-Багш, бол манай салбарын хувьд нэн тэргүүнд онцгой анхаарал  тавьж байх ёстой мэргэжлийн албаны гол хүч гарцаагүй мөн. Тэднийг дэмжих, хөгжүүлэх процесс хуулиар хамгаалагдахын зэрэгцээ багшийн ажлын үнэлгээг шударга, ил тод болгох нь удирдлага, байгууллагын менежментийн маш чухал асуудал. Тиймээс багш нараасаа эхлээд бүх салбартаа  ажлын үнэлгээний тодорхой стандарт, түүнд үндэслэсэн үнэлгээний шинэ систем нэвтрүүлэхээр судалж байна. Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын  ажлын үнэлгээний стандарт шалгуурыг тодорхой хувь хүн, албан тушаалтны субьектив шинжтэй хандлагаас шууд хамаарахгүй болгох хэрэгтэй. Гол нь тухайн ажилтан өөрөө болон үйлчлүүлэгчид нь тодорхой стандартын дагуу ойлгомжтой, элдэв салаа утгагүй, тогтсон  шалгуур үзүүлэлтээр ажлыг дүгнээд  удирдах ажилтнууд нь түүнийг нь хянаж баталгаажуулдаг, тэдгээр нь  улмаар жилийн ажлын үр дүнгийн  гэрээ, хөдөлмөрийн гэрээний  үнэлгээний  биелэлтийг бодитой, маргаангүй  үнэлэх үндэслэл болдог нээлттэй, ойлгомжтой систем байх ёстой. Энэ бол тухайн ажилтны хуулиар хүлээсэн чиг үүрэг, ажлын байрын тодорхойлолтод заасан  үндсэн   үйл ажиллагааг стандартчилна гэсэн үг. Ажлын үнэлгээ тодорхой, ойлгомжтой байх нь хэд хэдэн сайн үр дүн өгнө гэж бодож байна.  Тухайлбал, нэгдүгээрт тухайн ажилтан би ажлаа ямар хэмжээнд хийж байна вэ гэдгээ ойлгож мэдэрч ажиллана. Хоёрт, би энэ ажлыг шаардлагын хэмжээнд хийх чадвартай хүн мөн үү гэдгээ ухаарч  мэргэжлийн чадвараа дээшлүүлэх, эсвэл ажлын байраа солих өөрчлөх саналаа өөрөө шийдэх боломж бүрдэнэ. Гуравт, аль ч ажлын байранд ажиллах хүн ажилд орох санал тавихдаа хүссэнээрээ биш, шахаагаар биш, гагцхүү хийж чадах чадвараа бодож сонголт хийх боломж бүрдэнэ. Дөрөвт, хамгийн гол нь хийсэн ажил, түүнийхээ чанар чансаанд нийцсэн шагнал урамшуулал, санхүүгийн дэмжлэг авах асуудал өөрөөс нь шууд хамааралтай болж, ажлаа чин сэтгэлээсээ хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

-Хэзээ таны хэлсэн шиг үнэлгээний системтэй болох вэ?
-Ажлын үнэлгээ, стандартыг нийт салбарын хэмжээнд боловсруулж хэрэгжүүлэх үйл явц тийм амархан биш, тодорхой үе шаттай хийгдэнэ  гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хийхээс өөр аргагүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа. Ер нь энэ намар боловсролын багц хуульдаа нэмэлт,  өөрчлөлт оруулах  төслүүдийг Засгийн газраас УИХ-д  өргөн мэдүүлэх учиртай. Бид тодорхой  төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Түүнд миний ярьж буй тодорхой асуудлууд бодлогын хувьд тусгалаа олох учиртай.  УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооноос энэ хавар шинжлэх ухаан, технологи, инноваци болон  боловсролын  салбарын бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг гарган ажиллуулж, УИХ-ын Байнгын хорооны таван  тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсөн байгаа. Эдгээр нь манай яамны цаашдын бодлого, үйл ажиллагаанд их тодорхой удирдлага  болох ёстой. Одоо ч бидний ажлын чухал удирдамж болж байгаа гэдгийг хэлье. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдахад олон асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ. Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хуулийн зохицуулалттай уялдуулах шаардлага гарна.  

-Эцэст нь таны өмнөх сайд хариуцлага тооцуулж огцорсон, Төрийн нарийн бичгийн даргыг саяхан ажлаас нь чөлөөлсөнтэй зэрэгцээд яамны бүтцийг шинэчилэн баталсан. Танай яам нэлээд бужигнаантай байна уу?
-За гайгүй дээ. УИХ, Засгийн газрын хэмжээнд шийдсэн асуудлаар би ямар нэг тайлбар хэлээд байх шаардлагагүй. Яамны аппаратын ажилтнуудын тухайд бол гадуур зарим хүмүүсийн яриад байгаа шиг болохоо байчихсан юм байхгүй юм билээ. Зүгээр яамны удирдлагын төвшний ажилд хандах хандлага, тодорхой асуудлаар санал зөрүүтэй байдал бий болсон  зэргээс үүдсэн хүлээлт, зарим нэг  болгоомжлол байсан биз. Одоо бол тийм юм арилаад ажил хэвийн явна гэдэгт би итгэлтэй байгаа. Бүтэц бол бага зэрэг өөрчлөгдсөн. Ерөнхий тоогоороо удирдлагын нэг нэгжээр цөөрсөн. Боловсролын салбарын бодлого, бодлогын хэрэгжилт хоёр нь яамныхаа газрын төвшинд тусдаа байсан нь оновчтой биш гэж үзсэн учраас нэгтгэж, боловсролын бодлого, хэрэгжилтээ нэвтэд нь хариуцах  бодлогын гурван газартай болсон. Манайд маш олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг, цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа учраас   энэ асуудлыг хариуцсан газар  бий болсон. Мөн үүнтэй холбоотойгоор Санхүү эдийн засгийн газрын чиг үүргийг тодорхой болгож өөрчилсөн байгаа.  Бужигнаад байгаа юм огт байхгүй дээ. Мэргэжлийн аппарат тогтвортой байх ёстой гэдэг зарчмын хүрээнд ажил зохион байгуулагдаж байна.  Мэдээж салбарт хамаарах ганц нэг албан тушаалтны хувьд хариуцлага тооцох, чиг үүрэг, ажлын байрын тодорхойлолт өөрчлөгдсөнтэй холбогдож  ажлыг  нь өөрчлөх, сэлгэх асуудал бий. Бүх зүйлийг хуулийн хүрээнд тухайн ажилтанд цалин хангамжийг нь бууруулахгүйгээр ажлын байр санал болгох зэргээр ойлголцоод явж байгаа.

Б.ЦЭНД-АЮУШ

Эх сурвалж: http://www.undesniishuudan.mn/content/read/145738.htm

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?