Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалтыг зохион байгуулж буй үр дүн, туршлага, сургамж

Нийтлэлч багш нарын клуб | 2017-01-05

Багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалтыг зохион байгуулж буй үр дүн, туршлага, сургамж

Б.Цогбадрах (M.Ed)

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Цахим сургалтын алба

Хураангуй:  Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг танхимын ба онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулаад 3 жилийн нүүрийг үзээд байна. Анх 2014 онд туршилтаар онлайн сургалтыг зохион байгуулж байх үед онлайн сургалтад суралцагчдын 34.2% нь амжилттай суралцаж байсан бол 2015 онд 70.05%, 2016 онд 95.46% болж өссөн байна. Энэхүү огцом өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь 1: онлайн сургалтын үнэлгээг багшлах эрх олгох, сунгах шалгуур үзүүлэлтээр тооцох болсон, 2: онлайн сургалтыг хөтөлж буй арга зүйчдийн зааварчилгааны дизайн бэлтгэх чадвар сайжирч байгаатай холбоотой. Цаашид онлайн сургалтыг танхимын сургалтын үнэлгээний төлөө чиглүүлэхээс илүү суралцагчдад мэдлэг, чадвар олгоход анхаарах нь чухал болоод байна.

Түлхүүр үг: Вебд суурилсан сургалт, Киркпатрикийн 4 түвшний үнэлгээ, зааварчилгааны дизайн, АХИС загвар

    I. УДИРТГАЛ

Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан багш нар танхимын сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадваруудаа ажлын байрандаа үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг шинжих шалгуур нь Киркпатрикийн 4 түвшний үнэлгээ [1] байдаг. Тус үнэлгээгээр сургалтын үр дүнг шинжих бололцоог танхимын сургалтын дараах 30 хоногийн онлайн сургалтаар зохион байгуулах боломжтой гэж үзсэн. Ийнхүү онлайн сургалтыг зохион байгуулсан нь сургах, хөгжүүлэх тал нь орхигдон, зөвхөн даалгавар авахад чиглэгдэж байлаа. Иймээс онлайн сургалтаар суралцагчдыг хөгжүүлэх, чадвар, хандлага олгоход чиглүүлэх шаардлага тулгараад байна.

 II. ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

A. Киркпатрикийн 4 түвшний үнэлгээ

АНУ болон бусад олон оронд сургалтыг үнэлэхдээ Киркпатрикийн (Donald L. Kirkpatrick) 4 түвшний үнэлгээний аргыг стандарт болгон ашиглаж байна.[1] Үүнд:

1. Reaction (Сэтгэл ханамж)

Оролцогчдын хандлага (Сургалтын дараа анкетийн судалгаа авах зэргээр оролцогчдын сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх)

2. Learning (Мэдлэг эзэмшсэн байдал)

Сургалтын үед заасан агуулгыг хэр зэрэг ойлгож эзэмшсэн бэ? (Оролцогчдын мэдлэг эзэмшсэн байдалд буюу сургалтын өмнөх болон дараах санал асуулгаар харьцуулан үнэлгээ хийх)

3. Behavior (Үйлийн хандлага, өөрчлөлт)

Сургалтаар олж авсан мэдлэг чадварыг ажилдаа хэрхэн бодитоор хэрэгжүүлж байна вэ? (Оролцогчдоос ярилцлага авах болон хөндлөнгийн үнэлгээгээр дамжуулан үйлийн хандлага өөрчлөлтөд үнэлгээ хийх)

4. Result (Үр дүнд хүрсэн байдал)

Оролцогчдын үйлийн хандлага ажлын байран дээр үр дүнд хүрч байна уу? (Сургалтад оролцсон оролцогчдын мэдлэг, чадвар дээшилсэн байдал, ажлын байран дээр үр дүнгээ өгч бүтээмж нэмэгдсэн эсэхэд үнэлгээ хийх)

Дээрх 4 түвшний үнэлгээг багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хэрэглэж сургалтын үр дүнг тооцохын тулд онлайн сургалтыг явуулж байна.

 B. Вебд суурилсан сургалт

Интернэт (веб)-д суурилсан сургалт нь хичээлийн агуулга болон сургалтын материалыг веб технологиор сервер компьютерт  байршуулан, багш болон суралцагчид хоорондоо интернет ашиглан орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр чөлөөтэй харилцан сургалтаа явуулдаг. [Keegan, 1995], [Paulsen, 2003]

Вебд суурилсан сургалтын олон програм хангамжууд байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн өргөн ашиглаж буй нь Сургалтыг удирдах систем (Learning Management System) юм. [3]

Сургалтыг удирдах системийн орчин нь интернет болон компьютерийн сүлжээн дэх онлайн холболт юм. Тус систем нь дараах үйл ажиллагааг явуулах боломжтой байдаг. Үүнд:

Төлөвлөлт: онлайн курс болон семинар төлөвлөх, сургалтын төлөвлөгөө, түвшин тогтоох тестүүд, сургалтын загвар, болон ажлын бүлгүүдийг хуваарилах, бүхий л бэлтгэл ажлууд орно.

Бүртгэл: Онлайн бүртгэл, материалын захиалга, Сургалтын материалын бэлтгэл ажил, Хадгалагдсан сургалтын материалууд нь төрөл бүрийн загваруудад бэлтгэгдэх

Certification: Сургалтын явцыг үнэлэх, сургалтын үр дүнг тооцох зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх зориулалттай.

Бид Сургалтыг удирдах Moodle системийг сургалтад авч ашиглаж байна.

Moodle систем нь Нээлттэй эхийн програм хангамж[4] тул лицензийн зөвшөөрөл худалдан авах зардал гарахгүй, өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан нутагшуулах бүрэн боломжтой байдаг.

 C. Зааварчилгааны дизайн

Онлайн сургалтаар суралцагчдад олгох мэдлэг, чадварыг үр дүнтэйгээр эзэмшүүлэхийн тулд цахим агуулга, үйл ажиллагааг суралцагчдыг татахуйц сонирхолтой, хялбар, ойлгомжтой төлөвлөх гол ажил нь зааварчилгааны дизайн бэлтгэх явдал байдаг.[5] Зааварчилгааны дизайны олон загварууд байдгаас Ж.Келлерийн “АХИС загвар”-ийг сонгон авч онлайн сургалтыг зохион байгуулснаар суралцагчдыг сэдэлжүүлэн татаж амжилттай явуулах боломжтой юм.[5] Тус зааварчилгааны дизайныг хэрэглэх зөвлөмжийг онлайн сургалт хөтөлж буй арга зүйчдэд санал болгосон хэдийг ч манай сургалтын зааварчилгааны дизайн төдийлөн сайн биш байсан нь нэг багшид ногдох суралцагчдын тоо хэт их байгаатай холбоотой юм.

III. БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУРШЛАГА

Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг танхимын ба онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулаад 3 жилийн нүүрийг үзээд байна. Анх 2014 онд туршилтаар онлайн сургалтыг зохион байгуулж байх үед онлайн сургалтад суралцагчдын 34.2% нь амжилттай суралцаж байсан[6] бол 2015 онд 70.05%, 2016 онд 95.46% болж өссөн байна. (2015, 2016 оны суралцагчдын амжилтыг жигнэсэн дунджаар тооцсон болно.)

Онлайн сургалтад оролцогчдын идэвх жил бүр нэмэгдсээр байна. Эдгээрийг 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтуудыг тус бүрчлэн авч үзвэл:

Эхний жилийн үндсэн сургалт

2014 он

2015 он

2016 он

Нийт суралцагчид

1731

1557

1664

Онлайн сургалтын үнэлгээ > 50%

34.2%

80.48%

94.89%

Онлайн сургалт үнэлгээ =< 50%

22.9%

17.79%

3.79%

огт нэвтэрч ороогүй

42.9%

1.73%

1.32%

Онлайн сургалтад нэвтэрч чадахгүй  хувь огцом багасаж байгаа нь багшлах эрх авах үйл ажиллагаатай холбоотойгоос гадна, онлайн давтан сургалтад суусан суралцагчдыг тооцсон тул огт нэвтрээгүй суралцагчдын хувь багассан байгаа.

5 дахь жилийн үндсэн сургалт

2015 он

2016 он

Нийт суралцагчид

1440

1551

Онлайн сургалтын үнэлгээ > 50%

62.29%

96.20%

Онлайн сургалт үнэлгээ =< 50%

30.14%

3.09%

огт нэвтэрч ороогүй

7.57%

0.71%

2015 онд Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдаж байсан багш нарын онлайн сургалтад хандах хандлага нь 2016 онд 33.91%-иар өсөж байгаа нь багшлах эрхээ сунгуулахад онлайн сургалтын үнэлгээ чухал нөлөөтэй болохыг ойлгосноор тайлбарлагдах юм.

10 дахь жилийн үндсэн сургалт

2015 он

2016 он

Нийт суралцагчид

1207

1188

Онлайн сургалтын үнэлгээ > 50%

65.87%

95.29%

Онлайн сургалт үнэлгээ =< 50%

29.83%

3.79%

огт нэвтэрч ороогүй

4.31%

0.93%

10 дахь жилийн багш нарын онлайн сургалтын үнэлгээ 1 ба 5 дахь жилийнхээс сул байгаа нь тэдний цахим технологийн ашиглах чадвартай холбон ойлгож болох юм. 

 IV. Үр дүн, дүгнэлт

Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг танхимаар суралцсан оролцогчид ажлын байрандаа очсоны дараа шинээр олж авсан мэдлэг, чадвар, хандлагаа хэрэгжүүлэх байдлыг үнэлэх буюу Киркпатрикийн 4 түвшний үнэлгээ[1]-г хийхэд чиглэгдэн онлайн сургалтыг зохион байгуулж байсан нь суралцагчдын дунд “Онлайн даалгавар”[7] гэх нэршилтэй болсон байдаг. Энэ нь онлайн сургалтын үүрэг, ач холбогдлыг орхигдуулж байгааг анхааруулж байгаагийн нэг дохио юм. Суралцагчдын оролцох байдал маш сайн өссөн байгаа нь багшлах эрхээ авах ба сунгуулахад цуглуулах ёстой 100 онооноос 40 нь онлайн сургалтын үнэлгээгээр тооцож байгаатай холбоотой юм.

Онлайн сургалтад хандах суралцагчдын идэвх дээшилж байгаа энэ үед онлайн сургалтыг танхимын сургалтын үнэлгээний төлөө даалгавар авахаас илүү суралцагчдыг сургах, хөгжүүлэх тал дээр анхаарч зааварчилгааны дизайныг шинэ шатанд гаргах шаардлага тулгараад байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх Онлайн сургалтын нэг багшид ногдох суралцагчдын тоо хэт их байгаа нь сургалтын чанар сулрахад нөлөөлж байна.

V. Эшлэл, Ном зүй

1. D.L.Kirkpatrick. (1959). Evaluating traning programs The four Levels, San Francisco, 2006

2. H. H. Wideman, R. D. Owston, and N. Sinitskaya. Transforming Teacher Practice Through Blended Professional Development: Lessons Learned From Three Initiatives. Society for Information Technology in Teacher Education (SITE), 2007.

3. Вебд суурилсан сургалт, (2007) http://www.user.edu.mn/

4.  Martin Dougiamas, Why a Moodle MOOC?, https://learn.moodle.net

5. Б.Цогбадрах, “Хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх арга" Нээлттэй сургууль" сонины 2014 оны 8, 9, 10 дугаар сарын дугаарууд

6. Б.Цогбадрах, Багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалтад тулгамдсан зарим асуудал, “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл, МУБИС, МБУС, 2015 он. 136-141-р хуудас

7. Б.Цогбадрах, Багшийн мэргэжил дээшлүүлэх Онлайн сургалтад суралцагчийг үнэлэж буй байдал, “Боловсролын хэмжилзүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл, МУБИС, МБУС, 2016 он.

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?