Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Хүүхэд бүрийг хөгжүүлж зөв монгол хүн болгоно

Үйл явдлын мэдээ | 2016-04-22

Хүүхэд бүрийг хөгжүүлж зөв монгол хүн болгоно

-Өчигдөр 240 сайн хичээл, үйл ажиллагааг нэгэн зэрэг танилцуулав.

Г.СОНИНБАЯР

-Усны нөөцийн талаархи асуудлыг хүүхдүүд бид шийдэж чадахгүй. Тиймээс бидний сонгох сэдэв биш.
-Шийдэж болно. Сургуулийнхаа хэмжээнд усаа хэмнэх, байнга ус дусч байдаг крантуудыг янзлах гэх мэтээр арвилан хэмнэж, усны нөөцийг нэмэгдүүлж болно...
III сургуулийн 12 настнууд ийнхүү мэтгэлцэж байна. Тэд амьдрах чадварын цагаараа өөрсдөд тулгамдсан хамгийн чухал асуудлыг тодорхойлж, түүнийг судлан, шийдвэрлэхээр ийнхүү мэдлэг, чадвар, ухаанаа уралдуулж байгаа ажээ. Харин өөр нэг ангид тэдний үе тэнгийнхэн нь гар утасны хэрэглээний талаар өөрсдийн цуглуулсан мэдээллээ хуваалцан, санаа бодлоо илэрхийлж байна.    
-Ямар гар утас хүний биед хамгийн хортой вэ?
-Ярьж байгаа гар утас...
IQ-гийн бодлого шиг энэ асуулт, хариултаас харахад л хүүхдүүд аливааг өнгөц харж, дутуу бодно гэж үгүй болжээ гэж санагдсан.

Үлдэцтэй, өгөөжтэй үйл ажиллагааны цаг 

...Энэ бол өчигдөр болсон Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөгөөний нэг хэсэг. 
Зөвлөгөөн гэхээр хурлын танхимд үүрэглэн сууж хэн нэгэн хүний илтгэл, лекцийг залхталаа сонсдог арга хэмжээг төсөөлөх хэрэггүй. Хүүхэд шуугисан эрдмийн өргөөнд, хичээлийн танхимд сурагчид өөрсдийн сурсан эрдэм, эзэмшсэн дадал чадвараа ашиглан хэрхэн чөлөөтэй сэтгэж, асуудлыг олон талаас нь судалж, боловсруулан, шийдэл гаргаж, шийдвэрт хүрч байгааг харах тун сонирхолтой байлаа. Өчигдөр болсон Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөгөөнийг нийслэлийн ерөнхий боловсролын найман  сургууль дээр нэгэн зэрэг зохион байгуулсан юм. Нэг сургууль дээр 30 сайн хичээл, үйл ажиллагааг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгч, хот, хөдөөгийн багш нар харилцан туршлага солилцсон байна. Ийнхүү 21 аймаг болон нийслэлийн найман дүүрэг тус бүрээс шалгарсан 240 сайн хичээл, үйл ажиллагааг өчигдөр зөвлөгөөн хэлбэрээр танилцуулав. 
Гурван жилийн өмнө батлагдсан “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд БСШУ-ы сайды тушаалаар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны удирдамж”-ийг баталсан юм. Энэхүү сайн хичээл, үйл ажиллагаа үндэсний  хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролын төвшинд амжилттай хэрэгжиж байгааг өчигдөр болсон улсын зөвлөгөөн харууллаа. 
Үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдсан найман сургуулийн нэг болох III сургууль дээр өглөөний 9.00 цагт очиход сайн хичээл, үйл ажиллагаа ид үргэлжилж байв. Эхлээд бид III сургуулийн 6б ангийн үйл ажиллагааны цагийг сонгож суусан юм. Тус ангийн үйл ажиллагааны цагийг Архангай аймгийн Өгийнуур сумын мэдээлэл зүйн багш Ч.Бямбасүрэн чиглүүлж байлаа. Эхэнд өгүүлсэнчлэн тэд усны нөөцийн хомсдлыг өөрсдөд хамгийн тулгамдсан асуудал гэж үзсэн юм. Ийм шийдвэрт хүртлээ тэд багагүй мэтгэлцэж, санал бодлоо уралдуулсан. Тухайлбал эхний шатанд хүүхдүүд өөрсдөд тулгамдсан олон асуудлыг санал болгож байв. Тухайлбал, хүүхдийн эрхийн зөрчил, эх хэлний боловсрол муудсан, хүмүүс хоорондын харилцаа, ёс заншил алдагдаж байгаа явдал, хог хаягдал, байгаль орчны доройтол гээд олон тулгамдсан асуудлыг нэрлэсэн. Үйл ажиллагааны цагаар асуудлыг хэлэлцэх нь тодорхой үе шат, арга зүйтэй байдаг аж. Энэ дагуу хэлэлцсээр хамгийн чухал тулгамдсан асуудлаар усны нөөцийн хомсдлыг нэрлэсэн юм. Ингээд хүүхдүүд усаа хэрхэн гамнах, хамгаалах талаар шийдвэр гаргаж, зөв дадал хэвшилд суралцах нь чухал гэж үзсэн нь үйл ажиллагааны цагийн үр дүн байв. Эцэст нь тэд усны бохирдол, хэрэглээ, нөөц, цэвэршүүлэх технологи болон хэмнэлт гэсэн таван гол сэдвийг цаашид судлахаар тогтсон. Ингээд багууд бие биедээ харилцан үнэлгээ өгснөөр үйл ажиллагааны цаг өндөрлөв.      
Энэхүү үйл ажиллагааны цагийг удирдан чиглүүлсэн Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн багш Ч.Бямбасүрэнгийн сэтгэгдлийг сонсоход тэрээр “Шинэчилсэн цөм хөтөлбөрөөр сургалтыг дэмжих үйл ажиллагаа, амьдрах чадварт сургах үйл ажиллагааны цаг бий болсон. Энэ үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүд өөрт хэрэгтэй, тулгамдаж байгаа асуудлыг өөрсдөө тодорхойлон гаргаж ирж, түүнийгээ судалж, шийдвэрлэн нэгдсэн дүгнэлтэд хүрч байгаа нь гол онцлог. Сая сурагчид маань олон сэдэв сонгоод аль нь чухал болох талаар мэтгэлцлээ. Хүүхэд бүр их идэвхтэй оролцсон. Тэд өөрсдөд тулгамдсан асуудлуудаа зөв гаргаж ирж, түүнийгээ  тайлбарлаж чадаж байна. Мөн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гаргалгаа хийж байна. Ингэх явцдаа олон чадвар эзэмшиж өөрсдийгөө хөгжүүлж байгаа юм. Үйл ажиллагааны цаг үүгээрээ тун өгөөжтэй” гэлээ.  

Сайн хичээл багш нарыг ч хөгжүүлнэ  
III сургууль дээр болсон гар утасны хэрэглээний талаар ярилцах үйл ажиллагааны цагийг Ховд аймгийн Жаргалант сумын VII сургуулийн багш П.Үлэмжнаран удирдан чиглүүллээ. Мөн л сурагчид таван баг болон хуваагдаж гар утасны талаар өөр өөрсдийн сонгосон өнцгөөс мэдээллүүд цуглуулжээ. Гар утас үүсч өнөөг хүртэл хөгжсөн түүх, гар утасны бүтэц, хэрэглүүр, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, сурагчдын дундах гар утасны хэрэглээ гээд баг бүр сонирхолтой сэдвүүдээр мэдээлэл бэлтгэснээ хуваалцав. Гар утасны хэрэглээтэй холбоотой олон асуултыг сурагчид бие биедээ тавьж байлаа. Нэг баг нь гар утасны хэрэглээний талаар зургадугаар ангийнхан дотроо бяцхан судалгаа хийснээ танилцуулсан нь тун сонирхолтой байв. Аль ангийн хүүхдүүд хамгийн олон ухаалаг утастай вэ, хүүхдүүд өдөрт ямар зорилгоор хэдэн цаг гар утсаа ашигладаг вэ гэх  мэт асуултын хүрээнд тэд үеийнхнээсээ судалгаа авчээ. Ингээд багшийн чиглүүлснээр сурагчид бүгд гар утасны эерэг болон сөрөг талуудыг тодорхойлсон. Тэд гар утас хүний биед хортой, дэлбэрэх аюултай, эдийн засгийн хувьд зардал их гаргадаг гэх зэрэг  сөрөг талуудыг тодорхойлсон бол мэдээлэл олж авах, бусадтай харилцах, цаг хэмнэх зэрэг эерэг талуудыг ч мөн онцолж байлаа. Гар утас тамхинаас илүү хортой гэж нэг сурагч тодорхойлсон байв. Эдгээр тодорхойлолтууд дээрээ үндэслэн сурагчид гар утсыг олон цагаар ашиглахгүй байх, шаардлагатай үедээ 20 минут  хүртэлх хугацаанд гар утсаа ашиглаж мэдээлэл олж авах, цаашид гар утасны хэрэглээгээ багасгах нь зүйтэй гэдгийг мэдэж авав.   
Энэхүү үйл ажиллагааны цагийн дараа чиглүүлэгч багшаар ажилласан Ховд аймгийн Жаргалант сумын долдугаар сургуулийн багш П.Үлэмжнаран “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цаг 2015-2016 оны хичээлийн жилд шинээр суурь боловсролд хэрэгжиж байгаа. Энэ цаг маш үр өгөөжтэй. Яагаад гэвэл хүүхэд их хөгждөг. Сургуульд байхдаа онц сурдаг мөртлөө амьдрал дээр гараад сайн ажиллаж чаддаггүй тийм хүмүүс байдаг. Сурагчдыг  тийм болгохгүйн тулд зөв хөгжүүлж чиглүүлэхэд үйл ажиллагааны цагийн гол зорилго оршдог. Хүүхдүүд өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа асуудлаа өөрсдөө олж авдаг. Түүнийгээ шийдвэрлэхэд даван туулах чадварт суралцдаг хамгийн гол цаг. Маш хэрэгтэй цаг гэж боддог” хэмээн ярьж байна. Мөн тэрээр Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөгөөний үеэр бусад багш нартай ээлжит хичээлийн төлөвлөлт, цагийн төлөвлөлтийг харилцан ярилцаж, туршлага солилцож, хичээлд нь суусандаа маш их олзуурхаж байгаагаа хэлж байв. П.Үлэмжнаран багш III сургууль дээр тав хоног ажилласан бөгөөд энэ хугацаанд БСШУЯ-ны хэрэгжилтийн багийнхан олон чухал зөвлөгөө өгсөн  гэдгийг мөн онцолсон юм. 
Мягмар гаригт эхэлсэн “Зөв монгол хүүхэд хөтөлбөр хүүхэд бүрийн хөгжилд” үндэсний чуулган өчигдөр ийнхүү Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөгөөнөөр үргэлжиллээ. Ингээд Сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөний талаар зарим багш, сурган хүмүүжүүлэгчдийн байр суурийг сонирхлоо. 

БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүн С.Ариунаа:
-Амьдрах чадварын хичээл сая орлоо. Хүүхдүүд маань өөрсдийн өмнө тулгамдсан сэдвийг сонголоо. Сэдэв сонгоно гэдэг өөрөө арга зүйтэй. Бүх хүүхдийнхээ оролцоог жигд хангадаг. Өөрөөр хэлбэл бусад судлагдахуунаар олж авсан мэдлэгийг хэрэглээ болгож гаргаж байгаа гэсэн үг. Багаар хамтарч ажиллах, эргэцүүлэн бодох, тайлбарлах зэрэг чадварт хүүхдүүд суралцдаг. Энэ бүхнийг боловсролын чанарын хэрэгжилтийн багийнхан чиглүүлдэг. Саяын үйл ажиллагаа их сайхан боллоо. Хүүхдүүд жигд сайхан оролцлоо. Зорилгодоо хүрлээ гэж ойлгож байна. Цаашид судлаад судалгааныхаа үндсэн дээр мэдээ баримтаа цуглуулаад асуудлаа шийдэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүд уг асуудлыг шийдсэнээр тухайн аймаг, дүүрэг, хороо, сургуульдаа өөрсдийнхөө хувь нэмрийг оруулна. Энэ бол үйл ажиллагаа. Хичээл биш. Хичээлээс юугаараа ялгаатай юм гэхээр тогтсон ном, сурах бичиг байхгүй, тогтсон агуулга байхгүй. Хүүхдүүд өөрсдөд тулгамдсан асуудлыг өдөр тутмын амьдралаасаа олж, хоорондоо ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр сэдвээ сонгоод түүнийхээ дагуу мэдээлэл цуглуулан, мэдээллээ боловсруулж асуудлаа өөрсдийн хэмжээнд багшийн чиглүүлэгтэйгээр хийж шийддэг үйл явц

Нийслэлийн 71 дүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Нэргүй:
-Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны зорилго, мөн чанар гэвэл юуг  хэлэх вэ? 
-Өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага бол хүүхдүүдийг өөрөө тулгамдсан асуудлаа олж хардаг, аливаа зүйлийг эргэцүүлж боддог олон талаас нь хардаг, зөв дүгнэлт өгдөг иргэн болгож төлөвшүүлэх явдал. Ийм чадвар суулгахад энэхүү сургалтыг дэмжих үйл ажиллагааны мөн чанар оршиж байгаа юм. 
-Саяын хичээлээс танд ямар сэтгэгдэл төрөв?
-Саяын хичээлээс харахад хүн амьдарч байгаа орчноосоо өөрт тулгамдаад байгаа асуудлыг олж харах буюу сэдвийг сонгох нь эхний шатны үйл ажиллагаа байсан. Зургадугаар ангийн хүүхдүүд гэхэд нэлээд хөгжчихсөн их сайн ярьж байна. Өөрийгөө илэрхийлэх чадвартай, бусадтайгаа хамтарч ажилладаг сайн хүүхдүүд байгаа нь харагдлаа. Багшийн хувьд ч гэсэн аймаг аймгаас шилдэг багш нар ирсэн учраас тэр нь ч бас харагдаж байна. Саяын үйл ажиллагаанд хүүхдүүд маш сайн оролцлоо. Багшийн чиглүүлэлт ч сайн байсан. Яахав хичээлийн үйл явц төгсгөлгүй үргэлжлэх гээд байгаа тал ажиглагдлаа. Хэзээ  төгсөх нь мэдэгдэхгүй сунжраад. Багууд дотроо хамтарч ажиллаад нэг л шийдвэрт хүрэх ёстой байсан. Гэтэл нэг багаас хоёр гурван хүүхэд өөр өөр үнэлгээ хэлээд байна лээ. Ингэж болдоггүй. Цаашид үүнийг сайжруулмаар юм уу гэж л хэлмээр байна.

III сургуулийн 6в ангийн сурагч З.Энх-Ану:

-Интернэтийг зөв зохистой хэрэглэх талаар манай ангийнхан үйл ажиллагааны цагаараа ярилцлаа. Интернэтэд соёлтой хандах, бүдүүлэг үг хэрэглэхгүй байх, хувийн нууцаа тараахүй байх, хүний нууцад халдахгүй байх талаар мэдээлэл олж авлаа. Хичээлийн гол зорилго нь хүүхдүүд интернэтийг хэрхэн зөв зохистой хэрэглэж, мэдээлэл солилцох байх вэ гэдгийг тодорхойлох явдал байлаа. Интернэтийн сайн тал ч олон, сөрөг тал ч олон. Бүх хүн л интернэт хэрэглэдэг. Мэдээллээр хангадаг гол хэрэгсэл интернэт болсон. Бид ярилцаад 13 нас хүрээгүй хүүхдүүд интернэт хэрэглэхдээ хязгаартай байх, зөвхөн хичээлдээ хэрэгтэй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн. Гэхдээ өнөөдөр фэйсбүүкгүй хүүхэд гэж үгүй. Гэртээ хариад цайгаа ууж, хичээлээ хийчихээд бүгд л интернэтэд ордог байх. Уг нь дээд тал нь 20-30 минут интернэтэд ордог байхад л хангалттай гэж бид үйл ажиллагааны цагаараа ярилцсан. Өмнө бид үйл ажиллагааны цагаараа тодорхой АХА болно буухиа тэмцээнүүд зохион байгуулж байсан. Маш үр дүнтэй болсон.

III сургуулийн захирал В.Хоролгарав:
-“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөгөөн болж байна. Нийслэл, дүүрэг, аймгийн багш нарын хичээлийг харахад ямар ахиц, үр дүн мэдрэгдэж байна вэ?
-“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй, эх оронч үзэлтэй, өв уламжлалаа дээдэлдэг, бусдыг хүндэлдэг, багаар ажиллах чадвартай хүн болгож төлөвшүүлэхэд чиглэдэг. Өнөөдөр 21 аймаг болон нийслэлийн найман дүүргээс ирсэн багш нар сургалтыг дэмжих үйл ажиллагааны чиглэлээр хичээл зааж оролцож байна. Дүүрэг, аймагтаа шалгарсан хамгийн сайн багш нар хичээл зааж байгаа тул харилцан туршлага солилцох зүйл үнэхээр их байна. Гэхдээ энэ бол уралдаан биш, ганц багшийн амжилт ч биш. Тухайн судлагдахууныг бэлдсэн багийнхны хөдөлмөрийн үр дүн, амжилт гэж ойлгож болно.
-Танай III сургуульд сургалтыг дэмжих үйл ажиллагааны цаг хэр амжилттай хэрэгжиж байгаа вэ?
-Сургалтыг дэмжих үйл ажиллагаа нь иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах, хичээлээс гадуурхи үйл ажиллагаа гэсэн гурван хэлбэртэй. “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа энэ дэд хөтөлбөр бол Япон улсын туршлага. Японы 20-30 жилийн туршлагаас харахад сургалтыг дэмжих үйл ажиллагаандаа ач холбогдол өгч хүүхдийн эргэцүүлэн бодох чадварыг сайжруулаад ирэхээр судлагдахууны хичээлд амжилт гаргадаг нь батлагдсан байдаг. Үүнийг бид хэрэгжүүлж байгаа. Үйл ажиллагааны цагийн үр дүнд хүүхдийн ярих, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох чадвар эрс сайжирдаг. Тэр нь бидэнд эрс мэдрэгдэж байгаа. Эргэцүүлэн бодох чадвар сайжирснаар бусад хичээлдээ сайжирдаг. Өмнө нь бид сургалтыг лекцийн хэлбэрээр багш төвтэй явуулдаг байсан. Одоо багш бага яриад хүүхэд бүрийг аль болох ямар нэг үйл ажиллагаанд оролцуулдаг болсон. Ингэснээр хүүхэд бүр үүрэг, хариуцлагатай болдог. Үүний үр дүнд хүүхэд аяндаа хөгжиж, өөрийгөө илэрхийлж чаддаг болж байна. Гэхдээ мэдээж үүний үр дүн 100 хувь гараагүй байгаа. Учир нь үйл ажиллагааны цагийг суурь боловсролд анхны жилдээ л нэвтрүүлж байна. Сургалт гэдэг үр дүн нь хэдэн жилийн дараа харагддаг үйл ажиллагаа. Гэхдээ эхлэл нь сайн байгаа. Жишээ нь химийн хичээл гэхэд цаанаасаа сэдвийг нь тогтоогоод өгчихдөг. Харин үйл ажиллагааны цаг болон амьдрах чадварын хичээлийн хувьд яамнаас ерөнхий зорилго, эзэмших чадварыг нь л тодорхойлж өгнө. Тэр чадварыг эзэмшихийн тулд ямар үйл ажиллагаа явуулах вэ гэж хүүхдүүдийн саналыг авдаг.

Эх сурвалж: http://www.ardiinerkh.mn/post/983?date=86

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?