Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Гавж Д.Нямсамбуу:Шашин бол далдын хүч биш, даатгалын компани биш, ид шид биш энэ бол хүн өөрөө сэтгэлээ ариун байлгах онол хийгээд практик

Чөлөөт булан | 2016-03-30

Э.Батчимэг 

Энэтхэгт 10 жил шавилан сууж, өдгөө “Жавзандамба хутагт төв” болон Лавайн эгшиг радиогоор дамжуулан Бурхны шашны ёс суртахуун, гүн ухааны номлолыг олон нийтэд таниулж яваа гавж Д.Нямсамбуутай хийсэн ярилцлагыг хүргэе. “Шинэ Эрин” сургуульд багшилдаг түүний  ёс суртахууны талаар лекцүүд нь маш сонирхолтой бөгөөд нэгийг бодогдуулахаар.

17de58c88809e1ed54f352f21a25ec61
 
Шашин боловсрол, шашин улс төр гэх мэт хоршлуудын аль нь таны бодлоор хамгийн зөв нь бэ? Эсвэл ерөөсөө тус тусдаа хэзээ ч огтлолцохгүй ойлголтууд уу?
-Төр, Шашин 2 тусдаа тул эхнийх нь тийм ч сайнгүй хослол. Гэхдээ шашин, төр хоёр тусдаа гэдэг ойлголтыг би улс төрийн ямар нэгэн хүчнийг алив шашны байгууллага сүсэгтнүүддээ тулгах, сурталчлах зэргээр оролцох нь алсдаа хортой гэдгээр ойлгодог. Түүнээс биш Монгол төрийн ямар ч албан хаагч Буддын шашинтан байхыг хориогүй, нэгэнт буддын шашинтныхаа хувьд шашны зан үйлд оролцож болно. Мөн буддын лам хүн сонгох, сонгогдох эрхээ эдэлж болно, 30- аад онд тайж нар, лам нарын сонгуулийн бүхий л эрхийг хасаж байсан шиг одоо үгүй гэж бодож байна. Би энд тийм эрх байгаа гэж буй болохоос, лам нар улс төр хөөцөлдөөд яваасай гэж боддоггүй. Учир нь Бурхны шашны итгэл үнэмшил маань миний хувьд ариун, дээд зүйл болохоор өнөөдрийн бохир улс төртэй нэр бүү холбогдоосой гэж хүсэж байна.
Боловсролтой хослох хувьд,  жишээлбэл Английн ууган их сургуулиуд хэдэн зууны түүхтэйгээрээ бахархдаг, гэхдээ түүхийг нь урагшлуулж буй тэр зуунуудад шашны сургуулиуд л байсан. Бид өөрийн юмаа ад үздэг заншлаараа Монголд хэдэн зууны өмнө бий болсон Буддын том сургуулиудыг огт дурддаггүй. Энэ тухай саяхан дээд боловсрол судлаач, Оксфордын эрдэмтэн, Г.Орхон гэдэг бүсгүй нийтлэл бичсэн байсан. Гэхдээ таны хэлсэн хослолуудаас илүү хэрэгтэй байгаа нь Бурхны шашин ба ёс суртахуун гэсэн хослол юм. Энэ тал дээр Бурхны шашин Монголд байгаа бусад бүх шашнаас хавьгүй илүү үүрэг хариуцлага хүлээх ёстой. Нийгэмд нөлөөлөх боломжийнхоо хувьд ч тэр, энэ шашнаар дамжуулж хэдэн зууны турш Монголчууд амьдралд хандах чиг, үнэт зүйлсээ авч байсны хувьд ч тэр, ерөөс бидний бусдаас ялгагдах, өвөр хоорондоо ижилсэх том хүчин зүйл мөний хувьд ч тэр.  Саяхан даа, CNN, Bloomberg –ээр Монголд ид уул уурхай цэцэглэж эдийн засаг өсөж байж үед манай улсыг сурталчилсан 2 минут хэрийн реклам гарч байсан. Тэр богино хугацаанд дэлхий дахинд Монголын онцлогийг харуулсан, дулаан сэтгэгдэл төрүүлэх дүрс зургуудыг оруулахдаа хүссэн хүсээгүй Гандантэгчилэн хийд, Эрдэнэ зуу хийд, Чойжин ламын музейн дүрсүүд оруулсан байсан. Бурхны шашны Монгол дахь хувилбар нь дэлхийд цор ганц, энд та одоо нүүрлээд буй шашны гажуудлыг бүү тооцоорой, би цэвэр үзэл баримтлалыг нь ярьж байна. Тэгэхээр би юу гэж хардаг вэ гэхээр Монголын бурхны шашин гэдэг бол Монголчуудын national identity буюу үндэсний ондоошил юм уу, үгүй бол ижилсэл  гэж нэрлэгдэх тэр зүйл нь юм. Өнөө цагт их даяаршиж байгаа үед үндэсний тусгаар тогтнол гэдэг маань хэдэн мянган цэрэг биш, энэ үндэстний өөр хоорондоо ижилсэж, нэгдэж байгаа тэр зүйл нь юу вэ? үндэсний бахархал нь юу вэ гэдгээр хүчирхэгжинэ. Монголын буддизм бол дэлхийд цор ганц. Энэ бол Төвдийн буддизм ч биш, зүүн өмнөд Азийнх бүр ч биш. Өөрийн гэсэн өнгө төрх, онцлогтой шашин.
Яахав үндэсний шашин шинээр зохиох оролдлого, жишээ нь тэнгэризм ч юм уу оролдлогууд харагдаж байна, гэхдээ энэ XXI зуунд явдаггүй юм.  Зөвхөн нэг үндэстэнд зориулан зохиосон шашин, мэдлэг даяаршиж буй энэ цагт байх боломжгүй. Харин нэгэнт явж байсан шашныг өөрийн болгох боломжтой, жишээлбэл, Англид church of England, Оросод үнэн алдартны шашин, эд бол дан ганц сүм хийдийн үүргээ гүйцэтгэхээс гадна үндэсний бахархал, эх оронч үзлийнх нь нэгдэл болж байдаг.
Монголын Буддизмийн эх оронч үзэл нь ч хэт дэвэргэлт туйлшрал бус өөрийнхөө онцлог, шүтэн барилдлагыг харах, бусдын дээгүүр өөрийгөө тавихгүй атлаа бусдаас илүү бие биенээсээ хамааралтайг ухаарахаас эхлэх.
-Тэгвэл шашин маань биднийг нэгтгэх, соён гэгээрүүлэх үүргээ хэр гүйцэтгэж байгаа гэж та боддог вэ?
-Эдийн засаг хямраад байна гэж яриад л байдаг. Гэтэл энэ бол зөвхөн илэрч байгаа байдал нь. Бид ёс суртахууны маш том хямралын үедээ явж байгаа ард түмэн. Шашин 100 хувь ажлаа хийж чадахгүй байна. Гэхдээ үүнийг тордоцгооё, бид арай дэндүү устгаад хаячихсан юм шүү дээ. Буддын оюун санаа, соён гэгээрүүлэх, гүн ухааны талууд нь хоцорч байгаа нь үнэн. Гэхдээ Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд шашны зөв сургаал номлолыг нийгэмд хүргэхэд хэр бололцоогоор ажиллаж байна. Би Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн шавь, сүүлийн 5-6 жилийн турш шашин бол далдын  хүч биш, даатгалын компани биш, ид шид биш энэ бол хүн өөрөө сэтгэлээ ариун байлгах онол хийгээд практик юмаа гэж өдөржин шөнөжин, өглөө орой, хагас бүтэн сайнд ч хичээлүүдээрээ ойлгуулах гэж оролдож байна. Хэн ч бай өөрөө сонирхвол үнэ төлбөргүй сургалтууд олон болсон, орчин цагийн хэл дээрх Буддын ном, товхимлууд тооны хувьд хангалттай гарсан, одоо чанар, стандарт, энгийн ойлгомжтой болох тал дээр бүгд ажиллаж байна. 

12527880_1686147418339489_1318368397_n

 -Энэ 6 жилийн турш та хэдэн хүнтэй уулзаж, хичээл лекцээ уншсан бэ?
-Энэ Жавзандамба хутагт төв дээр хийсэн болон байгууллагуудаар орсноо тоолбол арван мянга хол давсан байна лээ. Лекц маань анхан, дунд, гүнзгий шат гэж явдаг. Бүх шат нь үнэгүй. Манайх цэвэр ашгийн бус байгууллага. Гэхдээ сургалтад хамрагдсан хүмүүсийнхээ дэмжлэгээр хоёр сар тутамд хүмүүнлэгийн ажил хийдэг. Чамлахааргүй ихийг хийсэн. Хамгийн ойрын жишээ гэхэд долоо хоногийн 4 өдөрт хавдар судлалын үндэсний төв дээр сэтгэл засал, асрах үйлчилгээ үзүүлнэ. Долоо хоногт хоёр удаа хорих ангиудаар очино.
Одоогоос сар хагасын өмнө 7 жил гэр оронгүй явсан гэр бүлийн хоёрт 2 сая гаран төгрөгөөр гэр орон эд хогшлын хамт өглөө. Тэрний урд хоёр хөл нь хугарсан, охинтойгоо амьдардаг эмэгтэйд 2 сая 800 мянган төгрөгийг эмчилгээний зардалд нь өгсөн. Шинэ жилээр 100 гаруй хүүхдийн хамт баяр тэмдэглэж, концерт үзлээ. Энэ бүхэн сүүлийн хагас жилд хийсэн  зарим ажлууд маань.
Яг одоо өнөөдрийнхөө хичээл дээр нэг хүмүүнлэгийнхээ аяныг зарлах гэж байна. Хичээлийн зар сурталчилгаа гэж сүртэй юм байхгүй, голдуу миний лекцэд суусан хүмүүс цааш нь түгээж ажил дээрээ, эсвэл хүүхдүүдийнхээ ангид гэх мэтээр хичээл авдаг. Сүүлд гэхэд Багш хөгжлийн ордонд багш нарт найман цуврал хичээл орлоо. Ёс суртахуун хийгээд анхаарал төвлөрлийн хичээл орсон. Энэ ташрамд, ёс суртахууны үнэ цэнэ хийгээд буддын баялаг сургаалийн хэрэг тусыг олж харж чадсан Г.Сүглэгмаа захиралд талархлаа илэрхийлье.

12442756_1686148631672701_1021795084_n
Багш нарт манай сургалт маш ойрхон байдаг. Сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг тэр чигтээ зөв сайн хүнийг бий болгох ухаан юм. Явж явж бурхны шашин маань ч тэнгэр бурхан, ид шидийн хүч чамайг зөв сайхан замаар дагуулан явна гэж сургадаггүй, хүн өөрөө л яаж хэрхэн бие сэтгэлээ хянаж, зөв сайхан удирдах вэ гэдэг арга замыг  л бурхан Будда гаргаж ирсэн. Бурхан будда гэдэг бол барууны ойлголтын бүхнийг чадагч GOD биш, дорнын ойлголтын бурхан мөн. Энэ бол муу сэтгэлийг ялан дийлж чадсан л гэсэн санаа. Далдын ид шидний оролцоогүйгээр өөрийн шамдал, итгэл зүтгэлээр, өдөр бүр өөрийн сэтгэлийг засч  чадсан гэж номон дээр гардаг шүү дээ, Буддагийн талаар. Тухайлбал, дээр дурдсан багш нарт орсон хичээл дээр гэхэд л далдын хүч засал ном биднийг аварна гэсэн нэг ч үг үсэг байхгүй гэдгийг бас хэлмээр байна. Энэ талаас нь харах юм бол бурханы шашин хийгээд соёл гэгээрэл хоёр хослоно.
-Бид нар одоо мүүн гээд л нэг хэсэг шуугилаа. Харийн шашины хор нөлөө их л байх энэ талаар таны бодол?
- Надад хоёр зүйл бодогдсон. Нэг талаас би бурхны шашинтай хүний хувьд өөр гадны нэг шашныг муулахад битүүхэндээ баярлаж алгаа ташиж болно. Гэхдээ бурхны шашин намайг шударга байхад сургасан тийм учраас хэт дэвэргэх хэрэггүй гэж бодож байна.
Нөгөө талаас инээсэн болгон нөхөр биш гэдгийг бид эрх биш ойлгохоор болсон байх. Энхтайван, сайхан гэр бүл, хайр гэдэг үгүүд бол халхавч байдгийг харсан байх хүмүүс. Тэгэхээр энийг ойлгочихлоороо сул мөнгө ч юм уу, гадаад дотоодод уриад байхад нь бид нар учрыг нь ололгүй гүйж очиж, алга тосон аваад байх албатай биш гэдгээ ойлгосон байх. Хоёрдугаарт гаднын юм болгоныг хэт хөөрч үнэлдэг, өөрийн болгоноо ад үздэг зангаа эргэж харах хэрэгтэй. Даяаршилд бидэнд үндэсний дархлаа, оюун ухааны хамгаалалт хэр чухал вэ гэдэг нь тодорхой боллоо.
Өнгөрсөн бүхэн нь дардан байсан улс орон гэж үгүй л дээ. Солонгос ямар байсан, Хятад ямар байсан. Орос гэхэд л хувьсгалын өмнөх он жилүүдэд засаг бүхэлдээ л өмхөрсөн байсан. Одоо гэтэл бүгд тэр үеэ муулахгүйгээр үл барам харин ч эрт дээр үеэсээ тэдэн шиг л мундаг улс байгаагүй мэтээр  ярьж, үзүүлж байна. Тэгэхээр бид ядаж Солонгосын цуврал киноны хэмжээнд сэтгэж өөрсдийнхөө түүхэд хандмаар санагдаж байгаа юм.
Яахав Монголын бүх томчууд л нэг культад итгээд л тэднээр бүх зүйлээ заалгаад удирдуулаад яваад байж гэвэл бас хэн итгэх билээ.
Нэмж хэлэхэд, Монгол улсын иргэнийг “үйлдвэрлэх” үйл явц тасраад  байна. хүн зүгээр л төрөөд амьдраад байвал адгууснаас ялгаагүй. Иргэнийг хэдэн ухаантай хүн гарч ирээд ч үйлдвэрлэчихдэг юм биш. Хэдэн зуун жил уламжилж ирсэн хүн төрөлхтний ухааныг л уудална л даа.
- Та Ерөнхий боловсролын сургуульд багшилдаг гэж сонслоо? Хаана ямар агуулгатай хичээл заадаг вэ?
-Шинэ Монгол сургуульд багшилж байна. Шилжилтийн насанд хүүхдүүд бүдрэх, сэтгэл санааны бэрхшээлтэй тулгарах нь элбэг. Тэгэхээр арван жилийн хүүхдэд буддын сургаалийн тэр их далайгаас шүүж ярина гэдэг хэцүү. Би  төвлөрөх, тогтоох бясалгал ёс суртахууны хичээл ордог сүүлийн хэдэн хичээл дээр дан үлгэр ярилаа Ямар сонирхолтой гэж бодно.  
Бид чинь Оюун түлхүүр, ардыг тэжээ хүй рашааны дусал уншиж тэрүүгээрээ хүүхдээ хүмүүжүүлж байсан ард түмэн. Гэтэл мэдээллийн энэ эрин зуунд бид контентын буюу агуулгын хомстолд орчихоод байгаа нь анзаарагддаг. Нээрээ энэ “аргай аргай түг” чинь Мүүний үлгэр биш л дээ, Монгол л үлгэр. Сайн агуулгатай, яруу хэллэгтэй, ёс суртахууны зурвастай бүх үлгэрүүдийг Буддын шашных гээд хорьчихсон тул бид “аргай аргай түг”-тэйгээ л үлдэж дээ.  Бид хуучны үлгэрүүдийг орчин цагийн хэллэгт оруулах ажил дээр одоо сууж байна.
Ярилцсанд баярлалаа.
Түүний бусад ярилцлагууд болон бичлэгүүдийг дараах холбоосуудаар харж болно.
https://www.youtube.com/watch?v=nUjWcZ_wb1k
http://buddha.mn/%D0%B3%D0%B0%D0%B2%D0%B6-%D0%B4-%D0%BD%D1%8F%D0%BC%D1%81%D0%B0%D0%BC%D0%B1%D1%83%D1%83-%D0%B3%D0%BE%D0%BE%D0%B4%D0%B0%D0%BB%D1%8C-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B4-%D3%A9%D0%B3%D1%81%D3%A9%D0%BD-%D1%8F%D1%80%D0%B8%D0%BB%D1%86%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0/
http://www.unread.today/posts/post/483
 

 

 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?