Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Х.Нинж-Эрдэнэ: Багш бүхнийг мэддэг гэх нэрийдлээр өөрийн үзэл бодлыг бусдад тулгах бол оюуны мухардал руу чирч байгаа нэг хэлбэр байх.

Чөлөөт булан | 2015-12-02

a60a06b80536cc6d6f6b4e3cc6779d8c

Бид энэ удаа боловсролын салбарт хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллаж, өөрчлөлт хийхийг хүсэж буй нэгэн бүсгүйн ажлын арга барилыг танилцуулж байна. Хүмүүнлэгийн их сургуулийг төгсөөд ажлын гараагаа Тайландад англи хэлний багшаар эхэлж, АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хоёр ч удаа хамрагдан, Нью Йорк мужийн их сургуульд англи хэлний заах арга зүйгээр мастерийн зэрэг хамгаалсан Х.Нинж-Эрдэнэ хоёр жилийн өмнө Монголдоо буцаж ирээд, Academia англи хэлний институтээ үүсгэн байгуулжээ. Олон улсын TESOL зэрэгтэй цөөхөн монгол багшийн нэг тэрбээр мөн Монголын англи хэлний багш нарын холбооны гүйцэтгэх захирлын албыг хашиж, багш нарыг чадавхжуулахад анхаарлаа хандуулан ажилладаг.

Байршил: Улаанбаатар 
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Academia англи хэлний институтийг үүсгэн байгуулагч, захирал; Монголын англи хэлний багш нарын холбооны гүйцэтгэх захирал, 
Сонгуульт: Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. 
Хэрэглэдэг гар утас: Iphone 4S 
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13 
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тууштай
Сошиал хаягууд: Ninj Khurel (ЛинкэдИн)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Зорьсон зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг. Ер нь баргийн юмнаас шантардаггүй. 

Мэргэжлийн хувьд, багш хүн гэдэг бусдыг үнэн, зөв, бодит, шаардлагатай мэдээллээр хангах, тухайн мэдээллийг боловсруулах, шүүн тунгаах арга барилыг олгох ёстой гэж боддог. Энэ бол миний заах аргын гол зарчим. Багш бүхнийг мэддэг гэх нэрийдлээр өөрийн үзэл бодлыг бусдад тулгах бол оюуны мухардал руу чирч байгаа нэг хэлбэр байх.

ТАНЫ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮД?

Ер нь гар утсаа их ашигладаг. Facebook, LinkedIn, Skype, Youtube, TedTalks, Podcast зэрэг аппуудыг хэрэглэнэ. Weather гэсэн апп-ийг өглөө болгон харж, хувцсаа тааруулан өмсдөг. 

Мэргэжлийн үүднээс англи хэл суралцагсдад зөвлөхөд, дунд түвшний англи хэлтэй хүмүүстEnglishcentral.com гэдэг сайт их зүгээр. Харин сайн англи хэлтэй бол TedTalks-ийг санал болгомоор байна. Төрөл бүрийн сэдвээр сонирхолтой видеонууд үзсэнээр академик үгсийн сан сайн нэмэгдэнэ.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

240558971e8b52bb69d2a3eb7fee66e0

 

be740b3de9ce3dac56be9666d0c9cb2e

Энэ бол түүний хөрөнгө босгох нэгэн хүмүүнлэгийн марафонд (4 км) гүйгээд, тэргүүн байр эзлэн гардаж авсан цом аж.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Их юм сонсдог. Өглөө босоод л TedTalks юм уу ямар нэг подкаст тавьчихаад бусад зүйлсээ амжуулдаг юм. Ер нь бага байхаас надад суусан дадал л даа. 90-ээд оны дундуур англи хэлийг дөнгөж зааж эхлэх үед би сонирхож эхэлсэн юм. Аав маань биднийг хичээлдээ илүү цаг гарга хэмээн гэртээ зурагт авдаггүй байсан. Оюутан болтлоо зурагтгүй өссөн болохоор кассет, радио л их сонсдог байв. Тийм ч болохоор одоо зурагт нэг их үздэггүй, үзэхээр цаг үрээд байх шиг санагддаг. Энэ сонсох дадал минь гадаад хэлээ сайжруулж, энэ мэргэжлийг эзэмшихэд нөлөөлсөн байх. Мөн Монголд амьдарч байгаа учраас англи хэлний мэдлэгээ гацаанд оруулахгүй байх, дордуулахгүй байх ач холбогдолтой.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасны Notes дээрээ өдөр тутмынхаа ажлуудыг бүртгэж явдаг. Харин улирлын чанартай ажлуудаа компьютер дээрээ хөтөлнө. Мөн гараараа их бичдэг. Хурал уулзалтуудад том дэвтрээ дэлгээд л суудаг юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Шүүмжлэлт сэтгэлгээгээр аливаад хандахдаа дажгүй сайн гэж боддог. Хүмүүсийн хийсэн ажилд, бичсэн зүйлд системтэй, чанартай үнэлэлт дүгнэлт (feedback) өгдөг. За тэгээд бүтээлч байхыг их эрмэлзэнэ. Толгой дотор асар олон санаа эргэлдэж байдаг даа.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би багшлаад 10-аад ажил болж байна. Хүмүүсийг чиглүүлж, мэдлэг чадвар, урам зориг өгч, амьдралыг нь өөрчилдөг энэ мэргэжилдээ хайртай. Сүүлийн хоёр жил үндсэндээ голчлон сургагч багшаар ажиллалаа. Өөрөөр хэлбэл багш нарыг сургаж байна. Зөвхөн англи хэлний төдийгүй боловсролын салбарын хөгжилд санаа тавьж явдаг. Хүмүүс англи хэлний багшийг бусад багш нараас тусад нь авч үзэх гээд байдаг тал бий. Адилхан л хүмүүсийг боловсрол, гэгээрэлд дуудаж буй хүмүүс.

Манай боловсролын салбарт үлгэр жишээ лидер хүн цөөхөн байгаа мэт санагддаг. Магадгүй мундаг сайн лидерүүд нь чимээгүй, хэт даруухан байгаад байж мэднэ. Мэргэжилдээ сайн, чадалтай багш нар, эрдэмтэд тэр болгон лидер байдаггүй. Мэдлэг чадвараар манлайлахаас гадна бусдыг хөгжүүлж, зорилгодоо хүрэхэд нь тусалдаг хүмүүсийг (empowering others) боловсролын салбарын лидер буюу educator leader гэх байх. Ийм л хүн байхыг эрмэлзэж, энэ тал руугаа улам сайн ажиллах зорилготой байгаа. Ер нь educator гэдэг үгэнд их дуртай шүү.

9280f45efff05e49f9f18ae29755cdf7

Хэцүү бэрхшээлтэй талууд гэвэл, төр засаг гэлтгүй жирийн иргэд маань хүртэл боловсролын салбарт анхаарал бага хандуулаад байна уу даа. Энэ салбарт сайн боловсон хүчинтэй байж гэмээнэ боловсрoлын системд чанартай шинэ эргэлтийг хийж чадна. Харамсалтай нь энэ салбарт зоригтой ажиллах хүсэл эрмэлзэл залуучуудад төрөхгүй байх шиг. Дунд сурдаг оюутнууд нь багш болдог гэсэн яриа гарсан ч байх шиг. Хүний урам зоригийг мохоодог салбар болчихсон юм болов уу гэж анзаарагддаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Аcademia институт маань академик англи хэлний (ахисан шатны) болон TOEFL, IELTS-д бэлтгэх сургалтууд, албан байгууллагуудад бизнесийн англи хэлний сургалтуудаа явуулж байгаа. Миний анзаарснаар Монголд өнөөдөр англи хэлний сургалтын төвүүдийн дийлэнх нь дунд түвшний мэдлэг давгүй олгочихдог хэрнээ ахисан түвшинд сайнгүй байна. Манай институт энэ тал дээр гойд анхаарч, англи хэлний сургалт үр дүнтэй байх гол хүчин зүйл болох сургалтын хөтөлбөрийг үнэн зөв, чанартай байлгахыг зорьдог. Сүүлийн үед институтийнхээ вэбсайтын контентуудыг бэлтгэж байна. Мөн институтийнхээ дэргэд албан ёсны орчуулгын товчоотой болсон. 

Багш нарын холбооны хувьд хийх ажил их байгаа. Холбоо маань АНУ-д төвтэй TESOL International байгууллагын Монгол дахь салбар байгууллага. Сургалтын хөтөлбөр дээр ажиллаж, багш нарт сургалт явуулдаг. Англи, Америкт бол зөвхөн TESOL зэрэгтэй багш нар англи хэл заах эрхтэй байдаг бөгөөд Монголд буй 5000 гаруй багш нараас 10 гаруй хүн л ийм зэрэгтэй. Холбооны шугамаар олон улсын хурал конференцуудад оролцон, илтгэл тавьж явахад энэ байдлаас үүдэн монголчуудын англи хэлний дундаж түвшин Азийн орнуудаас доогуур байгаа нь мэдэгддэг. 
Мөн англи хэлний хэлзүйн судалгаа Монголд маш дутмаг байдаг учраас судалгаа хийж, дотоод гадаадын хэвлэлүүдэд судалгааны ажил нийтлүүлэх зорилготой ажиллаж байна. Судалгааны ажилдаа шамдаж байгаад ойрын хугацаанд докторт суралцах бодолтой.

ТА МАНАЙ УНШИГЧДАД АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАХ ГАНЦХАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ?

Суурь мэдлэгээ системтэй зөв тавиулах, дараа нь өөрийн арга барилыг олж бие дааж сурах гээд олон зүйлийг энд хэлж болно. 
Гэхдээ ганц зөвлөгөө гэвэл, үгийг цээжлэхдээ дангаар нь бус хэлцээр нь, өгүүлбэрээр нь, хам сэдвээр нь цээжлэх хэрэгтэй. Миний ажигласнаар монголчуудын гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол үгийн буруу сонголт байдаг. Манайд ирж илтгэл тавьсан америк профессор ч гэсэн хятад оюутнуудын хамгийн түгээмэл алдаа хэмээж байна лээ. Тэгэхээр ер нь унаган англи хэлгүй хүмүүсийн гол бэрхшээл юм даа. 

Энэ нь бас бага уншдагтай холбоотой. Манайхны унших чадвар бусад чадваруудаасаа хамгийн сул нь. 20 дээш насныхны хувьд эх хэл дээрээ сайн уншдаг англи хэл рүү хөрвөж уншихдаа дадамгай байдаг. Тэгэхээр төрөлх эх хэлний чадвар гадаад хэл сурахад их нөлөөтэй гэдгийг санууштай.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ЯМАР ХӨГЖИМ СОНСДОГ ВЭ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажил дээр анхаарал төвлөрөхгүй үед сонгодог хөгжим сонсоно. МоцартВивалди зэрэг хөгжмийн зохиолчдын аялгуунуудыг сонсохоор анхаарал төвлөрдөг. Фитнест бол мэдээж өөр. Хурдан ритмтэй, Дэвид Гүэтта, Kюго гэх мэтийн DJ-нүүдийн аяыг сонсоно.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Сүүлийн үед үнэндээ ном унших зав гарахгүй л байна. Хамгийн сүүлд Шэйрил Сандбергийн“Өөдөө тэмүүл” номыг уншсан. Дуртай ном гэвэл Малколм Гладвэллийн “Outliers”. Амжилтыг их өөр өнцгөөс гоё тайлбарласан ном. 
91e5bc4ee7e8c3834019f6863faa6354
Мэргэжлийн сэтгүүлүүдээ бол байнга эргүүлнэ. AE American English гэх байгууллагаас гаргасанEnglish Teaching Forum сэтгүүлийн дугаарууд ширээн дээр минь байж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ?

Ажлын орчинд бол нээлттэй байдаг. Угаасаа англи хэл хүнийг extrovert байхыг шаарддаг юм. Харин хувь хүн талаасаа илүү дотогшоо. Гэртээ ганцаараа байх дуртай. Аль аль нь л хосолдог болов уу.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Сүүлийн хичээл маань орой 20.35 цагт дуусдаг юм. Тэгэхээр орой гэртээ харина, орой хоолоо иднэ. Унтах цаг ч 12.30-аас наашгүй болдог. Үүнээс хэтрүүлэлгүй унтахыг бодож, өглөө 8.30-9 цагийн хооронд босдог доо. Ер нь оюуны хөдөлмөр хийж байгаа учраас 8 цаг унтаж, тархиа сайн амраах хэрэгтэй гэж үздэг. Бага унтвал бүтээмж илт муудаад ирдэг юм.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Өвлийн цагт бол фитнест сайн явдаг. Утаатай, хүйтэн болохоор гэр, ажил, фитнес гурвын хооронд л гүйж байна. Дулаахан үед ууланд алхах дуртай. Ер нь их байгаль амьтай хүн. Мөн гүйлтээр сүүлийн 8 жил хичээллэж байна. Богино зайн буюу 5 – 8 км марафонд гүйдэг. Багадаа ер нь бие султай, биеийн тамирын хичээл дээр гуйж байж дүн тавиулдаг хүүхэд байлаа. Тэгээд спортоор хичээллэсээр нэлээн чийрэг болсон шүү. 
Бас сэтгэлгээний хэвшмэл байдалд орохгүйн тулд орчин үеийн уран зургийн галлерейгаар хэсэх, зураачдын шинээр гаргасан үзэсгэлэнгийн нээлтэнд очих дуртай. Гадаад явахаараа музейнүүдээр их явдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Шинэлэг сайхан зүйлсийн санаачлан хэрэгжүүлж буй мэргэжил нэгтнүүдээсээ, шилдэг сайн туршлагуудаас их урам зориг авна. 
Кэн Робинсон хэмээх боловсролын зөвлөх, авторыг энд онцолъё. Тэрбээр орчин үеийн сургуулийн систем хүнийг хэрхэн хайрцагладгийг хүчтэй шүүмжилдэг, боловсрол гэж ер нь яг юу юм бэ гэдгийг сонирхолтойгоор тайлбарладаг. Finding Your Element номыг нь уншаарай гэж залууст санал болгож байна. 
Мөн Билл Гэйтсийг ихэд хүндэлдэг, бичсэн зүйлсийг нь унших дуртай. Дэлхийн хамгийн баян энэ хүн боловсрол хамгийн чухал гэдгийг ухуулж, энэ салбарт хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд чихнээс нь байнга хонх уяж байдаг. Энэ салбарт асар их хөрөнгө оруулалт хийж, багш нарын талаар олон хэрэгтэй зүйлийг ярьдаг. Ер нь амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг уншиж судалж, эргээд хичээлдээ кэйс болгон ашиглаж, шавь нартаа урам зориг өгөхийг хүсдэг шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ээж маань их зүйр цэцэн үг хэлдэг хүн. Хэлдэг олон үг, зөвлөгөө дотроос нь “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн үгийг, гэсэн философийг багаасаа л амьдралдаа мөрдлөг болгосон. Хүн өөрөө хичээл зүтгэлтэй бол ажил үйлс нь аяндаа бүтдэг гэдэгт итгэдэг дээ.

Заримдаа өөртөө ажиллах мотивац өгөхийн тулд гоё урмын үгүүдийг хайна. Тэгж яваад нэг өдөр "Хэрвээ чи өөрийнхөө мөрөөдлийг л биелүүлэхгүй юм бол хэн нэгэн чамайг хөлслөөд өөрийнхөө мөрөөдөлд хүрэх болно" (If you don't build your dream, someone else will hire you to build them theirs) гэсэн үгийг хараад, өөрийн бизнесийг эхлүүлсэн дээ. Тэр хүртлээ бусдын мөрөөдлийг биелүүлэхэд туслаад л явж байсан байгаа юм (инээв).

ЭНЭ БУЛАНГИЙН ДАРАА ДАРААГИЙН ЗОЧНООР ХЭНИЙГ ОРУУЛЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

Өндөр боловсролтой, боловсролын салбарт санаа тавьдаг хэрнээ даруухан хүмүүс олон байдаг. Тэдний нэг болох АНУ-д цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан, Америкт төгсөгчдийн холбооны тэргүүн А.Ундраа эгчийн ажлын арга барилтай танилцмаар байна. Монголын цорын ганц эмэгтэй цөмийн физикч хүн. Амжилтын түүх нь ч их сонирхолтой санагддаг юм.

Мэдээллийн эх сурвалж: http://www.unread.today/posts/post/412

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?