Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Шинэчлэл гэж энийг хэлнэ!

Хэвлэлийн мэдээ | 2014-05-28

Парламент дээр төсвийн тодотголын хэлэлцүүлэг өрнөж, Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих тухай ярьж байх зуур нэгэн чухал баримт бичиг УИХ-ын гал тогоонд орж ирээд байна. Энэ бол Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого. Төрөөс боловсролыг тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон атлаа сүүлийн 19 жил тэргүүлэх салбарынхаа бодлогыг шинэчлээгүй өнөөг хүрсэн юм. 1995 онд УИХ-аас баталсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого эдүгээ эзэндээ багадсан дээл шиг болжээ. Нийгэм хөгжсөн ч бодлого нь хуучнаараа гэсэн үг. Монголын нийгмийг, боловсролын салбарыг 1995 онд ямар байсан, өнөөдөр ямар болсныг харьцуулахад амархан.

        1995 онд бүх шатны боловсролд хувийн хэвшлийн сургалтын байгууллага үйл ажиллагаа эрхлэх асуудал зохицуулалтгүй байсан бол өнөөдөр бүх шатны боловсролд хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаа эрхлэн, нэлээд төлөвшиж тогтворжсон. Тухайн үед Боловсролын тухай багц хуулиуд боловсруулалтын шатанд явж байсан бол 1996 оноос хойш боловсролын үндсэн болон бусад салбар хуулиудыг батлан мөрдөж, өнгөрсөн хугацаанд гурван удаагийн өөрчлөлт хийгээд байгаа. Эдүгээгээс 19 жилийн өмнө Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогыг баталж байх үед боловсролын эрх зүй, санхүүжилтийн цоо шинэ зохицуулалт шаардлагатай байсан бол одоо бүх шатны боловсролын санхүүжилтийн дараагийн шинэ зохицуулалт хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэр боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт дараагийн шинэ шатанд гарах цаг нэгэнт болжээ. Товчхондоо бол 1995 оноос хойш төрөөс боловсролын салбарт хүртээмжид тулгуурласан бодлого баримталж байсан бол 2014 оноос хойш боловсролын чанарт баримжаалсан бодлого баримтлах хэрэгцээ, шаардлага бий болжээ. Энэ нь олон улсын стандартад нийцсэн бодлого гэсэн үг.

 

Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа олон үйл ажиллагааны дотор боловсролын салбарын шинэчлэл яах аргагүй жин дарж байгаа. Энэ шинэчлэл Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогыг шинэчилснээр үргэлжлэх ёстой гэдгийг БШУ-ы сайд олж харжээ. Тиймээс 1995 онд батлагдсан бодлогын баримт бичгийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн бариад байна. Парламент энэхүү баримт бичгийг хэлэлцэж эхэлсэн. Энэ бол эдийн засгийн хямрал, хүндрэл, өнөө маргаашийн ашиг орлого, валютын ханшийн өсөлт зэрэгтэй харьцуулшгүй том асуудал. Яагаад гэвэл энэ бол Монгол Улсын хэтийн ирээдүйг тодорхойлох тэргүүлэх салбарын хөгжлийн талаарх баримт бичиг. Хууль тогтоогчид ингэж бодож, сэтгэж Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогыг нухацтай хэлэлцэн батлах биз ээ.

         БШУЯ Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг боловсруулахдаа чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, бодлогын хэрэгжилтийг үнэлэх механизмыг тусгаж, хүүхэд нэг бүрийн авьяас, чадварыг нээн хөгжүүлдэг сургалтын арга зүй, технологи, зохион байгуулалт бүхий тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн, урт хугацаанд тогтвортой хэрэгжих, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцсэн баримт бичиг болгохыг зорьжээ. Тиймээс боловсрол нь бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх, боловсролын салбарт сайн засаглал, боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэн бүрт боловсролын үйлчилгээг хүргэх, насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх, боловсролд мэдээллийн технологийг ашиглах, сургалтын нээлттэй эхийг дэмжих, гадаад хэлний сургалтын үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг ажлын байранд тавигдах шаардлага, техник, технологийн дэвшилтэй уялдуулан тасралтгүй хөгжүүлэх, боловсролын байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ, мониторингийн тогтолцоог хөгжүүлэх, шийдвэр гаргахад мэргэжлийн холбоо, олон нийт, иргэдийн оролцоог хангах, боловсролын байгууллагын үйл ажиллагааны ил, тод, нээлттэй байдлыг хангах зэрэг асуудлыг тусгасан байна.

         Эдгээр нь төрөөс боловсролын талаар баримтлах зарчмын шинэчлэлүүд. Дээрх зарчмуудад тулгуурлан боловсролын хөгжлийн стратегийг шинэлэг байдлаар төсөөлсөн ажээ. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе гэж үзсэн бол бага боловсролыг хүүхэд бүрийн хэрэгцээ, сонирхол, авьяас чадварын онцлогт тулгуурлан эх хэлээрээ зөв ярьж, уншиж бичиж ойлгодог, бодол санаагаа чөлөөтэй  илэрхийлдэг, сурах арга барилд дадаж хэвшсэн монгол хүүхэд төлөвших үе, суурь боловсролыг амьдрах ухаан болон шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшин, бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших үе, бүрэн дунд боловсролыг хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадвар, хөгжлийн онцлогт нийцсэн, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий мэргэжлийн суурь эзэмших үе, дээд болон  мэргэжлийн боловсролыг хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлэхээр тус тус тодорхойлжээ.

 Энэхүү шинэ бодлогын баримт бичгийн гол онцлог нь боловсролын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг оновчтой тогтоож, хэрэгжүүлэх арга замуудыг тодорхой зааж өгснөөрөө 1995 онд батлагдсан Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогоос илүү цэгцтэй, ойлгомжтой болсон гэдгийг салбарынх нь эрдэмтэн, судлаачид онцолж байна. Төрийн бодлогын залгамж халааг алдагдуулалгүйгээр өмнөх баримт бичигт туссан давуу, сайн зүйлүүдийг хадгалж, шинэлэг агуулга, зарчмаар баяжуулсан нь ингэж дүгнэхэд хүргэсэн биз.

         Парламент дээр яг одоо хэлэлцэгдэж буй бодлогын баримт бичгийн өөр нэг онцлог нь амьдрал дээр хэрэгжих бүрэн боломжтой гэдгийг нь баталчихсан явдал. Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд “Авьяас”, “Ном”, “Зөв монгол хүүхэд” зэрэг хөтөлбөр хэрэгжиж, хүүхэд бүрийг хөгжүүлэх тухай хоёр жилийн өмнөөс эрчтэй ярьж эхэлсэн. Энэ бүхэн төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын гол үндэс суурь болж дээрх баримт бичигт тусгалаа олжээ. Ингэж шинэ санаа, шинэ зарчмуудыг амьдрал дээр урьдчилан туршсаны дараа төрийн бодлогод тусгуулж байсан салбар үгүй. Боловсролын салбарынхан үүгээрээ бусдаасаа ялгарч байна. Бодлогын шинэчлэл нь амьдралд хэрэгжээд эхэлчхэж.    

         Шинэчлэл гэж үүнийг л хэлэх байх. Баримтлах зарчим нь шинэлэг, хэрэгжүүлэх арга зам нь тодорхой учраас арван жилийн дараа 2024 онд Монгол Улсын боловсролын салбарт ямар өөрчлөлт гарах, ямар үр дүнд хүрэхийг дараах цөөн жишээнээс харж болно. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 70 хувийг магистр зэрэгтэй болгох бөгөөд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 80  хувийг нэг ээлжээр хичээллэх боломжоор хангах юм байна. Мөн 2018-2019 оны хичээлийн жилд бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хамруулах бөгөөд 2021 он гэхэд сурлагын амжилтын олон улсын чанарын үнэлгээний судалгаанд хамрагдах зорилт тавьжээ. Түүнчлэн боловсролын удирдлага, мэдээллийн нэгдсэн системийг 2016-2017 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд бүрэн нэвтрүүлэх нь. Тэргүүлэх чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх юм байна. Аливаа зүйл дээр бид дэлхийн жишиг гэж ярих дуртай. Материаллаг хэрэглээгээрээ бид дэлхийн жишигт хүрсэн. Харин одоо оюуны хэрэгцээ, боловсрол, мэдлэгээрээ дэлхийн жишигт хүрэх боломж нээгдэж байна. Тэргүүлэх салбараа дэлхийн жишигт хүргэх бодлоготой болж гэмээнэ монголчууд дэлхийд үнэлэгдэх болно.

Эх сурвалж: hunnu.mn

http://www.hunnu.mn/content/43018.htm

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 21
Өнөөдөр: 777
Өчигдөр: 1113
Нийт: 2565680