ХАМТЫН АЖИЛЛАГАА

Эрхүүд зорчсон тэмдэглэл-2

2018-08-30 15:46

Үргэлжлэл

Багш нар эрч хүчээр цэнэглэгдэж, буцах замдаа орос үг хэллэгийг яриан дундаа хавчуулсаар явсан нь тэдний “хэлний мэдрэмж” өссөнийг харуулж байсан юм. Мөн сумандаа аймагтаа, сургуульдаа очоод сургалтынхаа талаар тайлан тавьж бусад багш нартаа сурсан мэдсэнээ хуваалцана гэцгээж байсан.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 2018 оны хавар анх удаа мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтаа ОХУ-д зохион байгуулж ЕБС-д тавдахь жилдээ ажиллаж буй орос хэлний 28 шижигнэсэн залуу багш нарыг таван өдрийн танхимын сургалтад хамруулж байсан. Тэр үеэр Эрхүү хотын ЕБС-ын сургуулиудаар зочилж сургалтын орчин, заах аргатай танилцаж байсан юм. Харин зуны сургалтын үеэр сургууль цэцэрлэгийн амралт таардаг тул энэ боломж хязгаарлагдмал байлаа. Гэвч багш нар маань хичээл заасан И.В. Бойко О.В.Винокурова нартай тогтмол харилцаа холбоотой байж мэйл солилцож, мэдэхгүй зүйлээ асууж сурч байхаар тохиролцсон юм.

Сургалтын батламж гарах ёслол дээр Эрхүүгийн их сургуулийн /ИГУ/ олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Константин Григорьевич хэлсэн үгэндээ “Монгол улс бол бидний чухал түншүүдийн нэг. Бидний цаашдын хамтын ажиллагааны нэг чухал хэсэг бол багшийг бэлтгэх болон тэдний мэргэжлийг дээшлүүлэх хэмээн бидний зүгээс хардаг. Ирина Владимировна /И.В.Бойко төслийн удирдагч/ болон Николай Егорович /Н.Е. Кутишев –хүмүүнлэг ухааны танхимын эрхлэгч/ нарын ачаар бидний харилцаа сүүлийн жилүүдэд сэргэж байгаад баяртай байна гэсэн юм. 

Перевод: — Монголия для нас один из главных партнеров. Именно с Монголией мы видим перспективу выстраивания отношений, и один из главных элементов — это подготовка учителей, повышение их квалификации. Благодаря Ирине Владимировне (И.В. Бойко — руководитель проекта) и Николаю Егоровичу (Н.Е. Кутищев — заведующий отделением гуманитарно-эстетического образования) это направление у нас сейчас находится на подъеме, — отметил Константин Григоричев.

Эрхүүгийн их сургууль нь энэ жил 100 жилийг ойгоо угтаж буй бөгөөд 14 мянган оюутантай, тэдний дотор 34 орны мянга орчим гадаад элсэгчтэй олон салбар нэгжтэй томоохон сургууль юм. Манай төр нийгмийн зүтгэлтнүүд тухайлбал, Хорлоогийн Чойбалсангаас эхлээд томоохон эрдэмтэд тэр дундаа дэлхийд нэртэй түүхч,эрдэмтэн  Базарын Ширэндэв дайны хүнд жилүүдэд тус сургуульд эрдмийн дуу сонсож байснаар Эрхүүгийн их сургууль туйлын бахархаж дурсгалын самбар босгосон тухай энэ үеэр ярьж байсан.

Эрхүү, Улаан-Үд хотод манай улсын консулын газрууд үйл ажиллагаа явуулдаг. Батламж гардуулах ёслолын үеэр консулын газрыг төлөөлөн боловсрол, соёл хариуцсан зөвлөх н.Жаргалсайхан, эдийн засаг хариуцсан зөвлөх н.Батсайхан нар хүрэлцэн ирж үндэсний хэмжээний байгууллага болох БМДИ-ээс орос хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд ийнхүү анхаарч буйд баяр хүргэн амжилт хүсэж цаашид энэ төрлийн арга хэмжээг тогтмолжуулах, өргөжүүлэхэд Монгол улсын ГХЯ болон консулын газраас дэмжиж туслах болно гэдгээ мэдэгдэж байсан юм.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018