ХАМТЫН АЖИЛЛАГАА

Эрхүүд зорчсон тэмдэглэл-1

2018-08-30 15:43

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт ОХУ-ын “Русский мир” фонд болон Эрхүү хотын улсын их сургуультай хамтран ажиллаад тав дахь жилээ үдэж байна. Мөнхийн хөрш хоёр орноосоо бид холдон одохгүй нь тодорхой тул тэднээс суралцаж, хамтран ажиллаж  түүхийн олон нугачаанд түшиж тулж ирсэн билээ. Хойд хөршөө бүр ч эрхэмлэн “ах” хэмээн авгайлсаар олон жилийг үджээ. 

Монголын боловсрол  Орос улстай салшгүй холбоотой. Манай улсын хувьд анх 1942 оны 10 сарын 05-ны өдрөөс Монгол улсын их сургуульд орос хэлийг зааж эхэлсэн түүхтэй ч тэрнээс өмнө 1900 оноос эхлэн Орост боловсрол эзэмших орос хэлийг сурах үйл явц эхэлсэн гэдэг. Их гүрний энэ агуу баялаг хэлээр өнөөдөр дэлхий дээр 145 сая  ярьж байна.

Дэлхийн их гүрний нэг ОХУ-ын төрийн бодлого ч хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх тал дээр нэгдсэн бодлого баримталдаг бөгөөд үүнд тус улсын ерөнхийлөгчийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Русский мир” сан чухал үүрэг гүйцэтгэж өөрийн улсын хот бүрд салбараа нээхийн зэрэгцээ алс холын Африк тивээс эхлээд хөрш зэргэлдээ Монгол улсдаа хүртэл хүрч ажилладаг аж.

Тус сангийн төлөөлөгч, Эрхүүгийн их сургуулийн хоёр багш жил бүр БМДИ-ийн урилгаар манай улсад хүрэлцэн ирж ЕБС-ын багш, ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн орос хэлний ангийн багш нарт хичээл ордог. Мөн БМДИ-ээс жил бүр зуны сургалтад ЕБС-ийн багш нараа илгээдэг уламжлалтай. Энэ жил 19 аймаг сумын төлөөлөл багш нар 8 сарын 19-26-ны өдрүүдэд Эрхүү хотод сургалтад хамрагдлаа.

Бидний аялал Улаанбаатар-Алтанбулаг-Хиагт-Улаан-Үд-Эрхүү гэсэн маршрутын дагуу явагдав. Зохион байгуулагч талууд тус сургалтын зохион байгуулалт унаа, байр сургалтын зардлыг хариуцдаг. 1200 км туулан очиход Эрхүү хот биднийг үзэсгэлэнт байгаль, 24 хэмийн дулаан, чийглэг цэвэр агаараар угтан авсан. Буриадын нийслэл Улаан-Үд хотоос хойш 460 км давхихад замд жижиг хот тосгонууд үргэлжилсэн их ой, бас үзэсгэлэнт  Байгаль нуур нүд баясгана.  Замын ажил хаа сайгүй явагдаж байнга замаа шинэчлэн засварлаж толь шиг тэгш, өргөн замаар явах нь сайхан бас тэмдэг тэмдэглэгээ нь алхам бүрт хаашаа хэрхэн хэдэн км-ийн хурдтай явахыг хэлж өгнө. Эрхүү хот 1 сая хүн амтай, аялал жуулчлал сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа Сибирийн том хотуудын нэг. Насаар манай Улаанбаатартай үе тэнгийн. ОХУ-ын хувьд хил орчмын чухал хотуудын нэг. Энд хятад, узбек, армен буриад гээд олон яс үндэстнүүд суурьшин амьдрахын зэрэгцээ, голдуу  Ази-Европын чиглэлд хоёр талаас дамжин өнгөрөх жуулчид түм бумаараа. Дэлхий улам бүр хавтгайрч даяршиж байгааг Сибирийн захын нэг хотоос олж харах мэдрэмж сонихон.

Улаан –Үд хотыг Итгэлт хамба гэгээнтний дацан “тэжээж” буйтай адил Эрхүү хотыг Байгаль нуурыг зорьсон жуулчид, тэдгээрийг дагасан бизнесменүүд сүүлийн хэдэн жилүүдэд сүрхий хөгжүүлсэн нь илт.

Сургалт руу эргэн ороход орос хэлний багш нар сумандаа голдуу сумандаа ганцаараа орос хэлээ заадаг Монголдоо их дээд сургууль төгссөн, англи орос хэлний хосолсон багш нар байсан. Тэдэн дундаас Орост сурсан ганц нэгхэн ахмад багш байсан нь орос хэлийг орчинд нь сурах уламжлал алсран одсоныг харуулж байлаа. Хэл гэдэг тун онцлогтой зүйл гэдгийг миний бие 10 гаруй жилийн өмнө ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг төгссөн хүний хувьд бага сага гадарладаг билээ. Хэл хэрэглээ байхгүй, хэлний орчин үгүй бол мартагддаг. Хэчнээн сайн өөрийгөө хөгжүүлж ном уншиж интернет ухаад ч, тэр хэл дээр ярихгүй бол дуудлага бохирдож, үгсийн сан ядуурна. Ийм асуудал бүх багш нарт маань тулгарсан байсан. Оросын хил даваад эхний өдөр үгсээ сэргээж, хоёр дахь өдөр өгүүлбэрээ төгс дуусгах гэж хичээж, гурав дахь өдрөөс илүү баялаг ярих гэж мэрийж, дөрөвдэхь өдрөөс арай олон асуулт тавих гэж зүтгэсээр сургалтын хугацаа өндөрлөсөн.  

Сургалтын төгсгөлд бүгд л дахиад нэг сар болсон бол чөлөөтэй ярих байлаа гэцгээж ахмад багш нар нь арай залуудаа ирэх байж гэсэн бол залуу багш нар ийм төрлийн сургалтад давтамжтайгаар хамрагдаж байвал сайнсан, өөрийгөө голлоо сурах хөгжих зүйл их байна хэмээж байсан юм. Дан ганц танхимд суугаад хичээллэхээс гадна нийтийн тээврээр зорчих, худалдаа наймааны газраар явах, музей үзвэр үзэхдээ хүртэл хэлнийх нь орчинд байж, орос хэлийг хэрэглэж байсанд энэ сургалтын давуу тал оршино. Нөгөө талаас соёлын солилцоо гэж харж болно. Дэлхийн улс орон үндэстэн ястан бүр харилцаанаас эхлээд хооллолт ахуйн соёлын ойлголт янз бүр. Орос хэлний багш хүн орос ахуйг жоохон ч гэсэн гадарлаж байж хичээлээ илүү сонирхолтой “амьд” заах юм байна гэдгийг мөн анзаарч явлаа.

Үргэлжлэл бий

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018