ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дэлхийн иргэний боловсрол судалгааны төвийн сургалтыг Монголын багш нарт зохион байгуулж байна

2018-08-06 14:50

Дэлхийн иргэний боловсрол, судалгааны төв нь багш нарын багшлах ур чадварыг нэмэгдүүлэх, боловсролын байгууллагаар дамжуулан гэрэл гэгээтэй орчин бүрдүүлж хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих зорилготой олон улсын боловсролын хамтын ажиллагааны БНСУ-ын төрийн бус байгууллага юм.

Тус төв нь  багш нарын тасралтгүй хөгжлийг хөхүүлэн дэмжих, боловсролын байгууллагуудад боловсролын соёлыг дэмжих, багш нар хамтдаа суралцаж туршлагаа харилцан солилцох, дэлхийн иргэний боловсрол болон дэлхийн боловсрол соёлын байгууллагын хөгжлийн төлөө хамтарсан хөтөлбөр төлөвлөгөөний судалгаа хийх, соёл,  боловсролын хөгжилд чиглэсэн олон улсын хэмжээний үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон боловсролын байгууллагууд хооронд глобал боловсролын сүлжээг бий болгохыг эрмэлздэг.

Монгол Улсын Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Захирал Д.Сүрэнчимэг өнөөдөр тус байгууллагын төлөөлөл багш нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Манай байгууллага багшийн хөгжил тасралтгүй үргэлжлэх ёстой гэдэг зарчим дээр үндэслэн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд олон улсын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх, туршлагаа харилцан солилцож  хамтран ажиллах  эрэл хайгуулыг байнга хийж байдаг. Дэлхийн хэд хэдэн улс тэр дундаа БНСУ-ын боловсролын салбарын олон байгууллагуудтай багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр бид идэвхтэй хамтран ажиллаж байна. Дэлхийн иргэний боловсрол  судалгааны төвөөс зохион байгуулж буй энэхүү сургалт нь Монгол улсад хоёр дахь удаа зохион байгуулагдаж байна. Сургалтын төгсгөлд та бүхэн үнэтэй санал , сайжруулах арга зам боломжийн талаар дахин санал солилцох болно” гэлээ.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Дэлхийн иргэний боловсрол, судалгааны төв хамтран зохион байгуулах энэхүү сургалт нь наймдугаар сарын 07-ноос 10-ны өдрүүдэд дөрөв хоног үргэлжилэх ба дэлхийн иргэний боловсролын онолын суурь, бага ангийн сурагчид ирээдүйн мэргэжил сонголт хийхэд багш нар хэрхэн туслах мөн бага ангийн сурагчид ном үр дүнтэй унших арга зэрэг агуулгууд багтсан.  Сургалтын багшлах бүрэлдэхүүнд  БНСУ-ын Дэлхийн иргэний боловсрол, судалгааны төвийн захирал, Сөүл Гунён , Сөүл Сангён,  Сөүл Жүнпён,  Сөүл Чоннян зэрэг сургуулийн багш нар байна.

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018