ХАМТЫН АЖИЛЛАГАА

Олон улсын оюутнуудын үнэлгээний хөтөлбөр / PISА /-д бэлдэж эхэллээ

2018-06-11 12:46

Монгол улс 2021 онд PISA-д нэгдэнэ. Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр буюу /PISА/ нь Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-гийн гишүүн орнуудын сурагчдын суурь боловсрол эзэмших чадварыг гурван жилд нэг удаа үнэлдэг систем юм.

PISА  нь гишүүн орнуудын сурагчдын чадварын талаарх найдвартай, тогтмол мэдээллийн сан үүсгэх арга, хэрэгсэл гэж OECD үздэг бөгөөд “PISА  шалгалтын зорилго нь сурагч суурь боловсрол эзэмшсэний дараа сурсан мэдлэг, боловсролоо бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж, нийгэмтэй хир зохицож амьдрах чадвартайг үнэлэхэд оршдог” гэж байна.

Энэхүү шалгалтад манай улсын 15-16 насны сурагчид оролцож математик, байгалийн ухаан, унших чадварын хичээлээр бид дэлхийн хаана яваа, сурах арга барилын хувьд ямар болох, ирээдүйд тулгарах аливаа хүндрэл бэрхшээлийг хэрхэн давах туулах, багаар болон ганцаарчилж ажиллах чадвар зэргээ олон талаас үнэлүүлэх юм. Мөн Монгол улсын боловсролын тогтолцоо болон бидний хөгжлийн замналд нь нэг талаас дүн тавих том сорил хэмээн мэргэжлийн байгууллагууд харж байна.

Монгол улсын Засгийн газар болон боловсролын салбар энэхүү том зорилтдоо бэлдэж эхэллээ. БСШУСЯ, НИТХ, БМДИ хамтран “PISA олон улсын үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйн сургалт”-ыг 6-р сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг Герман улсын Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн тэргүүн профессор Берн Майер удирдан явуулна. Сургалтад БМДИ, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар болон ЕБС-ын багш нарын төлөөлөл 50 хүн хамрагдаж үндэсний хэмжээний чиглүүлэгч багш нар болон бэлтгэгдэх юм. 

PISА  нь боловсролын систем нийгэмд ямар үр дүн гарч буйг харьцуулж, жагсаадаг гэж өмнө тайлбарласан.

Түүнчлэн сурах арга барил, ар гэрийн мэдээлэл зэргийг уг асуулгад багтааснаар оролцогч нь нийгмийн амьдрал, эзэмшсэн мэдлэг хэрхэн уялддагийг судлаачид тодорхойлох нөхцөл бүрддэг.

PISА  нь дэлхийг улам бүр нээлттэй болгоход хувь нэмэр оруулж болвсролын бодлогыг сайжруулах, шинэчлэх, бодлогын түвшинд өөрчлөлт оруулах замаар боловсролын шинэчлэлийг дэмжих, олон улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн сэргээхэд эерэгээр нөлөөлж байна гэж үздэг.

Дүгнэж хэлэхэд хэдийгээр PISА -гийн судалгаа сул талтай ч гэсэн улс орнууд бодлогын түвшинд боловсролын системээ сайжруулахад шаардлагатай мэдээлэл, судалгааг гаргадаг бөгөөд үүнийг нь судлаачид, эрдэмтэд, хувь хүнд нээлттэй байдаг. 

Ерөнхийдөө, PISА  бол боловсролын түүхэн хамгийн хэрэгцээтэй сэдвийг хөндсөн, олон талт судалгаа бөгөөд PISА -гийн судалгаагаар дэлхийн бүх улс орнууд боловсролын талаар баримтлах бодлогоо өөрчлөх цаг үеийн шаардлага бий болсныг харуулж байна. Хэдийгээр PISА -гийн судалгааны үр дүнд үндэслэж боловсролын салбарын бодлогод өөрчлөлт оруулах нь эрсдэлтэй мэт боловч улс төрийн арга хэрэгсэл болгож ашиглах нь зохисгүй гэдгийг бодууштай юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018