БАГШ ЯРЬЖ БАЙНА

Ж.Болормаа: Багш, эцэг эх, сурагчид гурвалсан гэрээгээр хамтарч ажиллана

2019-09-05 12:39

Жил бүрийн 9 сараас  эхлэн сургууль, цэцэрлэг тойрсон асуудал болон багш нарын мэргэжил, ажиллах ур чадвартай холбоотой эцэг эх, сурагчдын санал гомдол, хүсэлт байнга гарч эхэлдэг. БСШУСЯ-наас жил бүр арга хэмжээ авч, тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ оны хичээлийн эхнээс хэрхэн, ямар хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах талаар БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормаатай ярилцлаа.

-Сурах явцад хүүхдийн бие даах чадвар сайжирч байгаа хэдий ч эцэг эхийн хараа хяналт муудаж байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Энэ нь хүүхдийн сургалтад ямар нөлөө үзүүлж байна вэ?

-1990 оноос өмнө сургууль, эцэг эх, багш хамтран хүүхдийг хүмүүжүүлж сургадаг байсан бол өнөөдөр эцэг эх хүмүүжүүлж, сургуулийн зүгээс боловсролд нь түлхүү анхаарч сургадаг болсон. Харин өнөө үед эцэг эх, сургууль болон хүүхэд хамтарсан буюу “гурвалсан” гэрээтэй ажиллахараа боллоо. Сүүлийн үед эцэг эхчүүд өөрсдийн эзэмшсэн мэдлэг боловсролоороо хүүхдээ сургах гэж шаарддаг болсон. Жишээлбэл, хичээлээ хий, давт гэдэг шаардлагыг одоо үеийн хүүхдүүд хүлээж авахгүй. Өөрсдийн хийе гэсэн үедээ л хийнэ. Хүсэхгүй бол огт хийхгүй ч байж чадна. Тиймээс л ийм хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар багш эцэг эхчүүд бид хамтран ажиллаж тэдэнд тохирсон арга барилд суралцах хэрэгтэй байгаа юм. Эцэг эхчүүд өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй байна. Хүүхдийнхээ хажууд багш сургууль сургалтын байгууллагыг шүүмжлэхгүй, сургууль болон багш нарыг нь эерэг сайхнаар ярьж дэмждэг байх ёстой. Зөвхөн сургалтын байгууллагад хүүхдээ даатгаж болохгүй ээ. Багш сургуультай нь хамтарч хүүхдээ хүмүүжүүлж сургах хэрэгтэй.  

-Өмнөх боловсролын тогтолцоо Ардчиллыг бий болгосон гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн тогтолцоо ямар чиг хандлагатай байна вэ?

-Өмнөх боловсролын тогтолцоо мэдлэгийг хүнд олгодог байсан. Мэдэж байгаа юмаа заагаад шалгаад явсан. Өнөөдрийн боловсролын тогтолцоо мэдлэгээс чадварт, чадвараас амьдралд бэлтгэгдэх явдал юм.

-2019-2020 оны хичээлийн жилд багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр зориулсан ямар сургалтууд эхлүүлээд байна вэ?

-Манайх хуулинд заасны дагуу 1,5,10 жил ажиллаж байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэ жилийн сургалтын бүртгэл ес, аравдугаар сард явагдана.  Манай байгууллга энэ зун БНСУ-ын Жинжү их сургууль, Чүнчонбүг аймгийн боловсролын газартай хамтарч сургалтууд зохион байгуулсан. Энэ сургалтуудаар багш нарын хичээл заах дадлагын ажил явагдсан бөгөөд “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй”-н үндэсний хэмжээний сургалтыг “Боловсрол соёл шинжлэх ухааны спортын яам”, Боловсролын хүрээлэнтэй хамтарч зохион байгууллаа.

-Боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх сургалт ямар шатанд явагдаж байгаа вэ?

-Агуулгын давхардлыг арилгах, хөтөлбөрийн залгамж холбоог сайжруулах болон хүндрэлийг арилгах, суралцах үйлдлийн тоог цөөлөх, суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлж засах байдлаар өөрчилсөн. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга нийт 1240-н суралцахуйн зорилттой байсан бол 755 болгож 35,5-иар бууруулсан. Суурь боловсролыг 8,7-иар бууруулсан. Бүрэн дунд боловсролыг 9,2 хувиар агуулгын бууруулсан сайжруулалт хийгдсэн. Хөтөлбөрийн агуулга буюу зорилго зорилтыг сайжруулснаар үнэлгээний арга барил сайжирсан. Хөтөлбөр хэрэгжих нөхцөл боломж бий болсон гээд олон давуу талууд нэмэгдсэн.

-Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна вэ?

-Өөрөөр хэлбэл хөтөлбөрийг сурагчдын тодорхой чадамжуудад буулгасан. Мөн сурагчдын чадамжийн хүрээнд байхаар шинэчилж өгсөн. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд тохируулга хийгдсэнээр сургалтын чанар сайжирна.Сургалтын хөтөлбөр 1921-оос хойш 20, 10  жилийн давтамжтай, 1998-оноос 4-5-6 жилийн давтамжтай өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдсөн нь багш, эцэг эх,  сурагчид хөтөлбөрөө ойлгохгүйд хүрч байсан.

-Сургалтын хөтөлбөр богино хугацаанд өөрчлөгдөөд байгаагийн шалтгаан юунд байгаа вэ?

-Монгол улс дэлхийд арван жилийн тогтолцоотой цөөхөн орны нэг байсан. Гэтэл 10-12 жил рүү шилжилт хийхийн тулд ойр ойрхон өөрчлөх шаардлага гарсан. Дараа нь Олон Улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль болохын тулд шинэчлэлт зайлшгүй хийх болсон. Ингээд ойр ойрхон хөтөлбөрөө өөрчлөхөөр багш, эцэг эхчүүд ойлгохгүй болж сургуулийн менежмент, багшийн заах арга зүй хаягдсан. Тиймээс хөтөлбөрт сайжруулалт тохируулга хийх хэрэгтэй болж хэлэлцүүлэг судалгаа явуулсан. Үүний үр дүнд БСШУС-ын сайдын А/419 тушаал гарсан нь цаг үеэ олсон тушаал болсон юм. Хөтөлбөрийн сайжруулалт хийхдээ багш, сурагч, сургалтын байгууллагын санал асуулга хэлэлцүүлэг судалгаан дээр үндэслэж дараагийн хөтөлбөрийн сайжруулалтыг тодорхой хугацааны дараа үе шаттай хийх ёстой.

-Одоо хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр ойрын 10 жилд өөрчлөхгүй гэж ойлгож болох уу? Мөн шинээр тохируулга хийх боловсролын хөтөлбөрийг одооноос судалж эхлэх үү?

-Хөтөлбөрийг цаг үетэй нь нийцүүлж сайжруулалт хийж байх ёстой. Хэрвээ өөрчлөхөөр бол дараагийн 10 жилд хийх судалгаан дээр үндэслээд явагдана. Хөтөлбөрийн өөрчлөлт бол дэлхийн боловсролын бодлогын чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилт, дэлхийн иргэний боловсрол, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, төрөөс боловсролын талаарх баримтлал гэсэн үндсэн суурь бичиг баримтууд дээр үндэслэн өөрчлөлт хийгддэг. Боловсрол дампуурлаа, олон дахин хөтөлбөр өөрчлөгдлөө гээд хүмүүс шүүмжлээд байгаа боловч үгүй юмаа. Хөтөлбөр өөрчлөгдөхгүй тохируулга, сайжруулалт хийгдсэн. Төрөөс боловсролын талаарх баримтлах 2014-2024 он гэсэн үндсэн суурь бичиг баримт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн суурь үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэж байна. Хөтөлбөр тогтвортой бол сургалт сайжирч сургалтын чанар сайжирна. Үүнийг дагаад боловсон хүчин, Боловсролын залгамж холбоо тогтвортой болно.

-Багш нарын мэргэжил дээшлүүлэхэд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Багш хүн бэлэн сургалт, мэдээллээр амьдрах учиргүй. Өнөөдрийн хүүхдүүд мэдлэгтэй болж байна.Тухайн хүүхдийн онцлогт тохируулж, мэдэж байгаа зүйлийг нь чадваржуулж, амьдралд хэрхэн хүргэх боломжтой болохыг багш чиглүүлж, зааж өгч байх ёстой. Тэгэхээр багш өөрөө хүүхдээс илүү мэдлэг чадвартай байх шаардлага гарч байна. Дараа нь багш өөрөө хандлагаа өөрчлөх ёстой. Багш хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхдэд хэрхэн хүргэх арга барилаа бие дааж эзэмших хэрэгтэй. Манай Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь багшийг давтан сургахаас гадна боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжиж ажилладаг байгууллага юм. Өнөөдрийн нийгэм биднээс мэдлэг чадвар, хандлагаа өөрчлөхийг хүсч байна. Тиймээс багш хүн хүүхдээ судалж ойлгох, хүүхэд бүрийнхээ онцлогт тохирсон агуулга, заах арга зүйг өөрөө эзэмших хэрэгтэй. Мөн сургалтын хөтөлбөрөө сайн ойлгож ээлжит болон нэгж хичээл дээрээ буулгаж хүүхдийнхээ онцлогт тохируулж чиглүүлэхээс гадна багш насан туршдаа тасралтгүй хөгжих ёстой.  

-Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд ямар сургалтууд зохион байгуулав?

-Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас 30-ны хооронд Үндэсний хэмжээний 44 мянган багшийг сургалаа. Ингэж сургахын тулд 545 багшаа судлагдахуун бүрээр нь бэлтгээд үндэсний хэмжээнд 50-60 баг ажиллуулж, багшид нэг бүрчлэн хүргэж ажилласан. Энэ бол зөвхөн багш нарийн хүрээнд. Саяхан сургуулийн удирдлагуудад зориулсан 1-5 өдөр сургууль дээр уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалтын менежмент ямар байхыг заасан. Үлдсэн хугацаанд  захирлуудтай хамтран ажиллана. Мөн 9-р дүгээр сарын 10-ноос эхлээд үндэсний хэмжээний сургалтыг менежерүүд, цэцэрлэгийн арга зүйч нарын хүрээнд явуулна. Ингэснээр бидний сургалт  цогц болох юм.

Ярилцсанд баярлалаа.

Мэдээллийн эх сурвалж: Улстөрч.мн

https://ulsturch.mn/article/28038?fbclid=IwAR0k2YKXgL_1TFhrEJndb4e8tnXkTkjgaV29bR56HCUwbjoPrz9SIpsPrRk

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6569
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 37922
  • Энэ сард 135805
  • Нийт 267420

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019