БАГШ ЯРЬЖ БАЙНА

Илтгэл бичих арга зүй илтгэх чадвар

2019-08-12 13:48

Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж, сонсгох зорилгоор бэлтгэсэн бичвэрийг илтгэл гэнэ.

Хичээлийн судалгааны хуралд ирүүлсэн илтгэлүүдээс харахад дараах бүлэг алдаа дутагдал нийтлэг гарч байна. Үүнд:

Судалгаатай холбоотой нийтлэг алдаа:

  • Зарим илтгэлийн сэдэв нуршуу, ойлгомжгүй
  • Судалгааны асуудлыг олж харах, тогтоох, томьёолсон нь учир дутагдалтай
  • Судалгаанд ашигласан арга цөөхөн, асуулгын арга зонхилсон
  • Судалгааны үр дүнд боловсруулалт хийгээгүй, баталж нотолсон баримт, тооцоо дутмаг
  • Судалгааны үр дүнг хүүхдэд гарсан өөрчлөлтөөр биш зөвхөн багшийн амжилтаар дүгнэсэн (Оны тэргүүний багш болсон г.м)
  • Хамтын хичээл гэдгийг дидактикийн, хөтөлбөрийн талаас бодолцохгүй хэт хавтгайруулсан, суралцахуйн үндсэн зорилтоос хазайсан
  • Дүгнэлт нь баримт нотолгоонд үндэслээгүй, сэтгэгдлийн шинжтэй, өөрийн болон бусдын гаргасан санаа аль болох нь тодорхойгүй, бүх ажил дууссан, ямар ч бэрхшээл, сул тал байхгүй, шууд үр дүнд хүрсэн мэтээр тайлагнасан
  • Судалгаанд шинжлэх ухаанчаар хандаагүй (Сэдэвтэй холбоотой ухагдахуун, ойлголт, мэдлэгийг шинжлэх ухааны үндэстэй ойлгоогүй.)

Дээр дурдсан алдаа дутагдлыг засахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:

Судалгаа хийсэн үндэслэл, дэвшүүлсэн асуудлыг оновчтой тодорхойлох:

Аливаа шинжлэх ухаан нь судалж буй обьектынхоо мөн чанар, зүй тогтлыг нээж илрүүлэхэд чиглэгдсэн тодорхой зорилготой байдаг. Багшлахуйд тулгарсан асуудал, бэрхшээл нь судалгаа хийх үндсэн шалтгаан юм. Асуудлаа зөв тодорхойлбол судалгааны ажлын үр дүн эерэг гарна. Асуудал болгон судлагддаг зүйл биш.  Сэдэвтэй холбоотой асуудалд шинжлэх ухаанчаар хандах:

Тухайлбал, хичээлийн судалгаа, бэлтгэл судалгаа, судалгаат хичээл, хичээл, сайн хичээл гэсэн ойлголт, ухагдахууны талаар зөв, нэгдсэн ойлголттой байх, судалгаа болон илтгэлд хэрэглэгдэж буй нэр томьёо бүрийг сайтар ухаарч ойлгох, өөртөө тайлбар хийх шаардлагатай.

Судалгааны аргыг хослуулан хэрэглэх: Судалгаа хийхдээ тоон ба чанарын судалгааны аргыг хослуулан хийхийн зэрэгцээ орчин үеийн тодорхой, шинэлэг аргуудаас хэрэглэх шаардлагатай. Арга бүр харьцангуй биеэ даасан байхын зэрэгцээ бие биеэ үгүйсгэдэггүй, харин нөхцөлдүүлж, нөхөн гүйцээнэ. Судалгааны арга нь ямар тохиолдолд, ямар нөхцөлд, ямар хэлбэрээр яаж хэрэглэснээрээ ялгагддаг.

Судалгааны үр дүнд боловсруулалт хийх: Судалгааны үр дүнг тооцоход баримт нотолгоо хомс байвал дүгнэлт нь үндэслэл муутай болно. Иймд сургалтын үйл явцад ажиглалт хийж, түүнийхээ учир шалтгааны холбоог туршиж судалдаг. Судалгааны үр дүн шалгагдан батлагдсан байх ёстой. Гарааны төлөв байдлын судалгаа ба эцсийн өөрчлөлтийг илрүүлэх шалгуурыг тодорхойлж, тэдгээрийн харьцуулалтаас хүүхдийн хөгжил, өөрчлөлтийн талаар баримт гаргах боломжтой.

Судалгаагаа илтгэл болгон хэлбэршүүлэх: Илтгэлийн бүтэц, бичвэр, танилцуулгыг шаардлагын хийнэ. Эшлэл зүүлт хийдэг тогтсон хэд хэдэн стандарт байдаг. Түгээмэл хэрэглэдэг “APA Style”-ийн стандартыг ttp://flash1r.apa.org/apastyle/basics/ data/resources/ sample-references2.pdf болон http://www.apastyle.org/learn/in­dex.aspx хаягаас үзэж болно.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019