БАГШ ЯРЬЖ БАЙНА

Нийгмийн ажилтан хүүхдийн дотны зөвлөгч, туслагч мөн

2019-05-31 15:38

Зохиолч Л.Толстойн “УУРАНДАА ЭХЭЛСЭН АЖИЛ ИЧГЭВТРЭЭР ДУУСДАГ” гэдэг үгийг байнга санаж

явахад ч илүүдэхгүй.

Н.Баянбат Сургуулийн нийгмийн ажилтны үндэсний сургагч багш, клиникийн профессор

Монгол улс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орж, хүүхдийн эрх ашгийг төрийн зүгээс онцгойлон анхаарч хамгаалах үүргийг дэлхийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн өмнө хүлээсэн. Энэхүү түүхэн үйл явдал нь пионерын байгууллагыг өөрчлөх, хүүхдийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллагыг шинээр үүсгэн байгуулахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Нийгмийн ажилтныг зарим хүмүүс өмнөх нийгмийн олон нийтийн ажилтай хольж хутган, хүн бүрийн хийж чаддаг ажил гэж үзэх хандлага байсаар байгаа. Тийм биш. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь итгэл үнэмшил, мэргэжлийн үнэт зүйлс дээр тулгуурладгийг хэлэхэд илүүдэхгүй. Хүмүүнлэг ардчилсан нийгэмд иргэд, хүүхэд багачуудаа ямар нэг бэрхшээл, зовлон тохиолдох үед түүнийг даван туулахад нь туслах төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс үйлчилдэг. Тэдний нэг нь мэргэжлийн нийгмийн ажилтан юм.

НИЙГМИЙН АЖИЛТАН ГЭДЭГ НЬ ХҮНД ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Сургуулийн нийгмийн ажилтнууд сурагчдын суралцах явцад тулгарах бэрхшээлийг даван туулах, тэдний сурах чадварыг нэмэгдүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн юм. Нөгөө талаас төрөөс үнэ төлбөргүй санал болгож байгаа боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүртээмжтэй, чанартай хүргэхэд тусалдаг хүмүүс юм.

Эхийн нинжин сэтгэл зайлшгүй үгүйлэгдэх энэхүү ажил үйлчилгээнд өмнө нь пионерын ахлах удирдагч, хүмүүжлийн эрхлэгч зэрэг алба хашиж байсан багш нар эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ханцуй шамлан орсон. Шинэ юм бүхний эхлэл хэцүү байдаг. Хэцүүгээс үл шантран хичээцгээсэн. Хичээл, зүтгэлийн үр дүнд багш нар хүүхдийн эрхийг дээдлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийг сургуульдаа ирдэг болгох, тэдэнд халамж үйлчилгээ үзүүлэх зэрэг урьд өмнө сургуулийн амьдралд байгаагүй цоо шинэ арга барил, ур чадварт суралцаж, эцэг эх нь сургуулийн амьдралд илүү их оролцдог болсон юм. Ингэж нийгмийн ажилтан “Хүүхэд, багш, эцэг эхийн хооронд гүүр болж чадах хүн” гэдгээ харуулсан. Мөн ХҮҮХДИЙН ДОТНЫ ЗӨВЛӨГЧ, ТУСЛАГЧ нь болж чадсан юм.

Одоо эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж дутагдаж, амьдралд хөл алдах гээд гундуухан яваа хүүхдүүд сургууль дээрээ ирээд, алгаа тосоод авах “Аав ээж”-тэй болсон байна. Хичээлээ тараад хэд хоногоор ч хамаагүй тоглочихдог, хэнтэй ч хамаагүй хэсүүчлээд явчихдаг хүүхдийг хаа нэгтээгээс олоод, халамжилдаг “Эзэн”-тэй болсон байна. Хүүхдийн эрх зөрчигдөж буй үйлдэл бүрт анхаарч, асуудалтай хүүхэд бүрт халамж үйлчилгээ үзүүлдэг дотны зөвлөгч, туслагчтай болсон байна. Энэ хүмүүс бол сургуулийн нийгмийн ажилтан, багш нар юм.

Сургуулийн нийгмийн ажилтанд гарын үсэг зураад шийдэх хөрөнгө мөнгө байхгүй. Гэвч түүнд мэргэжлийн нөөц боломжоо ашиглавал асар их боломж байгаа. Эрх мэдэл ч байгаа. Хамгийн наад зах нь нийгмийн ажлын мэргэжилд “Өөрөө өөрийгөө ашиглах” (Use of Selt) гэж чухал зүйл байдаг.

Сургуулийн нийгмийн ажилтан үйл ажиллагаагаа өөрөөсөө, бүр тодруулбал өөрийгөө өөрчлөхөөс л эхлэх учиртай. Та мэргэжилдээ шударга хандаж, “Би энэ ажлыг хийхэд хангалттай бэлтгэгдсэн” эсвэл “Цаашид чин сэтгэлээсээ биеэ дайчлан суралцаж, хүүхдийн төлөө үйлчилж чадна” гэж үзэж байгаа бол энэ ажилд айлтгүй орох хэрэгтэй. Таны үйлчлүүлэгчид бол тусламж дэмжлэг шаардлагатай хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч гэдгийг байнга санаж, тэдэнд туслахад хэр бэлэн байгаагаа цэгнэж үзэхэд гэмгүй. Түүнээс гадна аливаа өөрчлөлтийг төлөвлөх ба санал болгохдоо “Миний үйлчлүүлэгчийн хэрэгцээ санал уу, миний санал бодол уу?” гэдгээ байнга ялгаж, салгаж байх учиртай. Энэ нь үйлчлүүлэгчээ хүндэтгэж, тэднийг чадваржуулах эхний алхам юм.

Хүүхэд гэнэн томоогүй учир алдаж эндэх нь олонтоо. Хүүхдийн гаргасан алдаа дутагдлын хор уршиг, сөрөг нөлөөллийг ухааруулах, учирлан тайлбарлах аясаар хандах нь нийгмийн ажилтны эзэмшвэл зохих ур чадвар мөн. Ингэхийн тулд тэдэнтэй дотно харьцаа үүсгэх нь чухал. Дотно болохын тулд эхлээд дотносох хэрэгтэй. Өхөөрдөх, толгойг нь илэх, гар барих зэрэг үйлдлийг хослуулж, аль болох халуун дулаанаар угтах, найз нөхдийн ёсоор харьцаж, инээмсэглэл бэлэглэн, дотно яриа өрнүүлэх, хүүхэд “Чи сайн хүүхэд” гэж хэлүүлэх зүйл хийгээгүй ч “Чи сайн хүүхэд”,”Чи чадсан”, Чи одоо бүр сайн чадах болно” гэж хэлэх. Ийм дотно харьцаа нь хүүхдийн гуниг тээсэн сэтгэлийг баярлуулдаг. Нийгмийн ажилтан дотно харьцаа үүсгэх явцдаа тэр хүүхдэд ямар нэг зүйл амласан бол түүнийгээ заавал биелүүлэх ёстой.

Хүүхдүүдийн дунд тоглон наадаж, инээлдэн хөгжих нь тэр хүүхдийн зан чанар болоод ямар үйлчилгээ шаардлагатай болохыг мэдэж, бие биеэ бүрэн гүйцэд танихад хамгийн сайн арга.

Халамж үйлчилгээ шаардлагатай хүүхэд магтаал, урмын үгийг их үгүйлдэг тул тэдэнд урамшиж, урагшаа тэмүүлэх үгсийг харамгүй хэлж байх хэрэгтэй. “Сайн байна”, “ Маш сайн байна”, “Үнэхээр сайн болж шүү”, “Бүүр сайн болсон байна”, “Гайхалтай”, “Чи улам л сайжирч байна”, “Би чамаар бахархаж байна”, Чамтай байх хөгжилтэй байлаа шүү”, “ Чи үнэхээр хариуцлагатай хүүхэд байна”, “Их гоё арга олсон байна, баяр хүргэе” гэх мэт хүүхдийн урам сэргээсэн үг хэлэхэд нийгмийн ажилтанд тийм хэцүү биш.

Энд аав хүний үр хүүхдээ үгийн сайхнаар хүмүүжүүлсэн нэгэн жишээ байна.

Жаахан буруу эрхэлсэн нэг хүү өглөө хичээлдээ явахаас залхуураад ес, арван цаг хүртэл унтчихдаг байж. Эцэг эх нь үглэж яншаад, сүүлдээ зодож жанчаад ч хүч хүрсэнгүй. Хүү эцэг эхээ зодох тусам улам гөжөөд, тэдэнд өширхөөд байж. Нэг өглөө эцэг нь хүүдээ хандаж “Миний хүү адуу шиг унтаж, шувуу шиг сэрж бай” гэж хэлээд духан дээр нь үнсжээ. Мань хүү аливаа юмны учрыг эргэцүүлэн боддог нэгэн байсан тул эцгийнхээ хэлсэн үгний утгыг олох гэж оролджээ. Тэгээд адуу зогсоогоороо унтдаг, шувуу эртэч амьтан гэдгийг ойлгож мэдээд, эцгийгээ хүндлээд зогсохгүй “Адуу шиг унтаж, шувуу шиг сэрж” эхэлжээ. Ер нь утга учиргүй үглэж янших нь хүүхдийг залхаадгийн жишээ энэ. Нөгөөтэйгүүр ардын билэг оюунаас ундарсан утга гүнзгий, ухаарал хайрласан үг хэллэгийн ид шид ямар хүчтэй байдгийн илрэл юм. ажилладаг, тэр тусмаа эрсдэл бүхий хүүхэдтэй ажилладаг нийгмийн ажилтан та хэрэв уур бухимдалтай яваа бол түүнийгээ сургуулийн хаалганы гадна орхиод орох хэрэгтэй. Би нэгэнтээ “Уур бухимдал нь хүчирхийлэл дарамтын төрсөн эцэг мөн” гэж бичиж байснаа санаж байна. Таны уур эмзэг бүлгийн эрсдэл бүхий хүүхдэд хэзээ ч сайн сайхныг авч ирэхгүй. Яагаад гэвэл уур ухааныг таглачихдаг юм гэнэ лээ. Уурласан хүн хичээн тэвчиж байвч хүүхдэд зөв сургамж хэлж, зөв үйлдэл үзүүлж чадахгүй. Тэгэхээр сургуулийн хүүхдийн дэргэд уурыг тэвчих л хэрэгтэй болж байна даа.

Сургуулийн нийгмийн ажилтан сайн хүн байх ёстой. Сайн хүн гэж дэргэд нь байхад уужим амьсгаа авч болдог хүнийг хэлдэг. Таны дэргэд хүүхэд байна. Түүнд та зүрх сэтгэлээ зориулах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та яах ёстой вэ? Та өөрөө хүн чанарын дээд бай. Дэргэдээ байгаа хүүхдэд уужим амьсгаа авч, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өг. Энэ л таны эмзэг бүлгийн эрсдэлтэй хүүхдэд зориулах зүрх сэтгэл юм шүү. Ер нь тэгээд “Хүүхэд зангаа гээгээгүй хүн л маш сайн нийгмийн ажилтан болж чаддаг юм шүү” гэдгийг эцэст нь захья.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019